Улс төр
Дажгүй шүү, Хүрэлсүх ээ
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У. Хүрэлсүх өөрийн тэргүүлэх Засгийн газраа амжилттай байгууллаа. Намаа ч багаар нь дэмжүүлж чадсан тэрбээр энэ удаад ч урт холын аянд дөрөө харшуулах 17 залуугаа гээж энэ тэр бололгүйгээр бүрэн бүтэн авч гарч чадлаа. Ард түмэн түүнд ам сайтай байна. Барьцаанд орж, бусадтай зөвшилцөх, наймаалцах, тохиролцож булайгаа дэлгээгүйд тань баярлахдаа “ Дажгүй шүү, Хүрэлсүх ээ” гэцгээж буй.
Үгүй байх аваас Төрийн саарал ордон руу өндөг шидэж, Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд балбаж сүйд болохгүй юу.
Мэргэжлийн гэж хэлж болох түүний Засгийн газарт Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар нар л давхар дээлтэй, бусад 12 сайд нь гаднаас орж ирсэн. Тэд улс төрд шинэковууд байж мэдэх ч тус тусын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нөхдүүд гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Ингэж тэрбээр лойдор биш лидер улстөрч болохоо харуулж чадлаа.
Тангараг өргөсөн сайд нарыг танилцуулъя.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
Эрчим хүчний сайдад Баруун бүсийн төвийн эрчим хүч түгээх төвийн дарга Н.Тавинбэх,
- БШУ-ны сайдад БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
- Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
- Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
- Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
- Эрүүл мэндийн сайдад Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан
- Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
- Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
- Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нарыг томиллоо.
Тангараг өргөсөн сайд нарыг танилцуулъя.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайдаар Янгугийн Содбаатар .
У. Хүрэлсүхийн Засгийн газарт нөмөр нөөлөг болох цөөн хүний нэг нь энэ эрхэм байж мэднэ. Боловсрол мэдлэг, төрд ажилласан туршлага зэргээрээ танхимдаа толгой цохих нэгэн. Мань эрийг уг нь Өвөрхангайх гэж бодож байсан ч уугуул нутаг нь Архангай юм билээ. Тэрбээр энэ жил 46 настай. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Я.Содбаатарын үндсэн мэргэжил физикч гэдгийг хүмүүс тэрбүр мэддэггүй. Түүний улс төрийн гараа Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн даргаас эхтэй гэж хэлж болно. Улс төрийн хүрээнд мань хүний У.Хүрэлсүхийн хүн гэлцэх бий. Үгүйсгэх аргагүй. Унаж босохын алинд ч энэ хоёр бие биеэ гээгээгүй билээ. Бас бие биеийнхээ үгээс гардаггүй хэмээдэг. Үнэн байж ч мэднэ. Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад буухдаа бусад шиг тайлбар хийж гоншигноогүй нь түүний нэрийг улс төрд улам өргөсөн ч байж мэднэ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Дөнгөж 40 насны босго алхсан түүнийг улс төрд од адил гялалзах юм гэж хэн саналаа. Гэхдээ тэрбээр ард түмэнд таалагддаг. АНУ-ын Харвардын Их сургуулийг төгссөн цөөхөн улс төрчийн нэг. Тархи нь ч боломжийн ажилладаг, бас задгай сэтгэдэг нь У.Хүрэлсүхэд таалагдсан хэрэг. Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын, Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Даваажанцангийн Сарангэрэл
Улстөрд тунаж үлдсэн цөөн хүүхнүүдийн нэг. Корона вирусээс улс үндэстнээ хамгаалж чадсан түүнийг Засгийн газартаа үлдэж ажиллаач гэх саналыг тавих нь У.Хүрэлсүхийн хувьд алдаа болоогүй. Мань хүний бусдаас онцгой гэмээр давуу тал нь хүний хөлд сууж чаддаг байдал. Гэрэл зургийн лаборантаас төрийн сайд хүртлээ өсч өндийсөн Д.Сарангэрэлээр бахархахгүй байхын аргагүй. Олон хүн түүнийг Эрүүл мэндийн салбартаа үлдэх байх хэмээж байсан ч мань хүн өөр сонголтыг хийсэн. Энэ нь У.Хүрэлсүхийн санал байв уу,_ өөрийнх нь өөрийгөө сорьсон сорилт уу гэдгийг цаг хугацаа харуулах буй за. Тэрбээр
Б1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 57 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3. 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч,1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал, 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн, 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Батлан хамгаалахын сайдаар Гүрсэдийн Сайханбаяр
Энэ эрхмийг Батлан хамгаалах салбарынхан нь баяртайгаар хүлээн авч буй. Олон хүн түүнийг салбартаа шинэчлэл хийж сүйд болохгүй ч унагачихгүй мөрөөр нь мөлхүүлээд байж дөнгөнө хэмээн ярьж буй. Тэгэхээр танихгүй газрын бурханаас танидаг газрын чөтгөр дээр гэдэгтэй адилтгаж болох мэт. Түүнийг Ерөнхий сайдын дотны анд, нэг курсийн хоёр гэдгийг түмэн мэдэх хойно. Андынхаа дэмжлэгийг ч сайн авсан байх тэр хэрээр үнэнч байдаг биз. Улстөрд У. Хүрэлсүх цоролзож эхэлсэн тэр үеэс л мань хүнийг БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд болно гэсэн яриа саарал ордны хонгилоор гардагсан. Ингэж нэг юм сайд болдог байж ээ. Г.Сайханбаяр 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, 52 настай. Ам бүл гурав. 1985 онд Нийслэлийн 53 дугаар дунд сургуулийг 1985 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 1989 онд тус тус төгссөн. Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг дүүргэсэн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй. 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч, 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Гадаад харилцааны сайдаар Нямцэрэнгийн Энхтайван.
Хэн ч түүнийг Гадаад харилцааны сайд болно гэж төсөөлөөгүй. Чадах эсэх нь эргэлзээтэй. Гадаад харилцаанд сайд асан Д.Цогтбаатарын тогтоосон стандарт, хэм хэмжээнээс давж гарна гэдэг эргэлзэх хүн олон. Тэгээд ч м ань эрийг улс төрд хуучин атлаа шинэ хүн гэж хэлж болно. Түүний үндсэн мэргэжил хүнсний технологи ч 1996 оноос улс төрийн албан тушаалууд хашиж ирсэн байдаг. Энхтайван Өвөрхангайн Тогтохсүрэн гишүүнтэй их ойр хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Тэрбээр 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 50 настай. Ам бүл тав. 1989 онд Монгол Улсын Политехникийн дээд сургууль, 1993 онд БНХАУ-ын Худалдааны их сургууль, 1998 онд Шинэ Зеланд Улсын Велингтоны их сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургууль, 2006 онд АНУ-ын Стрейрийн их сургуулийг тус тус төгссөн. Хүнсний технологич мэргэжилтэй, эдийн засаг, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1994-1996 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, атташе, 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, III,II, I нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хороонд Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатар
Энэ эрхэм өнгөрсөн дөрвөн жилийг дэнжигнэж байж давсан юм уг нь. Огцрох гишүүдийн нэр дотор мань хүн байнга л цохиж явах. Хэл ам ч тасрахгүй. Өөр хэн нэгэн түүн шиг хэл амд өртсөн бол аль хэдийнэ улс төрөөс сураггүй арчигдсан байх биз. Тэгэхээр Увсын фракц үнэхээр хүчтэй аж. Ч.Хүрэлбаатар 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 52 настай. Ам бүл дөрөв. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын хоёрдугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгөө, эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Хишгээгийн Нямбаатар.
Сэтгүүлчдэд дургүй, байсхийгээд л шүүхэд өгчихдөг, өсөрхүү зантай гэгддэг Х.Нямбаатар үе үе өөрийнхөө хэлсэн үгэнд ороогдож балардаг. Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Ам бүл тав. 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Х.Нямбаатар нь 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Аюушийн Ариунзаяа.
Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн зээ охин хэмээн намынхан түүнийг хүндлэх нь бий. Говь-Алтай аймгийн гаралтай хэд хэдэн сайд У. Хүрэлсүхийн танхимд багтсаны нэг нь А.Ариунзаяа. Тэрбээр 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай. Гурван хүүхдийн ээж тэрбээр улс төрд өөрийн түүхийг бүтээнэ гэдэг их амжилт гэхээс өөр юу гэх билээ. МАН-д Жасрайн агсан зүтгэсэн шиг үр сад нь өвөөгийнхөө гаргасан жимээр амжилттай өгсч буйн жишээ энэ бүсгүй. Тэрбээр 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд 2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байв.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар.
Говь- Алтай аймгийн гаралтай Б.Мөнхбаатар нэгэн цагт Улаанбаатар хотын даргын орлогчоор ажиллаж байсныг түмэн мэднэ. Түүний түмэнд танигдсан үе нь ч эндээс эхтэй. Тэрбээр 45 настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Боловсрол, шинжлэх ухааны сайд Лхагвын Цэдэвсүрэн
Мөн л Алтайн хөх харчуудын удам. Тэрбээр 1967 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтар
Түүнийг төмөр замынхан “яс Раашийн яс Халтар” гэх нь бий. Төмөр зам хэмээх их айлд багтах гэж цэвэрлэгч хүртэл хийж явсан түүхтэй. Ховд аймгийн Дарви сумын уугуул.
ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль, 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, докторын зэрэгтэй. Л.Халтар нь 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Соёлын сайдаар Сампилдондовын Чулуун
Түүнийг улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Я.Содбаатарыг гэдэг. Хүний хөлд сууж, санасандаа хүрч чаддаг нэгэн. Гэхдээ эрдэм боловсролын хувьд хэнд ч гологдохгүй. Тэрбээр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай, ам бүл тав. Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар сургуулийг 1995 онд, Монгол Улсын Их Сургуулийг2000 онд тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой. 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал, 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон.
У.Хүрэлсүхийн дугтуй дахь нууцийн нэг нь энэ эрхэм. Уул уурхайн салбарт насаараа ажиллаж байгаа нэгэн. “Монголросцветмет” гэх айл өнөөдөр эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсч чадаж байгаа юу. Энэ айлын тулах баганы нэг байсны хувьд таны үүрэг юу байсан бэ хэмээн олон хүн түүнээс асуух байх.
Тэрбээр 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 53 настай, ам бүл тав. 1985 онд 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй. Г.Ёндон нь 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Загджавын Мэндсайхан.
Тэрбээр 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 41 настай, ам бүл зургаа. 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх
Эрчим хүчний салбарт түүнийг орж ирэхэд олон хүн баярласан. Салбараа мэддэг гээд л. Аав, ээж нь ч энэ салбарынх. Удам дамжсан гэдгээрээ мань хүн ч бахархаж явдаг биз. Түүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ойрын хүн хэмээн улс төрийнхөн шивэр авир гэлцэх нь бий. Тэрбээр 1971 онд төрсөн, 49 настай, ам бүл дөрөв. 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийг 1989 онд, Техникийн их сургуулийг 1994 онд төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй. Н.Тавинбэх нь 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер, 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер, 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017 оноос одоог хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан.
Албан тушаалын цонхоор өгсөх шиг болж яваа залуу. Гэхдээ эмчийн хувьд сайн гэдэг юм билээ. “Хүчит шонхор” хүнсний захын өв залгамжлагч тэрбээр 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй. 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм12 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм12 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм10 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм10 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав