Энтертайнмент
Б.МИШЭЭЛТ, Э.ЦЭНДБААТАР НАР ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын 2021 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж, манай хоёр боксчин медлийн болзол ханган, хагас шигшээд шалгарлаа.
Энэ өдөр эмэгтэйчүүд тулаан хийгээгүй бөгөөд эрэгтэйчүүдийн 1/4 шигшээ буюу медалийн төлөөх тулаанууд болов.
Манай тамирчдаас эхлээд -52 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энхмандах Энэтхэгийн Амит Амитад 2:3-аар ялагдсан бол -60 кг-д Э.Цэндбаатар Кыргызстаны Мунарбек Сейтбек Уулуг 5:0-ээр, -69 кг-д Б.Мишээлт Афганистаны Амири Хусейнийг нокаутаар ялж, шилдэг дөрөвт шалгарлаа.
Харин -75 кг-д О.Бямба-Эрдэнэ бэртлийн улмаас рингенд гарсангүй.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд Афганистан, Бахрейн, Индонез, Энэтхэг, Иран, Ирак, Казахстан, Киргиз, Кувейт, Лаос, Монгол, Филиппин, Катар, Шри-Ланк, Тажикистан, АНЭУ, Узбекистаны нийт 150 тамирчин оролцож байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.