Энтертайнмент
О.НАСАНБУРМААГИЙН КРАСНОЯРСКИЙН ГРАН ПРИГИЙН НАЙМ ДАХЬ МЕДАЛЬ
“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий аварга, ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн Красноярск хотод өндөрлөж байна. Сүүлийн өдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд үзүүрлэв. Түүний жинд таван бөх тойргоор барилдснаас Татьяна Смолиакыг 10:0-ээр, Албина Хрипковаг 15:2-оор ялж, Наталья Федосеевад 2:5, Вусала Парпиановичт 4:5-аар ялагдсан юм.
О.Насанбурмаа гавьяатын хувьд Красноярскийн тэмцээний найм дахь медаль болсон бөгөөд 2013 онд алт, 2015, 2017, 2021 онд мөнгө, 2011, 2018, 2019, 2020, онд хүрэл медаль хүртэж байв.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.