Нийгэм
Б.Төмөрчулуун: Энэ жил зөвхөн Баянхошууны 26 мянган өрх сайжруулсан нүүрс хэрэглэнэ

Хүйтний эрч чангарч, утааны улирал ирж байна. Засгийн газрын зүгээс 2019 оны тавдугаар сарын 31-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Тодруулбал, түүхий нүүрс хэрэглэхийг болиулж, сайжруулсан түлж буюу хагас коксжсон түлш хэрэглэнэ гэсэн юм. Энэ жилийн тухайд туршилт сорилын бүс байгуулан хагас кокжсон түлш хэрэглэхээр болжээ. Энэхүү бүсэд Баянхошууны найман хорооны 26 мянган өрх хамрагдах аж. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төмөрчулуунаас тодрууллаа.
-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 199.7 тэрбум төгрөгийн төсөвтэй агентлаг байгуулахаар төлөвлөөд байгаа гэсэн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Энэ бол огт шийдэгдээгүй асуудал. 199.7 тэрбум төгрөг гэдэг ч ирэх жилийн төсвийн төсөөлөл. Энэ төсөвтөө тааруулаад агентлаг байгуулах асуудал яригдаад байгаа. Хэрхэн шийдэгдэхийг сайн мэдэхгүй юм. Ер нь бол Орчны бохирдол хариуцсан хэд хэдэн газар байдаг. Эдгээр байгууллагыг нэгтгээд агентлаг болгоно гэж ойлгосон.
-Утааны улирал эхэллээ. Энэ жил утаатай хэрхэн тэмцэх вэ?
-Ирэх жилийн тавдугаар сараас эхлэн нийслэлийн иргэд түүхий нүүрсийг 100 хувь хэрэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Тодруулбал, Баянзүрхийн товчоо, 22-ын товчоогоор нүүрс ачсан нэг ч машин нэвтрэхгүй гэсэн үг. Багануур, Шарын гол, Алаг толгой гэх мэт уурхайнууд хэн нэгэн хүнд хувингаар, шуудайгаар, портероор, ачааны машинаар нүүрс зарахгүй болж байна. Хэрэв худалдвал буцаагаад явуулна. Бид түүхий нүүрсийг гадны оронд боловсруулаад, дээжийг нь авчирч шатааж үзэхэд маш сайн үр дүн гарсан. Тэгэхээр дараа жилээс энэ аргыг хэрэглэж үзнэ. Түүхий нүүрсийг боловсруулах, хагас коксжуулах үйлдвэр зөндөө бий. Энэ ажлын хүрээнд сайжруулсан түлш буюу хагас коксжсон нүүрсийг нэг жилийн хугацаанд хийсэн байх зорилт тавьж ажиллаж байна. Энэ жилийн хувьд Баянхошууны 7-8 хороог хамруулж туршилт сорилын бүс тогтоож, Улаанбаатарын утааны голомт болсон “Мон Лаа” компанийн орчмын айлуудад сайжруулсан түлш хэрэглүүлэх юм. Зөвхөн энэ туршилт сорилын бүсийн айлуудад нийт 80 мянган тонн сайжруулсан түлшийг хэрэглэхээр бэлтгэсэн байгаа. Мөн тэнд агаарын бохирдлыг бууруулж болох ямар арга хэмжээ байна. Тэр бүгдийг хэрэглэнэ. Айлуудын зүгээс хамгийн гол нь гэр, байшингаа дулаалж, дулаан алдахгүй байх ёстой.
-Ингэснээр Баянхошууны утаа хэдэн хувиар буурах тооцоо, судалгаа гарсан бэ?
-Урьдчилж хэлж мэдэхгүй байгаа ч бидний тооцоолсноор энэ бүсийн агаарын бохирдол нэлээд буурна гэж урьдчилж харж байгаа. Агаарын чанарыг явуулын болон суурин харуулаар байнга хянана. Тиймээс түлш хэрэглэж эхлэхээр дүн мэдээ гарна.
-Зөвхөн Баянхошууны айлууд сайжруулсан нүүрс хэрэглэлээ гээд утаа буурах уу. Бүх дүүрэг, айл өрх хэрэглэж байж л утаа буурах юм бишүү?
-Энэ жилийн төсөв мөнгөндөө тааруулаад зөвхөн Баянхошууны айлуудад сайжруулсан нүүрс хэрэглүүлэхээр болоод байна. Ирэх жил төсөвт батлагдвал Улаанбаатар хотын гэр хорооллын өрх бүр сайжруулсан түлш хэрэглэнэ.
-Сайжруулсан түлш гэхээр хүмүүсийн дунд нүүрсийг боловсронгуй болгодог л гэсэн ойлголт л байдаг. Чухам юуг сайжруулсан түлш гэж нэрлээд байна вэ?
-Сайжруулсан түлш гэдэг нь түүхий нүүрсийг маш чийг багатай, дэгдэмхий чанар бага, шаталт сайтай, бат бөх чанартай болгосон байдаг. Үүнийг хагас коксжуулсан нүүрс ч гэж нэрлээд байгаа юм. Түүхий нүүрс маш чийглэг байдаг учир уугиад утаа гараад байдаг. Тэгэхээр хагас коксжуулсанаар утаа гарах нь багасч байна гэсэн үг.
-Сайжруулсан түлш хэрэглэхээс өөрөөр агаарын бохирдлыг бууруулах ямар нэгэн төлөвлөгөө бий юу?
-Ирэх жилээс нэвтэрч болох технологиудыг энэ жил тогтооно. Жишээлбэл, утаа шатаагч тоног, төхөөрөмж хэрэгтэй юу, үгүй юу. Нийслэлд гурван мянган жижиг, дунд, том оврын уурын зуух байна. Энэ зуухуудад механик шүүлтүүр хэрэгтэй юу, химийн шүүлтүүр хэрэгтэй юу гэдгийг тогтооно. Энэ утаагүй, сайжруулсан түлш нь зуухтайгаа хэр хослох юм гээд судлах юм их. Зуух хэрэггүй гэтэл бүрэн шаталттай утаагүй зуух байвал “хэрэглэхгүй ээ” гээд буцаана гэж байхгүй. Тийм учраас сайжруулсан бүрэн шаталттай зуух хийж байгаа иргэд, байгууллагуудыг бид дэмждэгээрээ л дэмжиж ажиллана. Дараагийн чухал ажил бол нийслэлд 160 мянган жорлон, муу усны нүх байна. Үүний хаягдалыг яаж хэрхэн ашиглах вэ гэх асуудал үүссэн. Үүнийг цэгцлэх асуудлаар тендэр зарлаж, Германы компани уг тендэрийг авчихсан байгаа. Тэд тодорхой гудамж, айлуудын дунд үлгэр жишээ жорлонг бий болгох байх. Түүнийг бид 2019 оноос хэрэглэж эхлэнэ гэсэн үг.
-Энэ жил бүрэн шаталттай зуух тараана, тараахгүй гэх асуудал яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ жил зуух тараахгүй. Үнэхээр бүрэн шаталттай, утаагүй зуух нэвтэрвэл иргэд өөрсдөө худалдан авч болно. Улсын төсвөөр татвар төлөгчдийн мөнгөөр зуух худалдаж авахгүй.
-Бусад орны жишгийг харахад агаарын бохирдлоо хэрхэн бууруулж байна вэ?
-Манайх шиг гал түлж хоолоо хийнгээ дулаацдаг ард түмэн бараг байхгүй. Утаатай тэмцдэг орнууд дандаа цахилгаанаар шийдсэн байдаг. Цахилгаан хэрэглэж байгаа бүх үйлдвэрүүдийг цэвэр үйлдвэр гэж байна. Нэг дэлгүүр байсан ч цахилгаанаар халааж байна. Манайх шиг уурын зуух галладаггүй. Тиймээс бид түүхий нүүрс хэрэглэхээ л болих хэрэгтэй байна. Түүхий нүүрснийхээ бүтцийг нь өөрчлөөд сайжруулж, хагас коксжуулж бүрэн шаталттай зууханд түлвэл агаарын бохирдол буурахад гол түлхэц болж өгөх юм. Манайд агаарыг халуун болгон үлээдэг “эсрэг хөргөгч” гэх төхөөрөмж их үр дүнтэй байсан. 2017 онд долоон айл дээр туршсан. Энэ жилийн хувьд нэвтрүүлж байгаа компани нь туршилтанд хамрагдана гэвэл бид дэмжиж ажиллана. Энгийн хөргөгч бол гаднаас агаарыг шүүж аваад хүйтэн болгож цацдаг шүү дээ. Эсрэг хөргөгч бол тийм биш. Эсрэгээрээ дулаан агаарыг нэвтрүүлнэ гэсэн үг. Ер нь утаатай холбоотой шинжлэх ухааны ололт, амжилт маш их гарсан байдаг. Улсаас төсөв, мөнгө гаргаж хэрэглэхгүй.
-Улсаас хөрөнгө мөнгө зараад л жил бүр утааг бууруулах ажил төлөвлөөд, хийгээд байдаг. Гэтэл бодит үр дүн гардаггүй. Сайжруулсан түлш хэрэглэснээр үр дүн гарах болов уу?
-Улаанбаатарын цэлмэг тэнгэр эргэж ирнэ гэж боддог. Уг нь утаатай тэмцэнэ гэдэг хэцүү, боломжгүй зүйл биш. Гол нь санхүү, эдийн засгаа зөв зохицуулаад маш түргэн хугацаанд боловсруулсан түлшээ хийх л хэрэгтэй байна.
-Сайжруулсан түлшийг энгийн зууханд хэрэглэж болох уу. Эсвэл тусгай зориулалтын зуух байдаг уу?
-Зуухны төмрийн чанарыг сайжруулвал ямар ч зууханд хэрэглэж болно. Бүрэн шаталттай зууханд түлвэл бүр сайн. Сайжруулсан түлш хэрэглэх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын маш сайн ажил болно гэж харж байгаа.
Х.Соёл-Эрдэнэ

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм22 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм20 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм20 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм20 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа