Дэлхий дахинд
Hengda Motors-ийн цахилгаан автомашин Hengchi 2 загвар худалдаанд гарахад бэлэн боллоо
Хятадын эрх баригчид Hengda (Evergrande) компанийн охин компани болох Hengda Motors-ийн цахилгаан автомашиныг худалдаанд гаргахыг зөвшөөрсөн талаар Ройтерс агентлаг 14-ний өдөр мэдээлэв.
Энэ өдөр Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан цахилгаан автомашины каталогт Hengda Motors компанийн масс үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Hengchi 2 загвар багтжээ.
Тус каталогт багтсан цахилгаан автомашинууд нь худалдаанд гарч хэрэглэгчдийн гар дээр очих боломжтой байдаг хэмээн Ройтерс агентлаг мөн мэдээлсэн байна. Мөн тус каталогт дурдаснаар Hengchi загвар нь өнгөрсөн 8-ны өдөр худалдаанд гаргах зөвшөөрлөө авсан аж.
Ройтерс агентлаг эх сурвалжаас иш татан, Hengda дөрөвдүгээр сараас эхлэн уг загварын автомашиныг зарж эхлэх тухай цохон тэмдэглэсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр компани энэ жил үйлдвэрлэлийн хязгаарлалтын улмаас борлуулалтын өндөр зорилт тавиагүй ба ирэх жилээс үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Тус компанийн ТУЗ-ийн дарга Шү Жиан 2019 онд 2 тэрбум долларын хөрөнгөөр Hengda Motors компанийг байгуулж, цахилгаан автомашины зах зээлд нэвтэрсэн юм. Үүний дараахан компани орон нутгийн захиргааны хөрөнгө оруулалтыг татан бизнесээ тун эрчтэйгээр эхлүүлж, 2025 он гэхэд Хятад болон хилийн чанад дахь үйлдвэрүүддээ жил бүр 1 сая гаруй цахилгаан машин үйлдвэрлэх амбицтай төлөвлөгөөг танилцуулж байсан юм. Гэсэн хэдий ч толгой компанийн дефолт болсноос үүдэн төлөвлөж байсан хугацаанаасаа нэлээд хожим буюу дөнгөж өнгөрсөн 1-р сараас л масс үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна.
Hengda Motors компани байгуулагдсан цагаасаа хойш өнгөрсөн оныг хүртэл цахилгаан автомашины салбарт 29.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн гэж салбарынхан тооцоолж байна.
Hengda Motors-ын толгой компани болох Hengda санхүүгийн хүндрэлтэй тулгарснаас үүдэн өнгөрсөн жил тус компани ч хамтран ажиллагч байгууллагууд болон зарим ажилчиддаа цалингаа өгч чадахгүйд хүрч байсан удаатай байна. Харин сүүлийн үед тус компани гадны орнуудаас хөрөнгө оруулалтыг татахыг хичээж байгаа юм.