Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД СУРГАГЧ 1,000 БАГШ БЭЛТГЭНЭ

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар,

  • Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;
  • Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;
  • Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;
  • Ойн салбарын технологи, инновацын шийдэл;
  • Ногоон санхүүжилт – Таны боломж сэдвээр илтгэж сонсож, хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Аливаа салбарын мэргэжлийн чадварлаг боловсон хүчний нөөц бол тухайн салбарын хөгжлийн хөдөлгөх гол хүчин юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1,000 сургагч багш бэлтгэнэ.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж буй ойн салбарын болон усны мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, ард иргэд, нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг сайн дурынхан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, Ойн салбарын үндэсний чуулганд амжилт хүсье.

Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн амин чухал асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхийн эдийн засгийн хямрал, аливаа нэг дайн дажин, цар тахлыг хүн төрөлхтөн даван туулсаар ирсэн.

Харин олон сая жилийн туршид бүрэлдэн бий болсон байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хүн төрөлхтний цаашдын оршин тогтнолд хамгийн том аюул учруулж байна.

Бурхны сургаалд нэг сайхан үг байдаг. Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол гэж.

Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах амаргүй хүнд сорилттой тэмцэж байгаа хэдий ч байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийн зорилтоо хойш тавилгүйгээр улам эрчимжүүлж, арга барилаа эрс шинэчилж, бодит үр дүн гаргахад дэлхий нийтээр онцгой анхаарч байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын бага хурал өнгөрөгч хоёр долоо хоногийн турш Шотландын Глазгоу хотод болж, дэлхийн 120 гаруй улсын төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, хувийн хэвшил, баялаг бүтээгчид оролцлоо.

Уг дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулсан “Ой ба газар ашиглалт” сэдэвт тусгай салбар хуралдааныг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даргалж, “Глазгоугийн удирдагчдын тунхаглал”-ыг танилцуулсан.

Тунхаглалд дэлхийн ойн сангийн 85 орчим хувийг бүрдүүлдэг 105 улс орон нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд ойн хомсдол, газрын доройтлыг зогсоож, ойг нөхөн сэргээхийн тулд дэлхийн улс гүрнүүд хамтран ажиллах амлалт өгсөн.

Уг тунхаглалд манай улс нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй дэлхий нийтийн их үйлсэд санал, санаачилгатай оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаа амлаж, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгаагаа илэрхийллээ.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, технологийн болон оролцогч талуудын бэлэн байдлыг хангах зэрэг салбарт 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг хөгжингүй орнууд манлайлан босгож, хөгжиж буй улс орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Дэлхийн ихэнх орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дараах хоёр үндсэн чиглэлээр тэмцэж байна.

Нэгдүгээрт, хүлэмжийн хийн ялгаруулагчийг хязгаарлах. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эрс нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийн салбар, хүний амьдралын хэв маягт хэмнэлттэй ногоон техник, технологи, инновац нэвтрүүлэх.

Хоёрдугаарт, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх буюу мод тарих, ойжуулах, ойн сан, ой модны нөөцийг хамгаалах ажлыг эрчимжүүлж байна.

Манай улсаас үүсэлтэй шар шороон шуурга нь БНХАУ, цаашилбал Ази, Америк тив хүртэл нүүдэллэж жилдээ олон тэрбум ам.долларын эдийн засаг, экологи, эрүүл мэндийн хохирол учруулж байна.

Монгол Улсын агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр байна. Тэрчлэн манай нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн, ялангуяа 45.4 хувь буюу нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь туйлын сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.

Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдаж байгаатай утга нэг юм. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.

Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс шалтгаалан Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өссөн байна.

Цаашид бид уур, амьсгалын өөрчлөлт, ялангуяа цөлжилт, шар шороон шуурганы эсрэг тэмцэж буй бодлого, зорилт, арга барил, хандлагаа эрс өөрчлөн, бодитой үр дүнд хүрэхийн тулд өмнөхөөсөө хэд дахин илүү хурдтай ажиллах шаардлагатай байна.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхийн нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлээд байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай ханган хэрэгжүүлэх үүднээс тусгайлан зарлиг гарган Засгийн газарт хүргүүлээд байна.

Уг зарлигт уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн үндэсний цогц стратеги, хөтөлбөр шинэчлэн боловсруулах, эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтийн хэмжээг ДНБ-ний нэг хувьд хүргэх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг эрс сайжруулахыг  чиглэл болгосон.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах” үндэсний хороо байгуулагдлаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд ойн салбарын төрийн захиргааны байгууллага байгуулах, ойн ангиудыг агентлагийн харьяанд нэгтгэн босоо бүтэцтэй болгох, шат шатны ойн байгууллагыг мэргэжлийн хүнээр удирдуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийн хуулийн стандартыг шинэчлэх, ойн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байгалийн бүс, бүслүүр болгонд тохирсон ой мод тарьж ургуулах, арчлах, хамгаалахтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө, мод тарих арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмж, үйл ажиллагааны нэгдмэл ойлголт, нэгдсэн стандарт зэргийг ойн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачидтай хамтран шинжлэх ухаанчаар боловсруулж, зохих шийдвэр гарган, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Монгол Улсын хөгжлийн суурь нь тогтвортой хөгжлийн үзэл санаа юм. Тогтвортой хөгжлийн үндэс суурь бол байгаль эхээ хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах юм.

“Тэрбум мод” тарьж ургуулах нь зөвхөн дан ганц байгаль орчны салбарын ажил биш ээ. Энэ бол монгол хүн болгон сэтгэл зүрхээрээ оролцох ёстой ажил юм.

Мэдээж нийгэм, эдийн засгийн аль ч салбарыг экосистемд ээлтэй, ногоон хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд ой, ойн аж ахуй голлох үүрэгтэй оролцох ёстой. Энэ чиглэлд дэлхийн улс орнууд олон санал, санаачилга гаргаж, ялангуяа их хэмжээний мод тарих хөдөлгөөнийг дор бүрнээ өрнүүлж эхлээд байна.

Манай өмнөд хөршийн “Их ногоон хэрэм”, Африк тивийн “Ногоон хэрэм” зэрэг томоохон төсөл, Казахстаны 2 тэрбум, Пакистаны 10 тэрбум мод тарих хөдөлгөөнөөс энэ бүхнийг харж болох юм.

Мод тарих амархан, ургуулах хэцүү гэж ойн салбарынхан хэлдэг. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна.

Манай улс 1938 онд Усны аж ахуй, 1958 онд Ойн аж ахуйг анх байгуулж энэ салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх суурийг тавьснаар зарим аймаг, орон нутгийн ДНБ-ий 5-10 хувийг ойн салбараас бүрдүүлж байсан түүхтэй. Өнөөдөр  улсын хэмжээнд ойн салбарын 1,200 гаруй, усны салбарын 4,200 орчим боловсон хүчин байна.

Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгох, мод тарьж ургуулж буй олон улсын тэргүүний техник, технологи, арга, аргачлалыг судлан нэвтрүүлэх, нутагшуулах, хашаандаа мод тарьж буй иргэдийг мэдлэг, мэдээлэлтэй болгох шат шатны сургалтуудыг хийж хэвших шаардлагатай байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь манай ард түмний экологийн боловсрол, ахуйн соёл, төлөвшлийг шинэ шатанд хүргэн хөгжүүлнэ гэдэгт би итгэж байна. Мод, ургамлыг хайрлаж өссөн хүн улс орноо хайрлах зөв сэтгэлтэй иргэн болон төлөвших нь ойлгомжтой.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй зэрэгцэн ойн сийрэгжүүлэлтийн ажил хийгдэх явцад уулнаас мод сугалж, өөр газарт шилжүүлэн суулгах нэрийдлээр модны амь таслах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зүй зохисгүй тохиолдол гарч байгаа шүүмжлэл гарах боллоо.

Ард иргэдийн сэтгэл санааг зовоож, уулнаас мод хулгайлах, хууль бусаар мод огтлох, хөрс, шороо, ус, усны эх бохирдуулах зэрэг байгаль орчны эсрэг гэмт үйлдлийг экологийн цагдаа, байгаль хамгаалах албад нэн яаралтай шалгаж, зохих арга хэмжээг нэн даруй авч, иргэдэд бодит мэдээлэл өгч байх шаардлагатай байна.

Байгаль дэлхийн эсрэг аливаа гэмт үйлдэл бол хүн төрөлхтөн, ирээдүй хойч үедээ заналхийлж буй өршөөж болохгүй гэмт хэрэг юм.

Монголчууд бид найман наснаас 80 нас хүртлээ бүх нийтээрээ байгаль хамгаалагч байж, байгаль орчноо хайрлан, аливаа зүй бус үйлдлээс ойн сан, ногоон байгууламжаа хамгаалахад урьд өмнөхөөс илүү анхаарч ажиллахыг уриалж байна.

Үүнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өнөө болон ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүн дагуулах юм.

Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болох юм.

Тухайлбал, эдийн засгийн бааз суурийг тэлэх, аж үйлдвэржилтийг дэмжих хүрээнд үр, үрсэлгээний, бортогоны, бордооны, ургамал хамгааллын бодисын, хашааны, хог хаягдал дахин боловсруулах, усжуулалтын систем, өвөл, зуны зоорь, хүлэмж байгуулах үйлдвэрлэл гэх мэт олон төрлийн дагалдах үйлдвэр, аж ахуй, худалдаа хөгжих болно.

Мөн хиймэл оюун ухаан, цахим шийдэлд тулгуурласан сансраас тандан судлалт, бүртгэлжүүлэлт, хамгаалалт, хяналтын системийг нэвтрүүлэх, усны нөөцийн судалгаа, шинжилгээ, гадаргын усыг ашиглах тал дээр бодитой ахиц гарна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр бид дэлхийд ховорт тооцогдох эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлээ хамгаалж, үржүүлж, олон сая малынхаа тэжээлийг бэлдэж, импортоор авдаг жимс, хүнсний ногооныхоо тодорхой хувийг эх орондоо ургуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангана.

Түүнээс гадна ой, ургамлын генийн сан байгуулах, ховор болон эмийн чанартай ургамлын бүтээгдэхүүн, нарсны давирхай, шилмүүсний ханд, хушны самар, самрын тос, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх боломжтой.

Саяхан ойн салбарын мэргэжлийн холбоод нэгдэж нэгдэл болсон байна. Энэ нэгдэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэх, ой, усны салбарынхны харилцан ойлголцол, хамтран ажиллах, нэгдсэн удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангахад нэн тустай.

Бид хамтдаа гагцхүү нэг зорилго, нэгдмэл хүч, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаар энэ цогц ажлыг амжилттай хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Эрхэм нөхөд өө,

Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг.

Та бүгдийн өнөөдрийг хүртэл хийж ирсэн буянтай сайхан үйлс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйл хэргээр тань бидний ирээдүй хойч үе, ард түмэн маань бахархах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Амьдралын эх ус, усны эх мод гэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн  нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадарч байх болтугай.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.

Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.

Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.

Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.

Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.

Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.

Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.

Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.

Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.

Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.

Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.

Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.

Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.

Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.

Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.

Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.

Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.

Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.

Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.

Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.

Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.

Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.

Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.

Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тэр дундаа тээврийн салбарт шинээр барих авто замууд, эдгээрээс улс орны хөгжил, иргэдийн амжиргаанд эдийн засгийн үр өгөөжтэй байх төлөвлөж эрэмбэлсэн босоо тэнхлэгийн замуудын тухай санал солилцлоо.
Мөн хөрөнгө оруулалтын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх тухай, техник эдийн засгийн зөвлөгөө тусламж авах тухай дэлгэрэнгүй ярилцав гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.   
Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр15 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент17 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр17 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм18 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм18 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм18 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд19 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм20 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм20 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм20 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим