Улс төр
Д.АНХБАЯР: Улсын бүртгэлийг будилуулж, “ЯВДАГ ЦАРЦАА” бий болгох замаар 2016 оны сонгуулийн дүнд нөлөөлсөн

-2020 оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Бид 30 жил ардчилсан сонгууль явуулж, төр засгаа сонгож байна. Сонгогчид ч, сонгуульд нэр дэвшигчид ч тодорхой туршлагатай болсон гэсэн үг. Гэтэл та өөр зүйл яриад байх шиг байна?
-Тийм ээ, би сонгуулийн үйл явцын үнэн бодитой хэр нь, болохгүй байгаа талыг ярьж байна. Ингэхийн тулд эхлээд хэдэн үг хэлье. Ерөөсөө сонгууль гэдэг бол аливаа хувь хүн өөрийн биеэр, өөрийн бодлоор, хараат бусаар тодорхой түвшний төлөөллийн байгууллага, тухайлбал УИХ-ыг сонгох цогц үйл явц юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ учраас Засгийн газраа байгуулж ажилладаг. Иймээс сонгууль бол ард түмэн төрийн эрхийг барих үндсэн арга юм.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ч хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэн төвтэй ардчилсан нийгмийн хэв маягийг бэхжүүлэхэд сонгуулийн үйл явцыг чухалчилсаар ирсэн. Хуулийн засаглал нь ардчиллаас хамаагүй түрүүнд бий болсон хэдий ч хүмүүс хуулийн өмнө ижил тэгш эрхтэй болтол дахиад хэдэн зуун жил шаардагдсан байдаг юм шүү дээ. Тухайлбал, АНУ-д үндсэн хууль батлагдаад XVIII зууны сүүлээр шууд ардчилсан улс болсон мэтээр хүмүүс андуурдаг. Үнэндээ 1787 онд хүмүүсийн санал өгөх эрх хязгаарлагдмал байсан бөгөөд өмч хөрөнгөгүй цагаан арьстан, хар арьст хүмүүс, эмэгтэйчүүд санал өгөх эрх хойно хойноосоо цуварсаар 1920 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгд санал өгөх эрхтэй болсон. Гэсэн хэдий ч өмнөд мужуудад хар арьстнуудын санал өгөх эрхэд янз бүрийн хаалт байсан бөгөөд 1965 онд л тэдний санал өгөх эрхийн тухай хууль батлагдсан байдаг. Ингэж хоёр зуугаад жилийн турш хөгжиж байж анхны зорьсон зарчим бүрэн утгаараа биеллээ олсон байгаа юм.
Энэ бүгдийг онцлохын учир нь ардчиллын үзэл санаа, үйл явцаас эхлэн төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх үндсэн арга нь сонгууль бөгөөд сонгуульд иргэдийн сонгох, сонгогдох эрх баталгаажих явдал хамгийн үнэ цэнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах боломжоор хангагдах нь сонгуулийн үндсэн зарчим. Эдгээр зарчим хангагдаж байж сая сонгууль хүчин төгөлдөр болдог төдийгүй ардчиллын үнэт зүйлс баталгааждаг. Тэгэхээр бид юуны түрүүнд хууль ёсны дээрх зарчмуудад нийцүүлэн сонгуулиа явуулах хэрэгтэй. Хөгжингүй орнуудын түүхийг харахаар сонгуулиа шударга, зөв явуулж байж хууль ёс, төрийн байгууллагын үйл ажиллагаа, эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн дэг журам гэх зэрэг хөгжлийн тулгуур үзүүлэлтүүд сайжирдаг нийтлэг жишиг байна шүү дээ. Тиймээс сүүлийн 30 жилд та бидний байгуулахаар зорьж буй ардчилсан нийгмийн хамгийн үнэтэй зүйл нь сонгуулиа шударгаар явуулах явдал байсаар ирсэн.
-Шударга сонгууль гэж та ярьж байна. Ямар сонгуулийг шударга гэх вэ?
-Хувь хүн сонгуульд оролцож өгч буй санал тэр хүний үзэл санаа, байр суурь, дуу хоолой юм. Би сая хэлсэн дээ, энгийн ойлгомжтой юм шиг боловч бодит байдал дээр зөрчигдсөөр байгаа сонгуулийн зарчмуудыг л мөрдлөг болгомоор байна. Та хэнийг ч өөрийн төлөөллөө болгохоор сонгож болно. Харин тэр өгч байгаа санал тань зөвхөн таны шийдвэрт тулгуурласан байх ёстой. Тэр шийдвэрээ баталгаажуулаад цаасан дээр хүн сонгоход тань төвөггүй, хөндлөнгийн нөлөө орохгүй, нууц байх нь чухал бөгөөд тэр санал нийт саналтай нэгтгэгдэж үнэн дүн гарч байвал сая тэр сонгууль хүчин төгөлдөр болох учиртай. Иймээс таны санал ч тэр, миний санал ч тэр, өөр хэн нэгний санал ч тэр ерөөсөө ямар нэгэн засваргүй, бодитоор тусгалаа олж байж л сонгууль явуулахын, сонгуульд саналаа өгөхийн үнэ цэнэ оршино гэж боддог доо.
Миний хувьд 1996 оноос хойш өнөөг хүртэл бүх төрлийн, бүх шатны сонгуульд ухуулагчаас эхлээд сонгуулийн кампанит ажлыг удирдах хүртэл нь ажилласан. Энэ хугацаанд сонгууль бүрийн дараа тодорхой маргаанууд үүсдэг байсан ч сүүлийн хэд хэдэн сонгуулиар сонгуулийг будлиантуулсан, шударга бус байдал гаарах боллоо. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгууль илт шударга бус болсон.
Тиймээс сонгуулийн үндсэн зарчмуудыг зөрчихгүй байх, хамгаалах зорилгоор “шударга сонгууль”-ийн төлөө ажиллаж байна. Сонгуулийн үйл ажиллагаанд ёс зүйгүй, хуулиас гадуур үйлдлүүдийг дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл шаардлага хүргүүлсэн.
-Өнгөрсөн хугацаанд бидний явуулсан, оролцсон сонгуулиуд ямар болж өнгөрөв? Түүнээс ямар үр дагаврууд гарсан юм бэ?
-Миний харж байгаагаар УИХ-ын сүүлийн гурван сонгуулийн нөхцөл байдал эрс дордсон. Мөнгө, бэлэг, эд зүйл тарааж санал худалдаж авах, сонгуулийн үйл явц, дүнд хөндлөнгөөс нөлөөлөх, өөрийн хамаарал бүхий хүмүүс буюу “царцаа”-гаар санал өгүүлэх, Улсын бүртгэлийг будилуулж, “явдаг царцаа” бий болгох зэрэг арга хэрэгслүүд нь улам нарийсаж ил цагаандаа гарч байна.
Тухайлбал, Өнгөрсөн сонгуулиудаар аяга, халбага, шанага, данх, халуун сав, бидон, гоймон, сахар, гурил, будаа, архи, цаг, бакаал, хивс, амралт сувиллын эрхийн бичиг, гадаадад аялуулах, бурхан тахил болон өөр бусад эд зүйлээр сонгогчийн саналыг татах оролдлого хийсээр ирсэн.
Мөн бэлэн мөнгө өгч санал худалдаж авдаг үйлдэл ч байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабт ажилласан Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран нар тус аймгийн Тариалан сумын Бургастай багийн найман иргэнд “Нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг дэмжээрэй, тэдний төлөө саналаа өгөөрэй” гэж гэрээ байгуулж, хүн тус бүрд 100 мянган төгрөг өгсөн хэрэгт холбогдсон юм. Энэ хэргийг Улсын дээд шүүх шийдэж эдгээр залуучуудын буруутайг тогтоосон байдаг. Гэтэл нэр дэвшигч хоёр маань УИХ-д ороод суучихсан.
Мөн сонгуулийн санал тоолох автомат машин буюу бидний хэлж заншсанаар “хар машин”-ны ажиллагаа, гарсан дүнтэй холбоотой гомдол, маргаан маш ихээр гардаг. Тодруулбал 2016 оны орон нутгийн сонгуулиар зарим дүүрэг, сумдад ашиглагдсан хар машины архивыг CD-нд шууд хуулбарлан авахад 2016 оны УИХ-ын сонгуульд өөр аймаг, суманд ашиглагдсан саналын хуудсууд хэдэн зуугаараа гарч ирсэн. Үүний дийлэнх нь МАН-ын нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөсөн байдалтай байсан. Тэдгээр саналын хуудсууд нь тухайн орон нутгийн сонгуулийн хүчинтэй хуудсуудтай холилдсон дараалалтай байсан тул хар машин саналыг нь тоолж хүчинтэйд тооцсон байх магадлалтай байх тухай УИХ-ын гишүүн Л.Болд хэвлэлд ярьсан байдаг. Иргэд, олон нийтийн ойлголтоор бол “хар машин” түүний мэдээллийн аюулгүй байдлыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцан хадгалж, хамгаалж, хямгаддаг. Харин миний сонссоноор хар машиныг Тагнуулын ерөнхий газар хянадаг, хадгалдаг гэж ойлгосон. Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Хурц ажиллаж байсан. Ингэхээр надад эргэлзээ төрөөд байдаг юм.
-“Явдаг царцаа” гэсэн үг таны ярианд гарлаа. Энэ талаар тодруулж яривал?
-2016 оны УИХ-ын сонгуулиар баг, хороонд “задгай” гэх нэрээр нийтдээ 18 мянга гаруй сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байдаг. Тухайлбал, Архангай аймагт 1341, Баянхонгор аймагт 2059, Хөвсгөл аймагт 2943, Увс аймагт 3237 сонгогч тус тус шилжсэн. Эдгээр аймгуудад нэр дэвшигчид нь олон ажилтантай томоохон аж ахуйн нэгжүүдийн эзэд байгаа нь харагддаг. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1794 сонгогчийн 180 нь “Эм Си Эс-ийн “царцаа” байсан. Цөөн сонгогчтой тойргийн сонгуулийн дүнд мэдэгдэхүйц нөлөөлсөн нь харагдаж байгаа биз дээ.
Түүгээр ч үл барам 2016 оны сонгуулийн өмнөхөн УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар хоёрыг нийлүүлсэн. Ийнхүү 2 өөр чиг үүрэг бүхий онц ач холбогдолтой байгууллагуудыг нэгтгэж иргэний бүртгэл, сонгогчдын нэрийн жагсаалтад зориудаар өөрчлөлт оруулж, үгээр хэлэхийн аргагүй аюултай хэргийг зохион байгуулсан. Бүр тодруулбал “Сонгогчдын нэрийн жагсаалт”-д сонгогчийн нэрийг давхардуулан бичиж, олон хэсгийн хороонд хурууны хээгээ уншуулахгүй зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлээд санал өгөх “явдаг царцаа”-г бий болгон сонгуулийн дүнд нөлөөлсөн байж болзошгүй болоод байгаа юм.
Энэ аюултай ажлаа яаж хийсэн юм бол гэхээр хүн ам олонтой томоохон сум болон аймгийн төвүүд, нийслэлийн дүүргүүд дээр хийсэн байгаа юм. Учир нь суурин газрын иргэд сонгогчид төдийлөн бие биеэ царцаа царцаа бишээр нь таньж ялгаж мэдэхгүй. Сонгуулийн дүнг харахаар ирц эдгээр газруудад л 10 гаруй хувиар өссөн. Тэхээр энэ 10 гаруй хувийн өсөлт нь нөгөө “явдаг царцаа” болж таарч байгаа юм.
-60 тэрбумын хэрэг ч үүнтэй холбоотой юу?
-Мэдээж холбоотой. Тухайн үеийн МАН-ын дарга Миеэгомбын Энхболд нар зөвхөн хотын захиргааны алба, албан тушаалыг зарах “60 тэрбум”-ын хэрэг гэгчийг үйлдсэн боловч гэм зэмгүй үлдэж байна.
Өөр олон жишээ, баримтууд ярьж болно л доо. Би сая шүүхээр шийдэгдсэн, тоон мэдээнд дурдагдсан тохиолдлуудыг л хэллээ. 2020 оны УИХ-ын сонгууль болоод дараа дараагийн бүх сонгуульд дээрх шиг ноцтой алдаа, завхрал гаргуулахгүй байх нь чухал. Тиймээс та бид, нэр дэвшигчид, улс төрийн намууд, сонгууль зохион байгуулахад оролцдог төрийн бүх байгууллагууд ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалж шударгаар ажиллах шаардлагатай байна.
-Та шударга бус сонгуулийн талаар ноцтой баримт, нотолгоо ярилаа. Энэ үүссэн нөхцөл байдлыг засахын тулд бид юу хийх ёстой вэ?
-Тийм ээ. Нөхцөл байдал үнэхээр ноцтой байна, хүнд байна. Бид сонгуулиа шударга хийж чадахгүйгээр хүсээд байгаа ардчилсан нийгмээ байгуулж чадах уу? Товчхондоо бидний байгуулахыг зориод байгаа нийгмийн сууринд гажуудал үүссэн байна. Бид үүнийг яг одоо, энэ 2020 оны сонгуулиас эхлэн засах ёстой. Үүний тулд сонгуульд оролцох бүх нэр дэвшигчид, нам эвслүүд, тэр дундаа одоогийн эрх баригчид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бидний тавьсан шаардлагын дагуу дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент15 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм16 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа