Улс төр
МАН “ТӨРИЙН ХИШИГ”-Т МӨРГҮҮЛЖ ТҮМНИЙ САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВНА

Монголын ардчилал мөхөж нэг намын дарангуйлал дор мөлхөх цаг ирснийг улс төр судлаачид ил тод ил цагаан хэлэх болжээ. Үнэн ч байж мэднэ. Сөрөг хүчин гэгдэх АН нь дотроо “алалцаж”, тамга тэмдэгний хэрүүл хийж байгаа нь эрх баригч МАН-д олдошгүй завшаан байлгүй яав гэж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болно. Энэ байгаагаараа бол Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялахад “үгүй мөн сонин юм аа” хийх хүн гарахгүй блов уу. Гэвч хачир дээрээ “хуурандаа” У.Хүрэлсүхийн эргүүлсэн сэлэм дор бөнжигнөнө өө гэсэн үг. МАН чухамдаа үүнийг л хүсч байгаа. Үүнийхээ төлөө ч Монголын төрийг тэр чигээр нь хөдөлгөж, баруун солгойгүй мөнгө цацах шинжтэй. Шулуухан хэлэхэд, төрөөр түрий барьж, түмний саналыг худалдаж авах тактикуудыг ар араас нь боловсруулж байгаа бололтой. Энэ нь ч хэдийнэ ил болжээ.
Ингээд олон үг тоочилгүй хэдхэн баримт дурдъя. Засгийн газар НХХЯ-наас 18-35 насны залуусыг хөдөлмөрт бэлтгэх нэрийн дор нэг сарын вакум сургалтад хамруулж, сая төгрөг халааслуулах юм байх. Эл хөтөлбөрт 5000 иргэнийг хамруулж 11.8 тэрбум төгрөг зарцуулна гэдгээ ч албан ёсоор зарласан. Энэ мөнгийг нь задлах аваас ямартай ч таван тэрбум нь сонгуулийн насны залуусыг худалдаж авахад зарцуулагдах бол үлдсэн 6.8 тэрбумыг нь байр, хоол, сургуулийн үйл ажиллагааны зардал, багш нарын цалин хангамжид шингээхээр тооцоолж.
Залуусыг зөв амьдралын дадал хэвшилд сургана гэсэн лоозон бүхий сургалтыг сонирхоход үнэн инээдтэй төрх харагдах юм гээч. Эхнийх нь, эрх баригчид залуучуудыг НДШ төлөх нь юунд хэрэгтэй вэ гэдгийг мэддэггүй харанхуй, бүдүүлэг, аж амьдарлаа зохицуулах чадваргүй, хөдөлмөрлөх дургүй гэж боддог байх нь. Үүнтэй холбоотой онигоо хүртэл гараад амжиж. Тухайлбал, “Социализмын үед үеээ өнгөрөөсөн нэгэн капитализмийн үеийн хүүхдээс “чи том болоод юу хийх вэ” гэхэд өнөөх нь “Би том болоод гуйлгачин болно” гэж. Асуулт асуусан хүн гайхаж “яагаад” гэхэд ажил хийж яах юм. Зүгээр байхад л мөнгө өгөөд амьдруулаад байхад”хэмээж. Үнэн хэдий ч өнөөдрийн нийгэмд намын нэрээр төрөөс угжуулж амьдраад сурсан бүхэл бүтэн үе, давхарга үүсч буйг ёжлосон хэрэг. Удаахь нь, сонгуульд ялж байвал бусад нь хамаагүй гэсэн үзэл эрх баригчдын тархинд гүн бат суучхаж. Баталгаа нь яг сонгуулийн насны 5000 залууд төрийн нэрийг барьж сургалт хийсэн хэмээн мөнгө тарааж тэдний саналыг худалдан авах ажиллагаа юм. Ийм ч учраас ирэх сарын 1-нээс эхлэх товтой байсан сургалтыг Засгийн газар өчигдөр /2021.03.17/ бэлтгэл ажил хангах нэрээр хойшлуулав. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 1-нээс сургалт нэрийн дор сонгуулийн санал худалдаж авах мөнгөө тараах стратеги төлөвлөгөө нь хэрэгжих нь. Сонгуулиар залуусын саналыг худалдаж авах нь гэж онцлон үзэж буй нэг шалтгаан бий. Энд Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогын дүнг аваад үзье.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Монгол Улсад 3.3 сая иргэнтэй. Үүний 2.1 сая гаруй нь сонгуулийн насных байна. Эдгээрийн 43 хувь нь буюу 903 мянга нь 18-35 насны залуус. Ийм учраас эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуулиар залуусыг барьцаалж сургалт явуулсан нэрээр татвар төлөгчдийн мөнгийг тарааж саналыг нь худалдаж авах үйл ажиллагаа зохион байгуулах нь хэмээн хардахад хүргэж байгаа юм. Нөгөө талаар Засгийн газар “Ковид-19” цар тахалтай тэмцэх нэрийн дор наяд, наядаар мөнгө төсөвлөж ямар ч хяналтгүй, тайлан тавихгүй зарцуулж байгаа нь харамсалтай. Засгийн газар эдийн засгаа гэргээх 10 наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарласан нь туйлдаж ядарсан ард түмний чихэнд сонсголонтой сайхан, сайшаалтай мэдээ юм. Гэвч энэ мөнгө яг зорилтод бүлэгтээ хүрч чадаж буй эсэх нь эргэлзээтэй. Мөнгөний нэг хэсэг нь МАН-ын дарга даамлын танил талаар, нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу, санал худалдаж авах арга хэмжээнд зарцуулагдаж мэднэ. Өмнөх тактикууд нь ч ийм л байсан.
Энэ бүгдээс үзэхэд Засгийн газар мөнгөтэй юм байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн хатуу хөл хорионд орж иргэд орлогогүй болсон. Жижиг, дунд бизнес эрхлэгчидын үйл ажиллагаа таг зогссон тул дампуурч 100 гаруй мянган хүн ажлын байргүй болсон тухай судалгаа бий. Манайхаас бусад улс орнууд ч ялгаагүй нийгэм, эдийн засгийн ийм нөхцөлд орсон. Тэгээд эдийн засгаа сэргээхийн тулд янз бүрийн арга хэмжээг авч буй. Өрх толгойлсон эцэг, эхчүүд болон олон хүүхэдтэй өрхүүддээ, амьжиргааны түвшин нь хоёр шатаар доошилсон гэр бүлд бэлэн мөнгө, бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг тараасан. Одоо ч тарааж буй гэнэ лээ. Энэ бол халамж биш. Өрхийн амьжиргаа, үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого. Алсуураа эдийн засгаа тэтгэх цусны эргэлт болсон мөнгөний нийлүүлэлт. Ийм учраас л Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулага өрх бүрд нэг сая төгрөг олгоё. Нийт зардал нь 950 тэрбум орчим төгрөг болно гэсэн тооцоо хийж, Засгийн газар, УИХ-д танилцуулсан. Гэвч эрх баригчид “Мөнгө байхгүй” гээд хүлээж аваагүй. Гэтэл 5000 залууг хувцаслаж нэг сар сургахаар 11.8 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Сонгуулиас сонгуульд зөвхөн ялалт байгуулахын төлөө ажилладаг, ард түмний төлөө сэтгэл, ухаан зардаггүй төр, засаг Монголд тогтжээ. Үүнийг эрх баригчдын попорсон яриа, ард түмнийг сонгуулийн халууралд автуулсан мэдэгдэл, төрийн нэрээр түрээ барьсан алсын хараагүй бодлогууд нь баталж байна. Тэднийхээр бол “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч бичиж болох аж. Тийм үгүй байтлаа л “Төрийн хишиг” хэмээн алга хавсран мөргүүлэх бодлогыг эрх баригчид хэрэгжүүлэх гэж зүтгэв гэж.
#МонголынМэдээСонин #СондгойӨнцөг

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм21 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм22 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм22 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна