Дэлхий дахинд
Японы засгийн газар иргэдээ үнэ төлбөргүй Ковид-19 эсрэг вакцинд хамруулна
Японы Засгийн газар шинэ коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг улсынхаа бүх иргэдэд үнэ төлбөргүй хийхээр төлөвлөж байна гэж Лхагва гаригт эх сурвалжууд мэдээллээ.
Японы Засгийн газар ирэх жилийн Зургаадугаар сарын эцэс гэхэд Японд болон гадаадад үйлдвэрлэж байгаа коронавирусийн эсрэг вакцины хангалттай нөөцийг бүрдүүлэхээр болжээ. Тус ажлын хүрээнд 2020 оны нэмэлт төсвийн нөөц хөрөнгөөс 670 тэрбум иен зарцуулах юм байна.
Коронавирусийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийх бодлогыг ирэх долоо хоногийн эхээр Эрүүл мэндийн яамны зөвлөх зөвлөлийн хурлаар танилцуулах болно гэж эх сурвалжууд мэдээллээ.
Засгийн газар коронавирус болон улирлын чанартай томуугийн ханиадыг нэгэн зэрэг дэгдэхэд бэлтгэлтэй байна гэж найдаж байгаа юм.
Коронавирусийн эсрэг вакцины хөгжүүлэлтийг АНУ, Их Британи тэргүүлж байгаа тул Японы засгийн газар АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer Inc, Британийн эм үйлдвэрлэгч AstraZeneca PLC компаниудаас вакцины хангамж авах үндсэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ.