Улс төр
Н.АЛТАНХУЯГ: СҮР, БЯР, БИЧЛЭГЭЭР ХҮНИЙ ҮГ ХЭЛЭХ ЭРХИЙГ ХААЖ БООХ ГЭДЭГ БОЛЖ
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өчигдөр хуралдаж Жагсаал цуглаан зохион байгуулсан зарим иргэнийг цагдан хорьсон нь хүний эрхийн зөрчил болсон эсэхийг хэлэлцлээ. Энэ удаагийн парламентын хугацаанд тус хороо гурав дахь удаагаа хуралдсан нь энэ юм. Эхний удаад цар тахлын үед гадаадад байгаа монголчуудын эрх зөрчигдөж байгаа асуудлаар хуралдсан бол түүний дараа цэргийн албанд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг хөндсөн билээ.
Хуралдаанд дэд хорооны гишүүдээс гадна УИХ-ын зарим гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, хууль сахиулах байгууллагуудын төлөөллүүд оролцсон байна.
Улс төрийн нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, иргэнээс 2020 онд Улаанбаатар хотод 201 удаа, орон нутагт 36 удаа, үүн дотор гурван өлсгөлөн зохион байгуулжээ. Харин энэ онд нийслэлд 189 жагсаал цуглаан зохион байгуулсан бол орон нутагт 25, өлсгөлөн 9 удаа бүртгэгдсэн гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн юм.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа: ХЭҮК-оос хүний тайван жагсах, хуран чуулах эрх чөлөөгөө эдлэх баталгаа хэврэг, энэ орон зай цаашид улам хумигдах эрсдэлтэй гэж дүгнэсэн. Суурь шалтгаан нь төрийн бодлогыг шүүмжлэх, улс төрийн өнгө аястай жагсаж цуглахад айж цэрвэх, хачирхах, хардах төрийн албан хаагчийн хандлагатай холбоотой гэж үзэж байна. Зүй нь тайван жагсаал, цуглаан бол ардчилсан улсын хэвийн амьдралын нэг хэсэг байж, эсрэг тэсрэг байр суурийн уралдаан, шүүмжлэл нь төрийн эрх мэдлийг хянах, бодлого үйл ажиллагаагаа сайжруулахад чухал хувь нэмэр болох учиртай.
Мөн цар тахлын үед Засаг даргын захирамжаар бүх жагсаал цуглааныг нийтлэг байдлаар хязгаарлах журмыг хэрэгжүүлсэн нь хүний эрхийн зарчимтай нийцэхгүй байна. Мэдэгдэх, бүртгүүлэх гэж нэрлэсэн боловч үнэн хэрэгтэй зөвшөөрөл олгох механизм юм. Энэ хэвээр байвал цаашид иргэд болон цагдаагийн албан хаагчдын хооронд маргаан тэмцэл тасрахгүй, үзлээ бодлоо илэрхийлэх гэсэн иргэд эрүү, зөрчлийн хэрэгт холбогдох, хууль сахиулсан цагдаагийн жирийн алба хаагчид ажил, амьдралаараа хохирсоор байх болно.
Түүнчлэн цагдаагийн албан хаагчдад жагсаал цуглаанд хөндлөнгөөс хүч түрэмгийлэн оролцдоггүй байх ур чадварыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тиймээс ХЭҮК-оос Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль болон дагалдан хуулиудыг боловсронгуй болгох, цагдаагийн алба хаагчдыг сургаж, дадлагажуулахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: No naadam хөдөлгөөнийг гаднын орны санхүүжилтээр зохион байгуулсан гэдэг мэдээлэл байна. Үүнийг шалгаж байгаа юу.
Мөн төрийн тусгай хамгаалалттай бүс болох Цагдан хорих төв рүү хүмүүс дайрч ороод иргэн Д.Монголхүүг аваад явсан гэдэг мэдээллийг өмнө нь өгсөн. Үнэхээр тусгай хамгаалалттай газар руу хүмүүс дайраад орсон хэрэг үү. Үүнийг тодруулж өгнө үү.
ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ: Иргэн Д.Монголхүүг Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээн авах үед буюу 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө болсон явдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ нь хоёр минутын л хугацаанд үргэлжилсэн асуудал юм. Иргэн Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорихоор 461 дүгээр ангийн нэвтрэх хэсэг буюу шалган нэвтрүүлэх байранд цагдаагийн алба хаагчид хүргэж ирсэн. Ингэхдээ Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цагийн хугацаатай баривчлах шийдвэр гарсан. Шийдвэрийг өөр мөрдөгч араас авчирч байгаа. Бидний араас олон иргэн дагаад байгаа учраас танай шалган нэвтрүүлэх хэсэгт ороод, цагдан хорих шийдвэрийг авчиртал байж байя гэдэг асуудал тавьсан. Тэднийг орж ирээд байж байтал иргэн Э.Одбаяр болон Д.Монголхүүгийн өмгөөлөгч, бусад иргэний хамт орж ирж тогтоолгүйгээр хүн хорьж байна гэдэг асуудал тавьсан. Яг энэ үеэр иргэн Э.Одбаяр Д.Монголхүүг хүчээр тэврээд шалган нэвтрүүлэх байрнаас авч гарсан. Ийм л асуудал болсон.
Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүй цагдан хорих тогтоолыг манай шалган нэвтрүүлэх байранд авч ирээгүй байсан учир бид түүнийг хорих ажиллагааг эхлүүлээгүй байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Жагсаж, цугласны төлөө иргэдийг барьж хорьсон гээд байгаа. Гэтэл холбогдох байгууллагуудын хэлж байгаагаар жагсаж, цугласанд нь хориогүй, өмнө нь шаардлага тавьсан, өөр асуудлаар цагдан хорьсон юм байна. Тэгвэл яагаад энэ дуу хоолой чинь сонсогдохгүй байгаа юм бэ. Иргэд жагсаал, цуглаан хийсний төлөө барьж хорьж байна гэж ойлгоод байгаа шүү дээ.
Манай одоогийн Ерөнхий сайд doudle standart-ийг эсэргүүцдэг хүн шүү дээ. Жагсаал, цуглааныг хүндэтгэдэг. Гэтэл энэ явдал УИХ, Засгийн газрыг гутаах хэмжээнд очоод байна. Зааг ялгааг нь сайн гаргаж ирэх хэрэгтэй байна. Яг жагсаал, цуглааных нь үеэр бариад байх шаардлага байна уу. Дараа нь бол л доо. Үндсэн хуулийн эрхээ эдлээд явж байхад нь шаардлага биелүүлэхгүй байна гээд баривчилж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Иргэд юунд бухимдаад байна вэ гэхээр double standart гэдэг юманд бухимдаад байгаа юм. Хууль адил үйлчлэхгүй байна. Дарга нар, эрх баригчид жагсахаар нэг өөр, жирийн иргэд жагсахаар өөр хандаад байна. Зарим дарга нар хэдэн арван нэг барьж цуглаан зохион байгуулж байхад жирийн иргэд хүүхдийн гутал өрөөд тэдэн хүүхэд нас барлаа гэж мэдэгдэх гэхээр гутлыг нь хураагаад авчихдаг. Төрийн албан хаагчид ингэж ялгаварлан гадуурхдагаа болиоч гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Манай улсад жагсаал цуглаан багадаагүй. Статистикаас харахад иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон жагсаж цуглах эрх хангалттай байгаа юм байна. Яг үнэндээ энэ олон жагсаал цуглааныг улс төрийн намууд, улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд зохион байгуулдаг. Улс төрчид ард нь сууж зохион байгуулаад нидэр дээрээ тэр жагсаалын туг нь болсон 2-3 иргэн, хууль сахиулсан цагдаагийн албан хаагч бурууддаг.
Төрийн байгууллагууд та бидний баталсан хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Түүнээс биш өнөөдөр хүний эрх зөрчигдөөд, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байна гэж ярих гэж байгаа бол санал нийлэхгүй. Харин ч Монгол Улсад юу л байна жагсаал цуглаан л байна. Энэ чинь иргэд эрхээ эдэлж байгаа хэрэг биш үү. Төр засгийнхаа бодлого шийдвэртэй санал нийлэхгүй шүүмжилж байгаа хэрэг юм биш үү.
Тийм болохоор хуулийн байгууллагуудаас асуухаас илүүтэй улс төрийн намууд, улс төрчид, улс төрд хамаарал бүхий этгээдүүд өөрсдөө хүний эрхийн хангах тал дээр хандлагаа өөрчилж, иргэд, хууль сахиулагчдыг битгий хохироогооч гэж хэлмээр байна. Төрийн байгууллага иргэн хоёрын хооронд асуудал үүсгээд байгаа нь улс төрчид.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Иргэн Э.Одбаярыг цагдан хорьсон үндэслэл нь юу вэ.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Иргэн О-г шүүхийн байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1.4-т заасан үндэслэлээр цагдан хорьсон. Энэ нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно гэж заасан байдаг.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дарга нар талбай дээр гэр барьж жагсаж болдог, харин АН-ын хэрэлдсэн 13 амьтан тэнд гарахаар дэвсгэр олддоггүй. Үүнийг хоёр нүүр гэж байгаа юм. Монголын төр ингэж хоёр нүүр гаргаж болохгүй.
Сүр, бяр, бичлэгээр хүний үг хэлэх эрхийг хааж боох гэдэг болж. Эрх баригчид та нар доор байгаа албан тушаалтнууддаа бидний үгээр биш хуулийн дагуу хүний эрхийг нэгдүгээрт тавьж ажилла гэж хэлээч. Гэтэл цаадуулаа хашраагаад өг гэж явуулж байна. Хуулийн байгууллагуудад хандаж хэлэхэд хүний эрхийн мэдрэмжтэй баймаар байна. Ядарсан, үг хэлэх гэсэн иргэнийг битгий дарамтлаад бай л даа. Үгээ хэлэх гэсэн хүнийг машинд чихэж суулгаж байгаагаа их мундаг гэж бодож болохгүй.
Иргэд ч гэсэн цагдаа руу дайраад байх дэмий юм. Тэд чинь хууль биелүүлж байгаа. Харин хууль сахиулагчид хүний эрхийг биш даргын үгийг л биелүүлээд байна.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм21 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр18 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм21 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө