Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” ИЛТГЭЛИЙГ ЗАДАЛЖ ҮЗВЭЛ

Нийтэлсэн

-

Молхи бичээч би бээр нийтийн адил улс төрийг анзааран ажиглаж, улс төрчдийн тавьсан илтгэлийг ч мөн хардаг ч ихэнх нь  хий хоосон “Улс төржсөн”  хуралд оролцогсдод л зориулсан хоосон үг байх тул  үл тоож ихэд голонгуй  ханддаг нэгэн билээ.

Харин сая МАН-ын 30-р их хурлын индрээс ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн илтгэлийг анх удаагаа шахуу ихэд тоож, анхааралтай сонсоод дахиж барьж шинжлэн уншиж үзсэн маань бараг анхных болов уу. Яагаад гэвэл энэ илтгэл нэлээд прагматик санагдсан болоод тэр юм. Хэдийгээр социалист систем ноёрхож байсан БНМАУ-ын үед Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх…зэрэг төрийн тэргүүнүүдийн илтгэл “ Энхрий хайрт нам, засаг… гэх үгсээр эхэлж баахан уриа хэлэх ч үндсэн санаа нь прагматик, илүү аж ахуйн чигтэй, ард түмнийхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх зорилт, төлөвлөгөө голлосон байдаг байжээ. Тэгээд ч тэр цагт таван жилийн төлөвлөгөө гэж тодорхой цаг хугацаатай хөгжлийн төлөвлөгөө байсан учир тухайн илтгэлд дурдагдсан тоо баримт, шүүмжлэл, төлөвлөгөө зэрэг нь худлаа хэлж болохооргүй, илүү бодтой байжээ. Яагаад гэвэл тэр илтгэлийг тавьсан өдрөөс эхлэн ирэх таван жилд илтгэлд дурдагдсан зүйлс биелсэн эсэхийг дүгнэдэг учир хий сурталдах арга байгаагүй юм.

Энэ удаагийн ерөнхий сайдын илтгэл тийм өнгө аястай, бодот зүйл илүү туссан, өнөөгийн байдлаа илэн далангүй тоо баримттай дурдаад яг араас нь үүнийг хэрхэн шийдэх арга замаа товч бөгөөд тодорхой өгүүлсэн  байсан нь анхаарал татсан учир  түүний илтгэлийг задлах гэж хичээлээ. Гэхдээ энэ задаргаа бол зөвхөн хуралд сууж дээрх илтгэлийг сонссон МАН-ын гишүүдэд бус нийт ард олонд зориулсан задаргаа гэдгийг эхлээд тодотгох нь зүйтэй буй за. Нийтлэлч хүний үүрэг ч ийм буюу.

Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд манай нам хэрхэн 100 жилийн өмнө үүсэн байгуулагдсан ууган улс төрийн хүчин болох тухай хийгээд 100 жилд хийж бүтээсэн ахмадуудынхаа гавьяаны  тухай, 1990 оны ардчилсан хувьсгал хүртэлх бүтээсэн  зүтгэлийн тухайд дурдаад өнөө цагт эдийн засгийн тусгаар тогтнол алдагдсан  талаар ингэж хэлжээ.

“…Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна. Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ…” гэж үндсэн санаагаа эхэлжээ.

Энэ хэсгийг задалж тайлбарлах нь илүүц бөгөөд бид урд хөршөөс эдийн засгийн хувьд (экспортын 92 хувийг зөвхөн урд хөршрүү экспортлодог) хараат байгаа нь хил хаасан энэ үед хүн бүрд мэдрэгдсэн төдийгүй хойд хөршөөс шатахууны бүрэн хараат буйг бензин шатхуунгүй болсон өдрүүдэд биеэр ойлгож ухаарсан учир нэмэлт тайлбар хэрэггүй биз ээ.

Тэгээд ч энэ илтгэлийн гол утга учир эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал гэдгээ эхлээд дурдаад гол зүйлээ үүнд хандуулж буйгаа Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого  хэмээн онцлон тодотгожээ.

Цаашид өгүүлсэн 6 зүйлийг задлахын өмнө “Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжих болно. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, цалин тэтгэвэр тэтгэмж, орлогын тэгш байдал, чанар, хүртээмж, стандартыг Скандинавын орнуудын нийтлэг жишигт нийцүүлнэ.” гэсэн талаар хэдэн зүйл хэлье.

Дээр өгүүлсэн хэсэг одоогоор бол хоосон уриалгын чанартай, үнэн байдалтай хол зөрж байгааг хэлмээр. Монголд өнөөдөр яг юу болоод байгааг машид товчоор хэлбэл дийлэнх олонх нь ядуу буюу ядуувтар давхрагад хамаарах болсон бөгөөд маргаашдаа итгэх байтугай өнөөдрөө хоолтой өнгөрүүлэхэд ч хэцүү нийтээр ядууралд автсан явдал билээ. Зөвхөн улс төрийн нам дамжин  гүйсэн цөөнх л илтэд баяжих тул тэднийгээ үзэн ядаж (цаад утгаараа төрөө үзэн ядаж ) эсвэл тэдэн шиг болохын тулд л улс төрийг нийтээр  сонирхох мөртлөө  ихэнх нь тэдэнд атаархан үзэн ядсанаас бүхэлдээ стесстэй нийгэм болсонд оршино. Жирийн нэг залуу банкнаас зээл аваад үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес  хийх гэвэл өрөнд орж бүр ихээр стрестэж эцэстээ банкны хүүгээ дийлэхгүй дампуурах магадлал бараг 100 хувь бөгөөд тэгээд аргаа бараад гэр орноо зарж гадагшаа явж боол болцгоосоор 30 өнгөрлөө. Мөн Скандинавын орнуудын жишиг гэсэн нь бас л худал сонстов. Скандинавын орнууд 35-55 хувийн татвартай улс орнууд бөгөөд зарим тохиолдолд 80 хувь хүртэл татвар авах ч байдаг. Гэтэл сүүлийн үед манайд бүхий л эд баялгийг төрд буцааж авч төрийн мэдлийн болгох хандлага давамгайлах болжээ. Төрд бүхнийг аваад хэн баяждаг вэ? гэвэл мөн л улс төр дагагсад хийгээд дарга нар л баяжих бөгөөд тэд дөрвөн жил л оршин тогтнох учир элдэв зөвшөөрөлөөр хаалт хийж тэр зөвшөөрөл нь үзэгний үзүүрээр хаалтгүй болж авилга хээл хахууль  ундардаг бөгөөд энэ нь хэрэг зөвхөн дарга нарын л хүрээнд болж байдаг. МАН 100 жилээ тэмдэглэж буй ч Монгол улсыг тэр зуун жилд хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 180 мянган төгрөг буюу боломжтой хүний ганц өдөр уух ганц шил архины үнэтэй байгаа нь маргашгүй үнэн бөлгөө.  Тэр ч байтугай салбар бүрээс хичээл зүтгэлээрээ гавьяа байгуулсан  гавьяатуудын алдар цолны нэмэгдэл л гэхэд сарын 150 мянган төгрөг  байгаа нь мөн л шил вискины үнэ юм. Уг нь энэ 100 жилд намын нөхөд бус тэр жирийн ахмадууд, тэр гавьяатууд л үүнийг бүтээсэн нь маргашгүй үнэн юм! Эх, эцгээ, ахмад үеэ ингэж үл тоодог улс орон өөр хаана ч байхгүй бөгөөд түүний энэ үгийн хэсэг бол социал демократ үзэлтэй болсоноо албан ёсоор зарлаж, алдаануудаа засах гэж  байна гэж бодох учир  энэ тухай үл өгүүлээд орхиё.

Ерөнхий сайд  цааш өгүүлэхдээ “…Иргэн бүхэн жил бүр эрүүл мэндийн оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангана…Монгол Улсын ирээдүйн өв тэгш иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэлийг хийнэ…” гэх мэт ирээдүйд хандсан, залууст хандсан санаа буй учир болтугай, болтугай  хэмээн ерөөгөөд  яаран шүүмжлэхээ хойш тавиад ямар зургаан зүйлээр улс орноо шинээр сэргээх бодлого өгүүлж буйг цааш авч үзье.

Нэг. Боомтын сэргэлт

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. (Өмнө ингэж шууд үнэнийг хэлж байсан улс төрчийг санахгүй байна) Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсч цус харвалтын байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.  Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм…” гэжээ.

“Транзит Монгол Улс” гэсэн энэ үг машид содон хийгээд үнэн сонстов. Бид дэлхийн түүхэнд “Торгоны зам” хэмээх замаар л орлого олдог транзит улс байсан. Торгоны замаас татвар авч түүгээр улс гүрнүүдийн худалдааг холбож байсан түүхтэй улс юм. Чингис хааны гавьяаг торгоны замаар л үнэлж дүгнэж болно.

1990 он гараад бид ардчилал, зах зээл гэгчид шилжих үедээ ч урд хөршөөс хойд хөршрүү “транзит худалдаа” хийж амь гарч байлаа.  Одоогийн босон өндийсөн бизнесменүүдийн ихэнх тэр танзит худалдаагаар л анх хөрөнгөжсөн нь дийлэнх байсан нь бас л бодот үнэн билээ. Ер нь Монгол улс транзит улс болох бүрэн магадал бий бөгөөд шинэ сэргэлтийн бодлогод транзит улс гэсэн ойлголт орж ирж буй нь мөхөс бичээч надад машид сайшаалтай хийгээд бодтой мэт санагдав. Тэгээд ч ерөнхий сайд илтгэлдээ “Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно” хэмээн тодорхой дурдаад төмөр замыг дагаж хүнд үйлдвэрийн бүс байгуулах хийгээд шинэ хотын тухай “Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулцгаая” хэмээжээ.

Бид өнөөг хүртэл өмнөх л хүн, өмнөх нам л хийсэн бол буруу болж түүнийг зөвхөн муулбал л дараагийн дарга нар баярлаж суудгаа одоо болих хэрэгтэй юм! Энэ бол тогтворгүй түр засагтай, цөөхөн хүн амтай манай улсыг бүр мөсөн сөнөөж буй талцал зөрчлийн эх бөгөөд хэдүүлхнээ байж намаараа, хүнээрээ талцан амбицлаж, өмнөхөө муулж хэрэлдсээр 30 жилийг барж түүний гайг энгийн ард олон хүртсээр өнөөг хүрснийг сануулсан мэт ихэд өөр сонсогдож буйг онцолмоор. Түүний эхлэн хөндсөн сэдэв бол “Товчоор хэлэхэд боомтын боймыг тайлах” байлаа.

Хоёр дахь сэдэв. Эрчим хүчний сэргэлтийн тухайд байлаа.

Тэрээр өгүүлэхдээ “1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна…” гэжээ.

Үүн дээр түүний өмнө өгүүлсэн “Транзит Монгол Улс” санааг нэмэрлэхэд нэгэн учиг гарч ирнэ. Хойд хөрш маань Ленины үеэс л “ГАЭЛРО” хэмээх цахилгаанжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж маш олон усан цахилгаан станцтай болсон учир ОХУ-д цахилгаан хямд бол өмнөд хөрш байнгын цахилгааны хомстолтой байсаар ирсэн бөгөөд бид өөрсдөө өндөр хүчдэлийг гадаадын банкнуудын зээлээр босгоод хойд урд хөршийн хооронд цахилгааныг тразит маягаар худалдвал хялбар хөгжих зураг харагддаг. Мөн түүнчлэн газрын тос, шатдаг хийг ч мөн өөрсдөө холбох хоолойг дээрх маягаар  бариад хойноос урагш транзит худалдаа хийвэл болох боломжтой бөгөөд зүгээр л ганц холбох сувгийг өөрсдөө гадны банкуудын зээлээр барьчхаад тоолуураа хараад л сууж байх боломжтой цорын ганц улс билээ.  Гэвч ийм ажлыг хувийн хэвшил хийх боломжгүй бөгөөд цэвэр засгийн газар хоорондын гэрээгээр гүйцэтгэх ажил юм.

Ингэж чадвал бид улс орноо хямд цахилгаанаар хангаад зогсохгүй тусгаар тогтнолоо ч баталгаажуулах бүрэн үндэстэй бөгөөд тэрээр мөн энэ тухай “ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна…” хэмээн тодотгожээ.

Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухайд.

Энэ тухай тэрээр өгүүлэхдээ “Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна…Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ…” хэмээгээд “Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна…” гэх мэтээр олон бодтой санааг цааш дурджээ.

Мөхөс бичээч миний дээр өгүүлсэн бүхнийг улсын өмч болгоно гэсэн бодлыг өөрчилж хувийн хэвшлийг дэмжин дээрх төслүүдийг хийж гүйцэтгэх нь илүү бодтой бөгөөд буцаад буух эзэнтэй ажил болохыг нэмж дурдах нь илүүц бизээ. Улсын юм гэдэг эзэнгүй л юм гэсэн ойлголт бөгөөд дөрвөн жил тутамд өөрчлөгддөг төр засагт гарсан улс төрчдийн л “ээлжийн хоол” болдог гэдгийг анхаарах буй за.

“ Үйлдвэржсэн Монголын үйлс бүтэх болтугай.”

Дөрөв. Хот, хөдөөгийн сэргэлтийн хэсэгт тэрээр өгүүлэхдээ

“…XIII зуунд Монгол хүн морин дэл дээр дэлхийг эзэлсэн түүхээр бид бахархдаг, харин XXI зууны Монголчууд машиндаа түгжирсээр насыг барвал юутай харамсалтай. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ.

Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна…гээд үүнийг хэрхэн засах тухайгаа шинэ сэргэлтийг тодорхойлохдоо.  “Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай” хэмээн дүгнэжээ.

Мөн нэмж хэлэхэд 1960 аад онд Их Британын Лондон хот машины түгжрэлээ дийлэхээ байсан бөгөөд түүнийг шийдсэн арга нь зогсоол барих байсан гэдгийг дурдмаар санагдав.Тэр цагаас эхлэн Лондон хот түгжрэлгүй болсон бөгөөд хүмүүс ажлынхаа ойрлцоох давхар зогсоолд машинаа тавиад явган алхаж ажилдаа очоод буцахдаа зогсоолоос машинаа унаад харьдаг болсон тухайгаа уншиж байснаа нэмэрлэмээр санагдлаа.

Тэрээр цааш Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан сэдвийг ойрын зорилт болгон дэвшүүлжээ.

“… 1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж   байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм. Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ…” хэмээн тодорхойлоод “Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө. Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ 2 дахин томорно. Эдийн засгийн цар хүрээ тэлэгдсэнээр хүний хөгжлийн зорилтууд хангагдаж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэж, Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар эрс сайжирна” хэмээн зоригтой тунхаглаад энэ үйлсэд бүх намуудыг орхилгүй уриалаад эцэст нь “Монголын андгай за буй заа” хэмээн андгай өргөсөн байлаа.

Эхэлнэ гэдэг ажлын тал гэдэг. Тэгээд ч тэрээр аль нэг нам гэж туйлширдаггүй нэгэн гэдэг Монгол улсын тав дахь ерөнхийлөгчийг зөвлөхөөрөө урьсан, өмнө ч таван шударга гэгдэж өөр намынхантай хамтарч тэмцэж байсан зэргээс харагддаг.

Ер нь одоо аль нэг намын харьяалалтай хүн гэдгийг харь улсын иргэний харьяалалтай дайсан шахуу үздэгээ болих цаг аль хэдийнээ болсон билээ. Бид ердөө гурван сая гурван зуун мянгахан иргэнтэй атлаа өч төчнөөн намд хуваагдан бие биенээ үзэн ядсаар бид хэмээн нягтрахын оронд би хэмээн арсалдаж  “орондоо унтах завгүй олзлолдон байлдсаар” ирсэн эрт, эдүгээгийн түүхтэй улс билээ.

Харин одоо бол түүний хурлын индэр дээрээ андгайлсан үгсээ хэрхэн бодот ажил болгохыг л харах үлдлээ. Үүний учраа нийтээрээ цаг алдаж хэрэлдэхээ хойш тавьж хөдлөх цаг ирснийг сэхээрэн харж, өмнөх улс төрчдийн илтгэлүүдээс илтэд өөр илүү прагматик, ажил хэрэгч санагдсан түүний илтгэлийг мөхөс бичээч би бээр чадан ядан задлан шинжлэхэд ийм буюу.

“Сайн ану миний багш, муу ану бас миний багш” хэмээх эртний мэргэн үгтэй учир өнгөрсөн муу бүхнийг багшаа хэмээн бодож суралцаад Монгол улс  шинээр сэргэхийг, залуу хүн шинээр хийж бүтээхийг харах л үлдлээ.Түүнд хийгээд түүний толгойлж буй намд одоо бүх эрх, бүх боломж  буй бөлгөө!

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.

Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.

Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.

Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.

Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.

Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.

Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.

Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.

Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.

Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.

Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.

Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.

Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.

Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.

Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.

Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.

Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.

Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.

Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.

Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.

Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.

Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.

Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.

Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тэр дундаа тээврийн салбарт шинээр барих авто замууд, эдгээрээс улс орны хөгжил, иргэдийн амжиргаанд эдийн засгийн үр өгөөжтэй байх төлөвлөж эрэмбэлсэн босоо тэнхлэгийн замуудын тухай санал солилцлоо.
Мөн хөрөнгө оруулалтын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх тухай, техник эдийн засгийн зөвлөгөө тусламж авах тухай дэлгэрэнгүй ярилцав гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.   
Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр12 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент14 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр14 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм15 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм15 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм15 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд16 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм17 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм17 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм17 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим