Улс төр
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 25 минутад эхэлж, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. Байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хийсэн байна. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан бол санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлн” гэсний дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан гэв.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос: “Сэлэнгэ аймгийн төвд 50 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих”, “Дархан-Сэлэнгийн авто замыг 4 эгнээ болгож шинэчлэх”, “Даланзадгад суманд 50 МВт дулааны станц хувийн хөрөнгө оруулалтаар барих” “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөлд “Дундговь аймгийг нэмэх зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар санал хурааж шийдвэрлэжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос: “Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлсэн байх,” “Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан “Үндэсний судалгааны төвүүд”-ийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн байх”, “Төрийн өмчит их сургуулийн засаглалыг төрөөс хараат бус болгож, эрх зүйн орчныг сайжруулан судалгааны их сургууль болгож хөгжүүлэх зэрэг төсөл арга, хэмжээг нэмэх саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлт гаргасан байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооноос: “Орон нутагт томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах”, “Иргэд гэр бүлдээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг олгох, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх”, “Иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн бэрхшээл, ядууралд өртөх хувь түвшинг бууруулах зэрэг саналыг дэмжсэн байна.
Инновац, цахим бодлогын байнгын хорооноос: “XXI зууны төрийн удирдлагын шинэ арга барил болох гурван тулгуурт хөгжлийн онолын дагуу улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд гурван талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлсэн байх”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт зорилго бүхий төрийн, орон нутгийн төсвийн санхүүжилтээр болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, төлөвлөлт, явц, үр дүн, зээл тусламжийн олголт нь зорилтот бүлэгтээ бодитой чиглэн ажиллаж чадаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих гурван талт түншлэлийн механизмыг бий болгож ажиллуулж эхэлсэн байх”, “Төрийн үйлчилгээний чанар, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэдийн гомдлыг хүлээн авч, тусгай журмын дагуу шуурхай шийдвэрлэдэг гурван талт механизмыг бий болгон, үр дүнтэй ажиллуулж эхэлсэн байх”, “Хүүхдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчих явдлыг таслан зогсоох чиглэлээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан байнх зэрэг саналуудыг топгоолын төслийн хавсралтад тусгахаар дэмжсэн байна.
Хууль зүйн байнгын хорооноос: “Хууль сахиулах байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэх, түүнд хяналт тавих цахим нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдож, иргэдэд үйлчлэх таатай орчныг бүрдүүлэх”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгах”, “Гадаадын иргэдийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч, нэгдсэн санд бүртгэх тогтолцоог бүрдүүлэх” зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмэхийг дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос: “Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж, архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх,” “Архидан согтуурахтай тэмцэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах”, “Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй байдлыг хангасан, нийтийн тээврийн буудалтай болох” зэрэг саналыг тогтоолын хавсралтад тусгахаар санал дүгнэлтдээ тусгасан байна.
Төсвийн байнгын хорооноос: Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий системийг бүрдүүлэх саналыг тогтоолын төслийн хавсралтад тусгахыг дэмжсэн байна.
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Ёс зүй, сахилга, харицлагын байнгын хороод уг төсөлтэй холбоотой тусгайлсан санал гаргаагүй аж.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.18-д “… ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж, санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож, тэдгээр саналаар санал хураалт явуулахгүй” гэсний дагуу Байнгын хороодоос ирүүлсэн зарим санал давхацсан тул тухайн саналаар санал хураалт явуулаагүй болохыг санал, дүгнэлтэд дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч болон Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар авлаа. Дараа нь “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 118 саналыг нэгбүрчлэн танилцуулж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төсөлд “2.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухай жилийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн агуулгатай 2 дахь заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр хавсралтын “Шинжлэх ухаан, технологийг улс орны тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн 2.4 дэх зорилтод “Хэмжил зүйн лабораторийг олон улсын жишигт хүргэсэн байна” гэсэн заалт нэмэхийг, 2.1 дэх зорилтыг “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн. Мөн хавсралтын “Засгийн газрын хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэж, үр ашгийг дээшлүүлж, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ” гэсэн 4.1 дэх зорилтод “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгэхүүний худалдан авалтыг тогтвортой дэмжсэн байна” гэсэн заалт нэмэхийг дэмжлээ. Төслийн 1 дүгээр хавсралтын 2.3 дахь зорилтод “Хүүхдийн эрхийг дээдлэн, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр эрх зүйн орчныг чангатгаж, хэрэгжилтэд хатуу хяналт тавих тогтолцоог бий болгосон байна.” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн хавсралтын 5.1 дэх зорилтод “Нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. Түүнчлэн төслийн 1 хавсралтын 5.5 дахь зорилтод “Хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн болон бусад эрхээ хэрэгжүүлэх, монгол хүүхэд эх хэлээрээ сурч боловсрох боломжийг бий болгосон эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна”, “Шүүх засаглалыг улс төр, бизнесийн бүлгийн ашиг сонирхлоос ангид болгох, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, иргэдийн итгэлийг сэргээсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэхээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын “Хууль, эрх зүйн шинэчлэл хийж, хотын засаглал, эдийн засаг, нийгмийн таатай орчин бүрдүүлнэ” гэсэн 9.4 дэх зорилтод “Дархан, Эрдэнэт зэрэг улсын зэрэглэлтэй хотуудыг бий болгож, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байна” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын 2.4 дэх зорилтод “Шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиуд дээр байгуулсан байна” гэсэн агуулгатай заалт нэмэхийг гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. “Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар тэжээл, төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн байна”, “Малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөсөн байна” гэсэн заалтуудыг төслийн 1 дүгээр хавсралтын 8.3 дахь зорилтод тус тус нэмэхийг дэмжсэн. Мөн хавсралтын 8.1 дэх зорилтод “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эхний ээлжинд алслагдсан зарим аймгуудад гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Дориод аймгуудад хэрэгжүүлсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.
Төслийн 1 дүгээр хавсралын 4.2 дахь зорилтод “Улс, орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр орон нутгийн хот, суурин газарт цахиалгаан, дулааны эх үүсвэр нэмэгдүүлсэн байна”, 5.2 дахь зорилтод “Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодпого хэрэгжүүлж хэвшсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Төслийн 2 дугаар хавсралтын “Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт”-д “Хөвсгөл аймгийн дулааны станцыг өргөтгөх, “Могойн гол”-ын уурхайг түшиглэн дулааны станц барих, Чаргайтын усан цахилгаан станц байгуулах, Хатгал тосгонд дулааны станц барих”, “Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн, Дарви, Хөшөөтийн чиглэлийн 160 км хатуу хучилтай авто замыг барих”, “Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилтай автозамыг барих”, “Улаанбаатар хотын Багануур Налайх дүүргийн дулааны станцыг шинэчлэх” гэж нэмэх Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн хавсралтад “Дорноговь аймгийн Алтанширээ суманд 300 МВт-ын цахилгаан станц, дэд бүтцийг барих”, “Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр”-ийг төсвийн хөрөнгө оруулалт болон “Агаарын бохирдлыг бууруулах сан”, олон улсын санхүүгийн байгууллагуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлнэ”, “Орхон, Дархан-Уул аймагт шинжлэх ухаан, инновацын төвийн кластерийг хөгжүүлэх” гэж нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв. Ийнхүү хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм14 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр11 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм12 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав