Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвд газар хөдлөлтийн улмаас хөрсөнөөсөө доош 10 см-ийн ангал хэд хэдэн газарт үүсчээ. Энэ ангал сумын төвийн урдуур урсдаг голын ойролцоо гарч, тухайн үедээ газрын ангал мэтээр хуурай байсан бол одоогоос 5-6 хоногийн өмнө гүний ус олгойдон гарч 10-аад айл усанд автсан байна. Иймээс сумын төвийн төрийн албан хаагчид болон иргэдийн тусламжтайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг хийн, хөрсөнөөс дээш 40-50 см-т шороогоор далан хийсэн хэдий ч дахин даланг сэтэлж айлууд руу ус ороод байна. Иймээс аймгийн ОБГ-т мэдэгдэж зөвлөмж, тусламж авсаны дагуу дахин өнөө орой буюу 2-р сарын 13-ны өдөр  1 метрийн хэмжээтэйгээр элсээр хашаалж дахин далан хийжээ. Энэ өвлийн тухайд Ренчинлхүмбэ суманд цас ихээр орсон, 2-р сарын 10-ны орчим нэмж 20-д см цас орсоноос цасны хэмжээ 40-50см болоод байгаа ажээ. Хэдийгээр хаврын улирал эхэлсэн хэдий ч Дархадын нутагт өвөлжилт хүндэрч зудны байдалтай байгаа энэ үед сумын төв усанд автахад бэлэн болоод байгааг мэргэжлийн байгууллагууд хяналтандаа авч тусламж, дэмжлэг үзүүлэхийг сумдын иргэд хүсч байна.

Эх сурвалж Ренчинлхүмбэ сумын ЗДТГ