Улс төр
Б.ЦЭНГЭЛ: ШУЛУУХАН ХЭЛЭХЭД МИАТ КОМПАНИ ЦАР ТАХЛЫН ХЯМРАЛЫГ ДАВАХЫН ТУЛД СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД ӨӨРИЙН ДОТООД НӨӨЦ БОЛОМЖОО БҮРЭН АШИГЛАСАН
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй уулзаж дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө манай улсын үндэсний агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
Ковид-19 цар тахлаас шалтгаалж эдийн засаг хямарч байна. ТӨБЗГ нь төрийн өмчит компаниудыг удирдаж ажилладаг. Төрийн өмчит компаниудад энэхүү эдийн засгийн хямрал хэр нөлөөлж байгаа вэ?
-2020 оны жилийн эцсийн статистик мэдээгээр Монгол Улсын ДНБ 4.6%-ийн агшилттай буюу буурч гарсан. Манай орны гол экспортын салбар уул уурхай 9.9%-аар агшсан нь үүнд голлон нөлөөлсөн. Гэхдээ 9.9%-ийн бууралт бол ковид-19 цар тахлын үед бусад салбартай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм.
Харин ковид-19 цар тахлын үед хамгийн их нэрвэгдэж, үйл ажиллагаа нь зогсох дээрээ тулаад байгаа салбар бол жишээ нь Агаарын тээврийн салбар байна. Тэр дундаа Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн нийт орлогынхоо 75%-ийг олдог байсан олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны 2 дугаар сараас эхлэн өдийг хүртэл хязгаарлаж, зогсоосон хэвээр байгаа нь үүнд нөлөөлсөн.
График 1. “МИАТ” ТӨХК-ийн сүүлийн 5 жилийн үндсэн үзүүлэлт
МИАТ компани 2020 онд 58 тэрбум төгрөгийн, 2021 оны эхний хагас жилд 35 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, төлөгдөөгүй өр төлбөр нь 50 тэрбум төгрөгт хүрч, үйл ажиллагаа нь энэ оны 4 дүгээр улиралд зогсох эрсдэлтэй байна.
Олон нийт МИАТ компани 2020, 2021 онуудад тусгай үүргийн нислэг үйлдсэн, бас гадны зах зээлд карго тээвэр үйлдээд хангалттай орлого олж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл дампуурахдаа тулж байна гэнэ. Ямар учиртай юм бол?
-Цар тахлын үед МИАТ маань үндэсний агаарын тээвэрлэгчийн үүргээ маш сайн биелүүлсэн гэж боддог. Анх Ухань хотоос 30 оуютан иргэнээ авчирсан, бусад гадаад орнуудаас өөрийн иргэдээ татан авчрах тусгай үүргийн нислэгийг тасралтгүй үйлдсэн, мөн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, вакцин тээвэрлэн авчрах карго ачааны нислэгүүдийг төлбөрийг нь дараа хүлээн авах нөхцөлтэйгээр үйлдсэн гэх мэтээр үүргээ сайн биелүүлсэн. 2021 оны 3 дугаар сараас эхлээд тусгай үүргийн нислэгийн тарифаа 15%-аар ч бууруулж ажилласан. Хэрэв энэ хүнд үед МИАТ компани байхгүй байсан бол бидэнд хувийн компани энэ зэргийн ачаалал үүрч, хариуцлага хүлээж ажиллаж чадах байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Бүр өмнөх жишээ дурдвал 2011 онд Японд газар хөдлөлт болоход иргэдээ МИАТ-ийн онгоцоор эх орондоо үнэгүй тээвэрлэн авчирч байлаа. Гэх мэтчилэн олон зүйл бий.
Гэхдээ МИАТ компани маань ковид-19 цар тахалгүй үед жилдээ 2500 гаруй нислэг буюу сард дунджаар 210 нислэг үйлддэг байтал цар тахлаас шалтгаалж сард ердөө 20 орчим олон улсын нислэг, 10 орчим Оюу Толгой чиглэлийн нислэг үйлдэж байна. Эндээс харахад МИАТ ТӨХК-ийн нислэг үйлдвэрлэл нь 6-аас 7 дахин буюу 70 гаруй хувиар буурсан учраас өмнө нь хэлсэн 58, 35 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Цаасан дээр бол энэ компани аль хэдийн дампуурсан. Гэхдээ МИАТ 2020 оны 2 дугаар сараас эхлэн цар тахлын хямралыг даван туулах ажлын хэсэг байгуулж, орлого, зардлын менежментийн хүрээнд нэмэлт орлого олох, зардлаа бууруулах, төлбөрийг хойшлуулах, харилцагч байгууллагуудтайгаа хэлцэл хийж зээл, тусламж авах зэргээр ажилласны үр дүнд өдийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Бидний хийсэн тооцооллоор МИАТ ТӨХК нь энэхүү менежментийн ажлуудыг огт хийгээгүй байсан бол 2020 оны 11 сард дампуурлаа зарлачихсан байна гэсэн судалгаа гарсан.
МИАТ компани нь хэт олон ажилтантай, тэднийхээ цалин хөлсийг дийлэхгүй болохоор дампуурахад хүрсэн нь энэ үү? Өрсөлддөг Кореан Эйр, Эйр Чайна гэхэд 1 онгоцонд ногдох ажилчдын тоо ийм бага байна гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр багагүй гарч байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Яг одоогийн байдлаар МИАТ ТӨХК нь 802 ажилтны орон тоотой, 5 агаарын хөлөгтэй үйл ажиллагаа явуулж байна. Нэг онгоцонд 160 ажилтан ногдож байгаа гэсэн үг. Гэтэл түрүүн жишээ авсан Кореан Эйр, Эйр Чайна компанийн 1 онгоцонд 125, 200 ажилтан ногдож байгаа. Дундажлаад үзвэл ойролцоо гарна.
Гэхдээ үүнд анхаарах хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл: МИАТ ТӨХК нь иргэний агаарын тээврийн нислэгтэй холбоотой бүх ажлаа өөрсдөө хийдэг. Нислэг, техникийн засвар үйлчилгээ, борлуулалт, маркетинг, газрын үйлчилгээ, сургалт зэрэг. Бусад гадны тээвэрлэгч компаниуд бол эдгээр техник үйлчилгээ, газрын үйлчилгээ, маркетинг зэргээ тусад нь охин компани байгуулж ажиллуулаад, охин компанийнхаа ажилчдыг нийт ажилчдынхаа тоонд оруулахгүй тооцоод явдаг. Ингэж тооцохоор зарим компанийн ажилчид МИАТ-ийнхаас бага юм шиг харагддаг. Харин МИАТ ТӨХК эдгээр үйл ажиллагаагаа тусад нь охин компани байгуулаад гаргачихвал 1 онгоцонд ногдох ажилтны тоо 100-аас ч бага болж харагдана.
Мөн зайлшгүй анхаарах нэг зүйл бол МИАТ компани нь нислэгийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээнүүдээ өөрсдийн ажилчдаар хийлгэснээр гаднын компанид төлөх зардлаа хэмнэдэг. Жишээлбэл: Техникийн засвар үйлчилгээгээ гаднын компаниар хийлгэвэл тэр компанийн ажилчдын цалин, хоол, унаа тэрэг, мөн ашгийг нэмж төлөх шаардлагатай болно. Энэ зардлуудыг МИАТ өөрөө хэмнээд, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, хэмнэлттэй ажиллаж байгаа. Мөн гаднын үнэтэй програм хангамжийнг авч хэрэглэхийн оронд хүн ажиллуулаад хэд дахин бага зардал гаргадаг. Үүнээс гадна агаарын хөлгийн нас, төрлөөс хамаараад ажилтны тоо тогтдог зэрэг олон хүчин зүйл бий.
Дээрээс нь нэмж хэлэхэд МИАТ компанийн ажилтнуудын цалингийн зардал нь бусад агаарын тээврийн компаниудын дунджаас 2-оос 3 дахин бага байдаг. Цалингийн зардал нь нийт зардлынхаа багахан хувийг эзэлдэг гэсэн үг.
Төрийн өмчит компаниуд угаасаа алдагдалтай ажилладаг болохоор улсаас алдагдлыг нь санхүүжүүлдэг гэж иргэд ойлгодог. МИАТ ТӨХК улсын төсвөөс жилд хэдэн төгрөгийн татаас авдаг вэ?
-Энэ бас л олон нийтэд байдаг ташаа ойлголтуудын нэг. МИАТ ТӨХК нь өөрөө өөрийнхөө орлогоор зардлаа 100% санхүүжүүлж ажилладаг бие даасан компани. Өөрөөр хэлбэр улсын төсвөөс 1 ч төгрөг авдаггүй. Харин ч 2017, 2018, 2019 онуудад жил дараалан өндөр ашигтай ажиллаж, улсын төсөвт ногдол ашиг, татвар, хураамж, шимтгэл хэлбэрээр жилдээ 30 орчим тэрбум төгрөг төлдөг байсан. Гэвч 2020 оны эхнээс нислэгүүдийг нь зогсоосноор уг үзүүлэлтдээ хүрээгүй.
Тэгэхээр ТӨБЗГ хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн хямралыг яаж шийдэх ёстой гэж үзэж байна вэ? Хэрвээ “МИАТ” ТӨХК дампуурвал юу болох вэ?
-Шулуухан хэлэхэд “МИАТ” ТӨХК сүүлийн 2 жилд цар тахлын хямралыг давахын тулд өөрийн дотоод нөөц боломжоо бүрэн ашиглаад дуусч байна. Ямар ч боломжид хязгаар байдаг. Хязгаартаа тулчихсан, цаашаа явах боломжгүй болсон гэж ойлгож болно. Яг энэ үед манай улсын Засгийн газар олон улсын жишгээр үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл тусламж олгох зэргээр санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Эс бөгөөс үндэсний агаарын тээвэрлэгч компани маань дампуурах нөхцөлд хүрээд байна. Далайд гарцгүй, 2-хон хөрштэй орны хувьд стратегийн ач холбогдолтой агаарын тээврийн салбарын үндэсний компаниа алдаж болохгүй гэж үзэж байгаа. “МИАТ” ТӨХК дампуурвал гадны том тээвэрлэгч Кореан Эйр, Асиана, Туркиш Эйрлайн, Аэрофлот, Эйр Чайна компаниуд манай зах зээлийг өөрийн санхүү, нислэгийн сүлжээний давуу талаа ашиглан өөрийн болгоно. Энэ нь Монгол Улс өөрийн агаарын тээврийн салбараа хянах боломж, чадваргүй, бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй болно гэсэн үг. Зөвхөн эдийн засгийн бус улс төр, гадаад харилцааны хувьд ч бодлого хэрэгжүүлэх боломжоо алдана гэсэн үг. Мөн “МИАТ” ТӨХК 2013 онд Б767 агаарын хөлгийн зээлийг АНУ-ын PEFCO банкнаас авахад манай улсын Засгийн газар зээлийн баталгаа гаргаж өгсөн байдаг. Хэрэв МИАТ ТӨХК дампуурч, энэхүү зээлээ төлж чадахгүйд хүрвэл олон улсад манай Засгийн газрыг төлбөрийн чадваргүй гэж зарлах эрсдэлтэй. Энэ нь цаашаагаа ямар ямар сөрөг үр дагаврууд үүсгэхийг та бүхэн мэдэж байгаа байх.
Дэлхий дахинаа улс орнуудын Засгийн газар нь 2020 онд агаарын тээвэрлэгч компаниуддаа тусламж болгон өгсөн мөнгөн дүн нь 173 тэрбум доллар буюу 2019 оны борлуулалтын орлогын 14%-тай нь тэнцэхүйц тусламжийг өгсөн байна. Үүний 78 тэрбум доллар нь буцалтгүй тусламж, 94 тэрбум доллар нь нэн хөнгөлөлттэй зээл байна.
Тэд яагаад ингээд агаарын тээвэрлэгч компаниудаа дэмжээд байна вэ гэхээр цар тахлын дараах эдийн засгийн ширүүн өрсөлдөөнд өөрийн үндэсний компаниудаа бэлтгэж байна. Олон арван агаарын тээврийн компаниуд дэлхий даяар дампуурсан байгаа. Үүнээс шалтгаалж үүссэн хоосон зах зээлийг эзлэхийн төлөө өрсөлдөөн явагдана. Тэд үүнд бэлдэж байна. Ковид-19 цар тахал хэзээ нэгэн цагт дуусна, эсвэл энгийн нэг өвчин болно. Тэр үед бид агаарын тээврийн зах зээл, ялангуяа аялал жуулчлалын салбарын өрсөлдөөндөө бэлэн байх үүднээс МИАТ компанид Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлэх нь зөв болов уу гэж бодож байна. Жишээ авч яривал 2020 оны 11 дүгээр сард БНСУ-ын Засгийн газраас улсынхаа хөгжлийн банкаар дамжуулж Кореан Эйр компанид Асиана Эйрлайнс компанийг худалдан авахад нь зориулж 800 тэрбум воны санхүүжилтийг олгосон байна. Энэ 2 компани 2-уулаа Монгол Улс руу шууд нислэг үйлддэг компаниуд. Олон улсад энэ мэтчилэн бэлтгэл ажлуудыг хийж байна.
Засгийн газраас МИАТ компанид санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь өөр ямар ач холбогдолтой вэ? “МИАТ өөрөө хувийн арилжааны банк, санхүүгийн байгууллагаас дэмжлэг авах боломжгүй юу?
-Түрүүн дурдсанчлан МИАТ компани сүүлийн 2 жил өөрийн бүхий л нөөц боломжоо ашиглаад, эцсийн зогсоол дээрээ ирчихээд байна. Нэмэлт орлого олох, зээл тусламж авах, зардлаа бууруулах, хойшлуулах гээд бүхий л боломжит аргаа шавхаад дууссан. Иймээс одоо үлдэж буй эцсийн арга нь Засгийн газрын дэмжлэг юм гэж үзэж байгаа.
ТӨБЗГ-аас төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс нэлээд хэдэн компаниудын тодорхой хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах (гэхдээ төвлөрөл үүсгэхгүйгээр) бэлтгэл ажил хийгдэж байгаа. Үүний нэг нь бол “МИАТ” ТӨХК.
Олон улсын жишгийг харвал Туркиш Эйрлайнс компанийн 49%-ийг Засгийн газар нь, үлдсэн 51%-ийг нь олон нийт нээлттэй эзэмшиж байна. Манай 2 хөрш орны хувьд Аэрофлот компанийн 57%-ийн ОХУ-ын Засгийн газар, Эйр Чайна компанийн 50-аас илүү хувийг БНХАУ-ын Засгийн газар нь төрийн өмчит компаниудаараа дамжуулан эзэмшдэг. Үлдсэн нь олон нийтэд нээлттэй байдаг. Кореан Эйр компанид төр нь хувь эзэмшдэггүй ч гэсэн үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд дээр дурдсан жишээгээр дэмжиж ажилладаг.
Олон нийтэд хувьцааг нь нээлттэй арилжихдаа анхнаас нь үнэ цэнийг нь өндөр байлгах үүднээс өмнө дурдсанчлан Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна. Засгийн газрын санхүүгийн дэмжлэг дараах 2 давуу талыг үүсгэнэ. Үүнд:
1-рт. Үндэсний агаарын тээвэрлэгч компанийнхаа санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх,
2-рт. Нээлттэй хувьчлах бэлтгэл ажлын хүрээнд үнэлгээг нь өсгөж өгч байна.
Ийм 2 давуу талтай байна.
Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар маань маш чухал салбар шүү дээ. Манай орныг зорьж буй ихэнх жуулчид онгоцоор хил нэвтэрдэг. Цар тахлын дараа манай орны онгон зэрлэг байгаль гадны жуулчдыг татах том хөшүүрэг болно гэж бодож байна. Үүнд бид эртнээс бэлдэх хэрэгтэй.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм24 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр21 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм22 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм22 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна