Улс төр
НЭМЭЛТ ТУНГИЙН ҮР ДҮНД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 26,2 ХУВИАР БУУРЧЭЭ
Э.БАТ-ЭРДЭНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Айлчлалын үеэр төмөр зам, эрчим хүч, хийн хоолойн төсөл, хөдөө аж ахуй, цахим засаглалын салбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон нь шинэ зууны сайн эхлэлийг тавих таатай нөхцөлийг бүрдүүллээ гэж үзэж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг 2021 оны 12 дугаар сарын 5-10-нд БНСУ-д ажлын айлчлал хийнэ, мөн энэ үеэр зохион байгуулагдах НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцоно. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа Дотоодын цэргийн салбарыг Дотоодын цэргийн анги болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болно. Содномцэрэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын, Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томиллоо.
Дээрх асуудлуудыг шийдвэрлэсэн бол хуралдаанаас гаргасан шийдвэрийг эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. БНХАУ-д дельта вирусийн давлагаанаас сэргийлж гурав дахь тун вакциныг идэвхтэй хийж байна. Израиль улс нийт хүн амынхаа 30 хувийг гурав дахь тунд хамруулснаар 60-аас дээш насны хүмүүсийн халдвар авах эрсдэл буурсан зэрэг давуу тал гарчээ. Их Британи улс хүн амын 20 хувийг хамруулснаар халдварын тохиолдол буурсан үзүүлэлт гарч байна.
Манай улсын нийт хүн амын 28 хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна. Хэрэв энэ тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээл, сургуулийн үйл ажиллагааг 100 хувьд танхимд шилжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэнэ гэж найдаж байгаа. Тийм учраас ард, иргэд гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтоо харьцуулахад 26.2 хувиар буурсан нь нэмэлт тунгийн дархлаажуулалттай холбоотой юм. Ирэх арванхоёрдугаар сард гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа. Энэ сарын 23-ны байдлаар нийт хүн амын 69,4 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна гэлээ.
Дараад нь ургац хураалтын урьдчилсан дүнг танилцуулав. Урьдчилсан дүнгээр 605.6 мянган тонн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173 мянга, үүнээс улаанбуудай 155.8 мянга, тэжээлийн ургамал 130.8 мянга, тосны ургамал 32.3 мянга, хүнсний ногоо 3,6 мянган тонноор тус тус ахиу байна. Шинэ ургацаас гурилын үйлдвэрлэлд 300 мянга орчим тонн хүнсний улаанбуудай авна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.
Мэдээ мэдээлэл
Ирэх оны нийслэлийн төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл” болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өчигдөр өргөн барилаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ирэх оны төсвийг боловсруулсан гэж Засаг дарга Д. Сумъяабазар онцолсон юм. Мөн тэрбээр УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулсныг тодотголоо. Улмаар өргөн барьсан төслүүдийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж өгөхийг хүсэв. Үргэлжлүүлээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болсон юм. Хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл”, “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн дөрвөн асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар хэлэлцэх тогтоолын төслийг батлав.
Агаарын тээврийн салбарт Чех улсын туршлагыг нэвтрүүлнэ
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн дэд сайд Ян Сехтертай цахим уулзалт хийн нисэхийн салбарт Чех Улсын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Мөн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон болон Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн яам хооронд иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, мэдээлэл, туршлага солилцох,өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
Бүгд Найрамдах Чех Улс нь ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр дэлхийд дээгүүр ордог өндөр хөгжилтэй орон төдийгүй тус салбарт зуу гаруй жилийн туршлагатай. Мөн тус улс нь нийт 290 олон улсын болон орон нутгийн шинж чанартай нисэх буудал, нислэгийн зурвасуудтай ба 40 гаруй компани 57 төрлийн том, жижиг төрөл бүрийн зориулалттай онгоц үйлдвэрлэдэг.
Г.Гангмөрөн: Ажлын байрыг хүртээмжтэй байлгахад энэ санамж бичиг чухал
Санамж бичгийн хүрээнд МҮИС-ийн зүгээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 1400 ам метр талбай бүхий, иж бүрэн тохижилттой дундын оффисыг гарган өгч байгаа бөгөөд цаашилбал түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжил эзэмших, боловсролын ахисан түвшний сургалтуудад хамруулахад хамтран ажиллах юм.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Коронавирусийн” цар тахлын нөлөөлөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхан хэр өртсөн талаар таван удаа судалгаа хийсэн. Судалгааны дүгнэлтээр нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхны 95 хувь нь санхүүгийн хүнд нөхцөлд орсон. Хоёрдугаарт, ажлын байраа алдсан. Тиймээс ажлын байрыг хүртээмжтэй байлгахад өнөөдөр байгуулж буй санамж бичиг чухал ач холбогдолтой. МҮИС-ийн зүгээс нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхныг дэмжиж 1400 ам метр талбай бүхий иж бүрэн тохижилттой, өндөр хурдны интернеттэй талбайг гарган өгч, гарааны бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэхээр боллоо” гэв.
Засгийн газрын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүд
Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл: УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа. УИХ Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд баталсан. 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагууд сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан ТББ-ын хэлбэр тус бүрээр буюу холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хууль санаачлагчид үзжээ. Дараад нь Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл: Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан байна. Хуулийн төсөлд холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулсан, холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Ардчилсан Үндсэн хууль буюу 1992 оны Үндсэн хуулийн зорилго, зарчим, агуулгад нийцүүлж 1995 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хууль нь байгаль орчны салбарын суурь хууль юм.
Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл: Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. 2015 онд баталсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг 2020 онд хүчингүй болгосон. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7.1.7-д ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэрийн салбар хуулийн зохицуулалтгүй орхигдсон, хүнд үйлдвэрийн салбарт хамрах үйлдвэрлэлийн төрөл, ангилал тодорхойгүй байсан.
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр: УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг өргөн барилаа.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100.0 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан гэлээ. Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, гудамж замын одоо байгаа сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчлэх нэгдсэн системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавх бэхжүүлэх арга хэмжээнүүдийг 5 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан хэрэгжүүлэх юм байна.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм18 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр15 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм19 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав