Монголын цанын холбоо, Японы цанын холбооны хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас Монголын хөдөө орон нутгийн тамирчдад зориулан цана, хэрэглэл материалын хамт бэлэглэснийг Японоос Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши өнөөдөр гардуулан өглөө.
Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од, “Бээжин-2022” олимпод эх орноо төлөөлөн оролцсон тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар байлцав.
Энэ үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын өвлийн спортыг хөгжүүлэхэд Японы талтай цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Элчин сайд Х.Кобаяшигийн Монголын спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор шагнав.