Нийгэм
Б.Сэргэлэн: “Замын-Үүд” чөлөөт бүс гацаанаасаа гарах цаг болсон…

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гурван чөлөөт бүс байдаг. “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур гэсэн. Сүүлийн жилүүдэд эдгээр чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, хууль эрх зүйн орчин бүрдсэн. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэнтэй чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хийгдсэн томоохон бүтээн байгууулалтууд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа.
-Сайн байна уу та? Ярилцлагаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудаас эхэлье…
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Замын-Үүд” чөлөөт бүсийн хувьд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2 км, БНХАУ-ын Эрээн хотоос 5 км зайд байрладаг тусгай бүс юм. Манай уншигчид чөлөөт бүс гэхээр чухам юу байдгийг бүрэн сайн ойлгож дэмждэггүй харагддаг. Угтаа бол “Чөлөөт бүс” гэдэг нь аливаа улс өөрийн орны газарзүйн байршил, түүхий эдийн нөөц боломжид тулгуурлан татварын хөнгөлөлт чөлөөлөлт урамшуулалын систем бүхий, зөвхөн тухайн газар нутагт үйлчлэх тусгай дэглэм бүхий нутаг дэвсгэрийг хэлдэг. “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлбэл 40 мянган хүн ажлын байртай болно гэсэн тооцоо судалгаа байдаг. Энэ нь дан ганц бүс тэр чигээрээ хөгжихгүй Дорноговь аймаг болон Замын-Үүд сумтайгаа давхар хөгжөөд явна гэсэн үг юм.
Дэлхийн 147 оронд 5000 гаруй чөлөөт үйл ажиллагаагаа явуулж байна. Яагаад энэ улс орнууд чөлөөт бүсийг бий болгоод хөгжүүлээд байгаа юм вэ? Ердөө л улс орны эдийн засгийн эргэлтийг сайжруулах хөрөнгө оруулалт татах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Бид ч бас ийм зорилт тээн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсэд Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая долларын хөнгөлөлттэй зээлээр дэд бүтцийн 4 багц ажил хийгдсэн байна. Тодруулж хэлбэл чөлөөт бүсийн эхний ээлжийн хатуу хучилттай 13,5 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, холбоо дохиоллын сувагчлалын ажил, Замын-Үүд” суманд 90 мВ хүчин чадалтай дулааны станц, чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 төвийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулсан байна. Мөн Замын-Үүд болон Замын-Үүд чөлөөт бүсийг цэвэр усаар хангах 500м3 багтаамжтай усны танк дөрвөн ширхэг, чөлөөт бүсэд байрлах 1600м3 цэвэр усны өргөтгөлийн станц, хоногт 3040 м3 хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламжийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулсан. Замын-Үүд сумын 110/10кВ-ийн дэд станцыг өргөтгөж “Замын-Үүд” чөлөөт бүсэд 2×16 мВт хүчин чадалтай дэд өртөө, 10/04 кВ-ын 16 дэд өртөө, 10 кВ-ын 2 хувиарлах байгууламж барьж байгуулсан байна. Мөн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд маань бүтээн байгуулалтаа эхлүүлээд байна.
Замын-Үүд боомтыг өргөтгөх, шинэчилэх ажил хийгдэж байгаатай холбогдуулан тус боомтын зорчигч тээврийн урсгалыг “Замын-Үүд” чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр “Замын-Үүд” чөлөөт бүс нь үйл ажиллагаанд ороход мэргэжлийн байгууллагуудын ажиллах нөхцөл, боломж, ачаа тээврийг нэвтрүүлэх бэлтгэл зохион байгуулалт үндсэндээ хангагдсан байна гэсэн үг юм. Замын-Үүд боомтоор зорчигч ачаа тээвэр нэвтрүүлэхэд үзүүлдэг бүхий л төрийн байгууллагуудын үйлчилгээг чөлөөт бүс дээр үзүүлж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.
-“Замын-Үүд” чөлөөт бүс БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар яригдаж байгаа. Энэ талаар…
Анх 2014 оноос эхлэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор төрийн тэргүүнүүдийн удаа дараагийн уулзалтаар эдийн засгийн коридор байгуулах, хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай судлахаар харилцан тохиролцсон байдаг. Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, бүс нутгийн шинжтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгагдсан бол, “Чөлөөт бүсийн тухай” хуулиар Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг зохицуулсан байгаа. Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг нилээн хэдэн жил судалж, хоёр талын удаа дараагийн уулзалтын үр дүнд саналаа нэгтгэж 2019 онд Монгол, Хятадын Засгийн газрын гишүүд баталгаажуулж гарын үсэг зурсан байдаг. Одоо тус хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах ажил хүлээгдэж байна.
-“Замын-үүд” чөлөөт бүсийн хувьд цаашид хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудаас дурьвал…
Манай байгууллагын хувьд одоогоор “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах, Монгол Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар , БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулах, “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын үйл ажиллагаанд оруулах зэрэг төлөвлөгдсөн ажлууд их байгаа. “Замын-Үүд” бүс маань нь Евро-Азийг холбосон газарзүйн гол зангилаа цэг дээр оршдог бөгөөд ОХУ болон Европын улс орнуудад хүргэгдэх ачаа тээврийг Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулж нэвтрүүлснээр эдийн засгийн коридорын гол зангилаа, урсгал бий болгож чөлөөт бүсүүд хамтдаа хөгжих боломжийг нээх юм.
–Дээрх хуулийн төслүүд хүчин төгөлдөр болсноор ямар давуу тал бий болох вэ?
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталснаар Чөлөөт бүсийн үйл ажиллагаа, аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжихээс гадна олон улсуудын туршлагаар эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд ажлын байр олноор бий болох өндөр техник технологи, инноваци нутагших, экспортод чиглэсэн бараа, ажил үйлчилгээг бий болгох гээд олон талын өгөөж авч ирэх эдийн засгийн хамтарсан бүс байгуулагдах юм.
Хамгийн гол нь “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээн, байнгын үйл ажиллагаанд оруулснаар эдгээр аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж, үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна. Тиймээс төр засгийн шийдвэр, сум орон нутаг, аж ахуй нэгжүүд, иргэдийн ойлголт, хамтын ажиллагаа маш чухал байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах, ажиллах хүчний хангалттай нөөцтэй, аж үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдсэн бүс нутгийг сонгон хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулна” гэсэн заалтууд тусгагдсан. Энэ ч утгаараа чөлөөт бүсийн үйл ажиллагаа өмнөх жилүүдээс идэвхжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний чөлөөт бүсийг хөгжүүлэх үйлсэд амжилт хүсье.
Б.Отгон

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент10 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг13 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм13 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм11 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм10 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно