Энтертайнмент
“Монголдоо хайртай” залуус нэгдсээр байна
“Монголдоо Хайртай” хандивын аян орон даяар эхэлсэн билээ. Аян эхэлснээс хойш 20 гаруй урлаг, соёл, спорт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, 10 орчим хамтлаг, продакшн, компаниуд дэмжиж байгаагаа илэрхийлэн орой бүрийн фэйсбүүкийн шууд дамжуулалтад оролцож дуу хоолойгоо хүргэсээр байна.
“Онцгой байдлын ерөнхий газар”, “Боловсрол суваг” телевиз, “On&Off” продакшн, “Max music entertainment”, “Увертюра” хамтлаг “Ard news” агентлаг, “Монголын сайтын холбоо” зэрэг байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлэн нэгдээд байсан бол “Мөрөөдлийн театр”, “Дижитал” хамтлаг, “Take off” хамтлаг, “Ice Top” зэрэг хамтлагууд “Монголдоо Хайртай” аяныг дэмжихээ илэрхийлээд байна.
“Монголдоо Хайртай” аяны санаачлагчдын зүгээс орой бүрийн 19:00 цагаас хандивын аяны талаарх мэдээллийг ARD News фэйсбүүк хуудас болон, “Монголдоо Хайртай” фэйсбүүк хуудсуудаар LIVE дамжуулалт хийж цацаж байгаа бөгөөд аяныг дэмжигчид мөн оролцож өөрсдийн дуу хоолой, санал санаачлагаа илэрхийлсээр байна.
“Аварга” дээд сургуулийн багш, Улсын начин, Спортын гавъяат дасгалжуулагч Б.Адъяахүү “Спортынхон, урлагийнхан хэн нь ч бай бидэнд нийгмийн хариуцлага байх ёстой. Цастай, зудтай жил ямар байдгийг би биеэрээ мэднэ. Тийм болохоор бид энэ аяныг дэмжиж байгаа. Спортынхон маань бүгд халуун гараа сунгаасай.” Хэмээн сэтгэлээ илэрхийлж байсан бол “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Эрхэмбаяр “Залуучууддаа нэг зүйлийг уриалмаар байна. Бид багадаа хэвлэл, сонин, зурагтаар мэдээлэл авдаг байсан. Одоо бол залуучууд дэлхийтэй мөр зэрэгцэн мэдээлэл авч байна. Дэлхийн хаанаас ч мэдээллийг авч байна. Буруу мэдээлэл рүү давалгаалхаас илүүтэй, зүрх сэтгэлээ үнэн зөв, сайн сайхан руу чиглүүлээд аяныг дэмжээсэй гэж хүсч байна. Уриалж байна. Монголчууд бид ямар сайхан сэтгэлтэй, сайхан ард түмэн билээ. Бид бүгд эх орондоо хайртай. Түүнийгээ харуулмаар байна хэдүүлээ.” гэж залуучуудаа уриаллаа.
“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрка “Хавар бүр л малчиддаа туслах, анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ жил коронавирусээс болоод дарагдаад байна. Коронавирус бол түр зуурынх. Бид ард нь гарч чадна, даваад гарна. Үүний дараа амьдрал хөврөнө. Бид хамгийн гол үндэс болох мал аж ахуйгаа мартаж болохгүй.” гэж байсан бол Чөлөөт уран бүтээлч, дуучин С.Бахат “Монгол хүн бүр эрүүл энх, элбэг баян байгаасай. Бүгдэд нь наурызын баярын мэнд хүргэе. Нэг нэгэндээ хайр бэлэглэхийг хүсье. Энэ аяныг дэмжээсэй гэж хүсч байна.” Гэх мэт маш олон уран бүтээлчид, дуучид, жүжигчид, бөхчүүд мөн сэтгүүлчид халуун сэтгэлийн үгээ илэрхийлж байлаа.
Сангийн яамны зөвшөөрөлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын нэр дээрх дансанд хандивын мөнгийг төвлөрүүлхээр төлөвлөж байгаа бөгөөд дансны дугаар, шилжүүлгийн мэдээлэл онлайн тоглолтын үеэр дэлгэцэнд нээлттэй, ил тод харагдах учир хандивлагч бүр мөнгөн дүнг хянах боломжтой юм.
Хандивын аянд https://www.facebook.com/MongoldooKhairtai/ холбоосоор орж Like дарж нэгдээрэй. Мөн 77114147, 86004147, 89004147 дугаарын утсанд холбогдож тодорхой мэдээлэл авч, санал бодлоо илэрхийлж болно.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.