Улс төр
Их хуралд шургалсан “ишиг хурга”-ууд

Энэ намрын уртыг ч хэлэх үү, их хурлын гишүүдийн хөгжилтэйг ч хэлэх үү гэдэг шиг л өдрүүд үргэлжилсэн намрын дунд сарыг найрсагхан үдэж байна даа, манай монголчууд. Монголчууд язгуураараа найр наадамд дуртай, шог хошин мэдрэмжтэй ард түмэн учир дэлхийг айлгасан корона вирусийн балгаас болж хоригдсон байсан хамгийн ихээр үзэх дуртай хошин шогийн үзүүлбэрийг Монгол Улсын Их хурал хэмээх намхан босготой, намын тавиулуудын санаатай, санамсаргүй тавих жүжгийг үзээд санагалзах завгүй жилийг үдчих нь тэр.
Угтаа бол УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн дүнд бүрэлдсэн парламент гэж байгаа. Учиртаа бол үхрийн бөөр шиг эрээвэр хураавар, өлсгөлөн сэтгэлийг дамжин орж ирсэн зүс өөр зүг бүүр өөр, зорилго нэг нөхдийн цуглуулгаас гаргах авирыг харж, эрхэм гишүүдээ ч алддаа, энэ хэдийн хэн нь хэн бэ гэдгээ харсаар элэг хөшиж, бөөр унах нь хэмээн халширч эхлэх шиг. Ийм нэг алиа гэхээр балай болчих гээд арай ч дээ гэхээр бүүр сулдах шиг гээд байдаг зүг зүгийн тэнгэр нь таалсан зүсэн бүрийн ишиг хурганууд шиг 76-гаа харж, инээж, уйлж, ярвайж, ярзайсан монголчуудын амны уншлага “тавилан, тавилан” болчихсон байх шиг.
Өмнөх парламентад хэцүү нөхөд байсан ч өнөөдрийн нөхдийг бодвол арай дөмөг байсныг санагалзах нь аргагүй. Учир нь живхнээсээ салаагүй хүүхдээс дорой сэтгэх шинэхэн гишүүдийн хувьд “масст танигдах байвал гудамжинд хэвтсэн ч яахав” гэсэн дорд сэтгэхүй нь өдөр бүхнийг “галзуу” болгож байгаа нь даанч гунигтай. Ингээд живхтэй гишүүдийн жигтэй авир жирийн иргэдийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байгааг дурдая.
Энэ удаагийн сонгуульд эрээвэр хураавар олон хүн байсны нэг нь дөрөвдөгч засаглал хэмээн сэтгүүлзүйн салбараас дөрөөлж боссон хөтлөгч Б.Жаргалмаа байсан. Ухаан нь хүрэхгүй бол амаа хамхиж сурахын сайныг үл ойшоосон түүний хувьд сэтгүүлчдийн бичиж өгсөн мэдээг сайхан дуугаар уншихаас илүү сэтгэх шаардлагагүй ажил хийдэг байснаа мартсаны илрэл “сайт сонинд ярилцлага өгдөггүй, зөвхөн телевизэд өгнө” хэмээснийг Язгуур.мн сайтын сэтгүүлч эгдүүцэн гаргаж ирсэнээр багагүй дуулиан тарив.
Ер нь энэ их хурлын танхимд Сонгинохайрханаас сонгогдсон гишүүд “ширүүн” байгаа гэхэд болно. УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Х.Нямбаатар гишүүн болсоны дараахан “би нэг ч сэтгүүлчтэй маргаан үүсгээгүй, цагдаад шалгуулж, шүүхэд очсон зүйл байхгүй” гэж попорсон ч “14 настай настай хүүхэд…” гэсэн байдлаар цахимд пост оруулсан хүн бүхэнтэй хэрүүл маргаан үүсгэдэгээрээ алдаршсан. Сонгуулийн өмнө нийт 14 иргэнийг уг асуудлаар цагдаагийн үүд сахиулахад нэр бүхий сэтгүүлч, олны танил жүжигчин эмэгтэй хүртэл байсан бөгөөд үзэл бодлоо илэрхийлсэний төлөө өнөөдрийн байдлаар хоёр ч сэтгүүлч анхан шатны шүүхээс торгуулийн ялаар шийтгэгдээд байгаа гэдэг. Ийм нэгэн өчигдөр хэлснээ маргааш нь мартсан улс төрч өнөөдрийн парламентэд амь зулбан зүүгдэж явна.
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон П.Анужин төрийн өндөр албанд орж ирсэнээс хойш гурван том дуулианыг дэгдээсэн. Эхлээд удаагүй парламентад эхнэр хүүхдийн хэрүүл хийлгэж, Д.Сумьяабазар гишүүний өрхийг татаж, өглөөний цайг нь оронд нь бэлтгэж өгч байгаа шуугиан ёстой л хуурай өвсөнд түймэр тавих шиг дэгдсэн. Үүний дараа гэнэхэн, ялдамхан гишүүн эмэгтэй, төрийн түшээдийн хүндэтгэлийн хувцасны хээг хуульчлах шаардлагатай байгааг чуулганы танхимд гишүүний индрээс дэлдсэн нь мэдээ үзэж байсан олны амыг ангайлгаж, чихийг дэлдийлгэж орхив. Үүний дараа өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчид хандаж жиргэв. Ялдамхан бүсгүйн жиргээ хүртэл эрхэлж бичигддэгийг эрхээ биш бичиг үсэг гаргадаг монголчууд анзааралгүй өнгөрүүлнэ гэж үү…
Сүхбаатарын Ж.Батсуурийг хүмүүс танихгүй биш танина. Тэр хэмжээгээр ч үнэлгээ өндөртэй аймгийн дарга нарын нэг байсан. Улсын их хурлын сонгуульд хоёр үзэж байж арай гэж гарч ирэн их хурлын чуулганы танхимд тухалсан тэрбээр, “Улаанбаатарт байгаа хүмүүс өндөр үнэтэй мах авч идэх ёстой. Эрээнд очихоороо нэг килограмм махыг 36 мянгаар авч иддэг хэрнээ энд 8000 төгрөгөө мах авч иднэ гэдэг байж боломгүй” гэж иргэд, сонгогчдыг зандарч загнав. Ингээд зогсоогүй. “Нийслэл рүү орон нутгийн дугаартай машинуудыг нэвтрүүлэхгүй байх нь хотод үүсээд буй түгжрэлийг багасгана” хэмээн зандрав. Хаанаас сонгогдсон гишүүн болоод хаанахын иргэдийн хөлийг туших гээд байгаа нь даанч ойлгомжгүй. Үүнээс гадна, манай улсын өнөөгийн нөхцөл байдал хүнд, эдийн засаг шал дээр унасан, ирэх жилүүдэд ч хөл дээрээ босохооргүй байгаа гэдэг.
Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр өдрөөр унаж, ам.долларын ханш баригдах бүү хэл сураггүй алсарсан энэ цаг үед иргэдээ боддог гишүүд өнгөрсөн сонгуулиар даанч нэг гарч ирээгүй учир улс төрийн сонгуульд иргэд биш нам, тэр дундаа эрх баригч намын их мөнгө шийдвэр гаргаад байна гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлэх болсон. Их хурлын сонгуулийн өмнө улсын төсвийг тодотгох шаардлагагүй гэж үзэж байсан эрх баригчид төсвөөр сонгуульдсаныхаа дараа тодотгол хийхгүй бол болохоо байлаа хэмээн бархиралдсаар санасандаа хүрсэн. Өнгөрсөн жилүүдэд хамтарч идэж, улсаа өрөнд оруулсаар 30 тэрбум ам долларын гадаад өрөө төлж дийлэхгүй барьцаанд орсон МАНАН хаа нэг сэлэм эргүүлж хийрхэж гарч ирдэг намын даргаа харахаас өөр гарцгүй.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм17 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм19 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм18 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна