Нийгэм
Б.Хурц нарын хэргийг шүүхийн жишиг болгож, эрүүдэн шүүлтээс ангижрах боломж байна

Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг олон улсын болон дотоодын хуулиар хориглохдоо хүний ёсонд нийцэхгүй, үр дүн муутай, ийм аргаар олсон мэдээлэл найдваргүй гэдэг үндэслэлүүдэд тулгуурладаг аж. Гэсэн хэдий ч Amnesty International байгууллагын тайлангуудад дэлхийн олон оронд энэ аргыг хэрэглэдэг тухай дурджээ. Шалтгааныг нь эрүүдэн шүүлгэсэн хүмүүс заримдаа “үнэхээр гэм буруутан байдаг” тохиолдлууд гардагтай холбож тайлбарладаг юм байна. Гэхдээ ингэлээ гээд энэ арга техникийн ёс суртахууны талыг зөвтгөх аргагүй гэдэг нь мэдээж билээ.
Улс орнуудаас шалтгаалж энэ арга орчин үед, ард түмэнд огт мэдэгддэггүй далд, эсвэл нийтээрээ мэддэг ч ярьдаггүй хагас нууц, бүр эсвэл олон нийтийг айлгахын тулд нуулгүй зарладаг ил гэсэн 3 хэлбэрээр оршин байдаг аж. Тухайлбал, манайд хүмүүс мэддэг ч ярьдаггүй хэлбэрээрээ байсан нь бараг тодорхой болоод байна.
Энд эрүүдэн шүүх арга үр дүнтэй эсэх, ёс суртахууны болон эрхзүйн ямар хэм хэмжээг зөрчдөг, ямар тохиолдолд зөвтгөж болох тухай өгүүлэх нь илүүц юм. Учир нь, хэрэв манайд тийм практик байдаг бол түүнийг яагаад ч зөвтгөх аргагүй билээ. Харин нэг учир шалтгааны талаар ярихаас өөр аргагүй байна.
Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон тухайн үедээ үүрэг гүйцэтгэж байсан 8 хүний хэргийг энэ 7 хоногт Төв аймаг дахь сум дундын шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ. Уул нь анхан шатны шүүх хуралдаанаас “хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн эсэргүүцэл бичиж, эсэргүүцлийг нь давж заалдах шатны шүүх хүлээн авч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дахин буцаах шийдвэр гаргасны дагуу энэ шүүх хурал болж байгаа юм.
Шүүгдэгч нар мэдээж давахын шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэн УДШ-эд гомдол гаргасан. Учир нь “хэргийн нотлох баримт хангалтгүй” гэж анхан шатны шүүх үзсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Прокурор шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, мөрдөн байцаалтыг дахин явуулахаас татгалзсан учир одоо ч гэсэн уг хэргийн “нотлох баримт хангалтгүй” хэвээр байгаа. Тэгэхээр энэ удаа ч гэсэн шүүхээс гаргах шийдвэр тодорхой, “хэргийн нотлох баримт хангалтгүй”.
Хэрвээ эсрэгээрээ “хангалттай” гээд шийдвэр гаргачихвал нөгөө “эрүүдэн шүүсэн” асуудлыг шүүх шийдвэрлэх чадавхигүй гэдгээ харуулна. Шүүх нэг хэрэг дээр хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Хэдхэн сарын дотор гуйвж дайваад, шийдвэрээсээ буцаад эхэлбэл шүүхийн хараат бус байдалд итгэх иргэдийн итгэл улам алдарна.
Уул нь ийм нэг бурангуй практикийг халахын тулд мөрдөн байцаалтыг өргөхөн хүрээнд явуулж, нэг хэргийг шүүхийн прецедент /шүүхийн жишиг/ болгож байгаад хууль хяналтын байгууллагаа нэг мөр эрүүдэн шүүлтээс ангижруулахыг оролдвол дахиж нэг ч болтугай хүн эрүүдэн шүүлтээс мултарч болохоор байгаа юм. Хэрвээ эрүүдэн шүүдэг практик нь манайд байгаа юм бол ажил үүргээ гүйцэтгэж явсан хэдэн хүнийг буруутай, эсвэл буруугүй гэж алх цохисон төдийгөөр ийм хэрэг цаашид гарахгүй гэх баталгаа болж чадахгүй. Үүнийхээ оронд мөрдөн байцаалтад нь буцааж, бие даасан комисс байгуулж, дахин нэг ч хүн ийм маягаар байцаалт өгдөггүй, хэрэг хүлээдэггүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө явж яагаад болохгүй гэж?
Бидэнд, бидний үр хүүхдэд бүгдэд нь хамаатай болохоор энэ нэг хэргийг тэрний, энэний асуудал гэж хаяад, энэ чигээр нь дуусгачихаж болмооргүй харагдаад байна. Бүх шатандаа анхаарч үзэхгүй бол эрүүдэн шүүдэг энэ асуудал дахиад л нөгөө хүн болгон мэддэг хирнээ ярьдаггүй, хагас нууц хэлбэртэй байдгаараа дуусах нь.
Яахав, эрүүдэн шүүдэг практик манайд байдаг юм байна гээд хүлээн зөвшөөрсөнөөр олон улсын тавцан дээр нэг удаа нэр нүүрээ алдана л биз. Гэхдээ үүнийгээ засаж залруулсан арга нь буцаад бусдад хэрэг болж ч магад.
Эцсийн эцэст иргэд нь төрөөсөө айдаггүй байх чинь монголчуудын хүсэн хүлээдэг зүйл. Гэхдээ хууль хүчний байгууллагыхан нийт иргэдээ айдасгүй байлгахын төлөө нэг хэсэг хүнийг эрүүдэн шүүдэг байж болохгүй. Тэр хүн нь гэмт хэрэгтэн байсан ч эрүүдэж болохгүй. Хэрэв манай нийгэмд ийм зүйл байдаг бол үүнийг энэ хэдэн хүний хэрэг мэтээр зүгээр нэг хаачихаж болохгүй. Бүр үндсээр нь гаргаж ирж байж, угийг нь таслах ёстой юмаа.
Бэлтгэл хурандаа Л.Алтангэрэл

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент13 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно