Улс төр
М.Тулгат: Эрх баригч МАН-ын алдаа, завхралыг КОРОНА “далдалж” явна
НИТХ дахь АН-ын зүгээс хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, эрх баригч МАН, түүний Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгаттай ярилцлаа.
-Өнөөдөр эцэг, эх, хүүхдүүдийн өмнө тулгарч байгаа хамгийн том асуудал бол цэцэрлэг. Энэ Засгийн газар 3-5 настныг ялангуяа ирэх жил сургуульд орох хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэсэн шийдвэр гаргасан. Гэвч цэцэрлэгт орж чадаагүй хүүхдийн тоо урьд жилийнхээс эрс өслөө. Энэ асуудалд танай нам нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.
– 2016 онд МАН НИТХ-ын сонгуульд оролцохдоо “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бүх дүүргийн хороодыг цэцэрлэгтэй болгоно. Цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэнэ гэсэн амлалт өгч байж сонгуульд ялалт байгуулсан шүү дээ. Гэтэл тэр амлалтын нь хэрэгжилт ямар байгааг бодит амьдралаар харуулж байна. Өнөөдөр нийслэлд л гэхэд огт цэцэрлэггүй 16 хороо байна. МАН бүх хороодыг цэцэрлэгтэй болгоно гэсэн амлалтаа биелүүлсэнгүй. Цэцэрлэгийн хүүхдийн хүртээмжийг 85 хувьд хүргэх зорилтоо биелүүлээгүй учраас коронагаар шалтаглан энэ жил хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл биелүүлж чадаагүй амлалтаа “корона” руу чихчихлээ гэсэн үг. Өнөөдөр манай улсад цэцэрлэгийн насны 145 000 хүүхэд байна. Эднээс хоёр настан болон цэцэрлэг хүрэлцээгүйгээс болоод 61000 хүүхэд гэртээ үлдэх боллоо. Энэ хүүхдүүдийн эх, эцгийн хэн нэг нь ажил хийхгүй хүүхдээ харна гээд бодвол 40 000 орчим хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байгаа юм. Хүүхэд харж байгаа хүн бол ихэвчлэн хөдөлмөрийн насныхан байдаг. Манай статистикийн мэдээгээр бол нэг хүний дундаж цалин сая төгрөг. Ингээд бодохоор сард 40 тэрбум төгрөгөөр эдийн засгийн боломжоо алдаж, айл өрхийн орлого буурч байгаа юм. Яг энэ хэмжээгээр Монгол Улс баялаг бүтээх боломжоо ч алдаж байгаа. Цэцэрлэгийн хангамж хүрэлцээг шийдээгүйгээс болж ийм олон сөрөг үр дагавар гарч байгаа юм.
-Дэлхийг хамарсан энэ цар тахлаас үүдэн аль ч улс оронд, бүүр айл өрх бүрт эдийн засгийн хямрал нүүрлээд байгааг Та бүхэн бас харж байгаа болов уу?
-МАН өнгөрсөн хугацаанд маш хариуцлагагүй ажилласан. Коронавирус цар тахал бол энэ оны нэгдүгээр сард эхэлсэн. Дэлхийн бусад орон хэдийгээр ийм хүнд үетэй тулгарсан ч гэсэн цаашид энэ цар тахал 2-3 жилээр үргэлжлэх нь тодорхой гэдгийг олж хараад, тооцоо, судалгаа, дүгнэлт хийгээд улс орныхоо эдийн засаг, хүүхдийнхээ соёл боловсрол хөгжлийн асуудлыг хэрхэн хохиролгүй байлгах вэ гэдэг дээр маш нухацтай, сайн ажиллаж байна. Манайх бол шууд л хаачихсан, хөл хорио тогтоогоод. Ингэснээр бизнес эрхлэгчид маш ихээр хохирч эргэлтийн хөрөнгөгүй болоод байна. Экспорт 50 хувиар унаж тэр хэмжээгээр Монгол Улсын эдийн засаг агшчихлаа.
-Цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газар сайн ажиллаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй гэсэн үг үү?
-Энэ цар тахлын үед хэрхэн хохирол багатай сөрөг үр дагаваргүйгээр даван туулах бодлого шийдвэр гаргах ёстой. Гэтэл эрх баригчдын зүгээс энэ тал дээр маш муу ажиллаж байна. Энэ талаар гаргаж байгаа шийдвэрүүд нь эргэж буцсан байдалтай, үр өгөөжгүй байна шүү дээ. ЕБС-ийн хичээл гэхэд зарим өдөр танхимаар заримд нь цахимаар ч гэх шиг, аргаа барсан байдалтай харагдаж байгаа юм. Энэ асуудал дээр АН шүүмжлэлтэй хандаж байгаа. Юм л бол коронавирус рүү чихчихээд энэ цаг үед үр дүнтэй, дорвитой арга хэмжээ авахгүй байна. Энэ бүхний эцэст бизнес эрхлэгчид, хүүхдүүд л хохироод байгааг харж байгаа биз. Бизнес эрхлэгчид бол улсын маань гол баялаг бүтээгчид. Үр хүүхдүүд маань манай ирээдүйн баялаг. Аль аль нь ирээдүйн үнэ цэнэ. Тэднийгээ дэмжсэн, хамгаалсан бодлого алга.
-Нэгэнт цэцэрлэг хүрэлцээгүй учраас “Хүүхэд харах үйлчилгээ”-г дэмжихээс өөр арга байхгүй. Уг нь энэ үйлчилгээг эрхлэх хууль батлагдаад нэлээд олон жил боллоо. Гэвч үр дүн тун бага байгаа юм биш үү?
-Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж төрөөс дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. АН санаачилж батлуулсан “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийг өнгөрсөн дөрвөн жилд дорвитой хэрэгжүүлсэнгүй. Гэртээ цоожтой хаалганы цаана үлдсэн хүүхдүүд ахуйн осолд өртөхөөс сэргийлсэн хамгийн үр дүнтэй арга хэмжээ бол өнөөдрийн тухайд “Хүүхэд харах үйлчилгээ”.
-Ийм үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж цөөн байна уу. Хүүхдээ айлд орхих юм уу цоожилж орхихгүйн тулд энэ үйлчилгээг сонгомоор юм?
-Өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг 180 төвд 1900 хүүхэд хамрагдсан байна. Эдгээр хүүхдэд ногдох хувьсах зардал нь сарын 123000 төгрөг гээд үзэхэд төсвөөс 2,5 тэрбум төгрөгийг гаргажээ. Хүүхэд харах үйлчилгээний төвийн тоог нэмэгдүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй нийт хүүхдийн 20-50 хувийг хамруулахад улсаас 6.1-15.06 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ ажилд шаардагдах төсвийг НИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд 3.2.1-д заагдсан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-д тусгасан гурван тэрбум, “Аз жаргалтай хотын индекс тооцох” нэг тэрбум төгрөг гэх мэт хэмнэж болох, үр ашиггүй зардлуудаас шаардлагатай төсвийг шийдвэрлэх боломжтой юм. Тавилга эд хогшлын хоёр тэрбумын төсөв гэх мэт байна. Хэрэв хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлбэл 2448-6120 ажлын байр шинээр бий болох боломжтой.
-Цэцэрлэгийн хангамжийг нэмэгдүүлэх боломж байгаа гэж НИТХ-ын АН шаардлага тавьсан. Боломж байгаа бол ядаж хорооддоо цэцэрлэг барих ёстой байсан юм биш үү?
-“Аз жаргалтай Улаанбаатар” гэх мөрийн хөтөлбөртэй эрх баригч нам “Жаргалтай үрс” төсөлд 50 сургууль барьж, бүх хороонд цэцэрлэг бий болгож хамрагдах түвшинг 85 хувьд хүргэнэ, сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлнэ гэж амласан. Гэтэл цэцэрлэггүй 16 хороо, сургуульгүй 31 хороог хойш нь тавьж 97 тэрбумаар хотын захиргааны байшинг яаравчлан барьсан. Есөн дүүргийн 24 талбайд орон нутгийн сонгууль дуустал өдөр бүр соёл, урлагийн үнэгүй арга хэмжээзохион байгуулна гэхүргүйзардлыг больж, ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч, хөгжих эрхийг нь хамгаалахад зориулъя гэж сөрөг хүчний зүгээс уриалж байгаа.Хотын төсөв 2016 онд 600 тэрбум байсан бол одоо 1,1 их наяд болтлоо тэллээ шүү дээ. Цэцэрлэг барих байтугай хөрөнгө байна аа гэсэн үг. Мөнгө хөрөнгөгүйдээ биш, байгаа батлуулаад авсан төсвийг үр ашиггүй зарцуулдгаас болоод амлалтаа ч биелүүлж чадахгүй байна. Эрх баригчдын нэг хандлага бий. Хамгийн түрүүнд дарга нар өөрсдийнхөө өрөө тасалгааг засдаг. Нийслэлийн Засаг дарга байсан Су. Батболд гэхэд өөрийн өрөөгөө музей шиг болгосон байсныг санаж байгаа байх. Бүүр сийлбэртэй ширээ сандлаар гангараад… Бусад агентлагийн дарга нар ч гэсэн өрөө тасалгаагаа тохижуулахаас ажлаа эхэлдэг. Түүнд асар их үргүй зардал гаргадаг. Ийм үрлэгэн байдалд нь сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй ханддаг боловч олонхиороо хүч түрээд чихгүй толгойлсоор ирлээ. Өнгөрсөн жил л гэхэд Хотын даргын хэдэн ч шийдвэр эргэж буцсан билээ. Иргэд мэдэж байгаа даа, зүүн эргэхийг хориглоно гэж байснаа буцсан, голлох замууд дээр шар төмөр хашаа авчирч тавьснаа буцааж авсан. Дараа нь талбай дээр баахан цагаан чулуунууд авчирсан нь мөн л шүүмжлэлд өртөж ийш тийш зөөсөн. Эргэж буцсан шийдвэр бүхний цаана төсвийн мөнгө үргүй урсч байна. Харлаган шийдвэр, үргүй зардалд сэтгэл эмзэглэхээ больчихож, эрх баригчид.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм15 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр12 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм15 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав