Нийгэм
С.Мөнгөнчимэг: Ашигт малтмалыг аль болох олон улсын зах зээлийн буюу өндөр үнэ хүргэж экспортлох бодлого, зарчмыг Засгийн газар баримталдаг

Нүүрс экспортлогч компаниуд АМНАТ төлөх нь уул уурхайн компаниудын үүрэг. Гэхдээ хэт өндөр жишиг үнэ тогтоож АМНАТ авч байна. Үүнийг эргэж харахгүй бол аж ахуйн нэгжүүд “дампуурч” мэдэх нь гэсэн хүсэлт гаргасан. Энэ асуудал ямар шатанд явна вэ?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу рояалти нь тухайн компанийн ашигтай ажилласан эсэхээс үл хамааран заавал төлөх зарчимтай татвар. Энэ нь Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх төрийн нийтийн өмч гэсэн ойлголтыг хэрэгжүүлэх бодлогын үндсэн хэрэгсэл бөгөөд Ирээдүйн өв сан, улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг зэрэг бүх шатны төсвийг бүрдүүлдэг онцлогтой татвар юм.
Ашигт малтмалын тухай хуулиар экспортолж буй ашигт малтмалд олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмаар тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан АМНАТ ногдуулах үнэлгээг тооцох хуультай. Үүний дагуу хууль тогтоомжийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан төр, хувийн хэвшлийн хамтарсан Ажлын хэсэг сүүлийн 20 орчим жил АМНАТ тооцоход үндэслэх жишиг үнийг олон улсын зах зээлийн үнэд үндэслэн сар бүр тасралтгүй тооцож олон нийтэд зарлаж ирсэн.
Ашигт малтмалын хуулиар ч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, экспортлогч нь ашигт малтмалаа олон улсын зах зээлийн үнээр борлуулах үүрэгтэй байдаг. Иймээс бид олон улсын зах зээлийн үнэлгээнд суурилж АМНАТ-өө тооцож ногдуулдаг нь олон улсын үнээр борлуулдаггүй зарим компаниудын хувьд хүндрэлтэй байдал үүсгэж байж болзошгүй юм.
АМНАТ-ийн жишиг үнэтэй холбоотой асуудлаар үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид боловсронгуй болгох нь үе үеийн Засгийн газрын анхаарлын төвд байсан бөгөөд энэ ажил өнөөдөр ч үргэлжилж байна. Жишээ нь, Засгийн газраас УИХ-д Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Энэ хууль батлагдвал та бидний яриад байгаа жишиг үнийг магадгүй энэ биржийн үнээр тодорхойлох боломж бүрдэх байх.
-Жишиг үнэ тогтоохдоо далайн боомттой том зах зээлийн жишиг үнийг авч байна. Гэтэл манай экспортын нүүрс зөвхөн Хятадын жижиг зах зээлд, Өвөрмонголд борлуулагдаж байгаа. Иймд зах зээлдээ тохирсон жишиг үнэ тогтоох ёстой гэдэг. Тэгэхээр АМНАТ авах жишиг үнийг ямар байдлаар тогтоох нь зүйтэй юм бэ?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах зорилгоор тогтоосон нүүрсний борлуулалтын үнэлгээг тогтоохдоо далайн боомтын үнэтэй жишдэг гэдэг нь ташаа мэдээлэл байна. Экспортын нүүрсний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг бэлтгэхэд нүүрсний ангилал, нүүрсний хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын зах зээлийн үнийн мэдээллийг бүхэлд нь анхаарч, судлан үздэг. Ингэх нь зүйтэй, хуульд илүү нийцнэ гэж үзэж байна.
-АМНАТ авах жишиг үнийн талаар зах зээлийн судалгаа хийж байгаа юу?
-Олон улсын зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ, цаашдын чиг хандлага, төсөөллийн талаар зах зээлийн судалгаа тогтмол хийж, ажиллаж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар тогтмол мэдээлдэг эх сурвалжуудаас болон энэ чиглэлээр судалгаа, төсөөлөл хийдэг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хийсэн судалгаатай тогтмол танилцаж, мэдээлэл авч ажиллаж байна. Нөгөө талаас, ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг авч болох боломжит бусад эх сурвалжийг судлан ажиллаж байгаа болно.
-Аж ахуйн нэгж хоорондын худалдан борлуулах гэрээний үнэд үндэслээд АМНАТ-ийн жишиг үнийг тогтоох боломжтой юу?
-Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолд нүүрсний борлуулалтын үнэлгээ тогтоох эх үүсвэрийг тодорхой заасан. Тэр эх үүсвэрийн үнийн мэдээллийг ашиглах ёстой.
Бид татварын хуулийг хэрэгжүүлэхдээ тэгш шударга, зайлшгүй байх зарчмыг баримтлах учиртай бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олон улсын зах зээлийн үнэд үндэслэн АМНАТ-ийг тооцож байх зарчмыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Харин жишиг үнэ тооцох аргачлал, эх үүсвэр, ашигт малтмалын ангиллыг боловсронгуй болгох ажлууд бол нээлттэй бөгөөд энэ чиглэлээр бид анхаарч ажиллаж байна.
-Нүүрс олборлогч, экспортлогч ААН-үүд жилд хэдий хэмжээний орлого улсын төсөвт оруулж байна вэ?
-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, нүүрсний экспортын биет хэмжээ сүүлийн хоёр жил буурсан. Өнгөрсөн 2021 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэдээнээс харахад нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд 16.2 сая тонн нүүрс экспортолж, 981.9 орчим тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн байгаа.
-Ер нь нүүрс экспортлогч болон уул уурхайн бусад компаниудад татварын ямар систем үйлчилж байна. Үнэхээр татварын дарамт үүссэн асуудал байгаа юм уу?
-Манай улсын татварын систем үйл ажиллагааны чиглэлээр үл ялгаварлах, тэгш шударга байх, зайлшгүй байх зарчмыг баримталдаг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөрийг эс тооцвол уул уурхайн компаниудад зориулсан, тэднийг ялгаварласан, зөвхөн тэдний үйл ажиллагаанд тусгайлан ногдуулдаг татвар байхгүй. Бусад аж ахуйн нэгжүүдийн адил татвараа төлөөд явах хуультай.
-Эрчим хүчний нүүрс экспортлох асуудал хэт өндөр АМНАТ-ийн жишиг үнээс шалтгаалж зогссон. Тухайлбал, нүүрсээ 13 ам.доллароор борлуулчихаад, 15 ам.долларын АМНАТ төлөх болсон гэдэг. Эрчим хүчний экспортыг төрөөс хэрхэн дэмжих вэ?
-Эрчим хүчний нүүрсний экспорт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох олон улсын зах зээлийн үнээс шалтгаалж зогссон гэдэг нь өрөөсгөл байх. Мэдээж зах зээлийн нөхцөл байдал, тээвэр логистик болон бусад олон хүчин зүйлээс хамаарч, экспортын хэмжээ буурсан. Нөгөө талдаа зарим саруудад олон улсын зах зээлийн үнэ өссөн нь уурхайн амаар буюу олон улсын үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаггүй аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Засгийн газрын зүгээс ашигт малтмалыг аль болох олон улсын зах зээлийн буюу өндөр үнэ хүргэж экспортлох бодлого, зарчмыг баримтлан ажилладаг. Мөн компаниудын хувьд ч хуулиар ийм үүрэг хүлээсэн байдаг.
Засгийн газар нүүрс болон бусад ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтын дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичигт хилийн боомтын сэргэлтийн асуудлыг тусгайлан нэг бүлэг болгон оруулсан. Энэ нь ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч, өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл мөн.
-Дотоодын эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын татварын өр төлбөр ямар хэмжээнд байна вэ?
-Татварын албанаас урьдчилсан байдлаар авсан мэдээгээр эрчим хүчний нүүрс олборлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн татварын өр төлбөр 2021 оны жилийн эцсийн байдлаар 67 орчим тэрбум төгрөг байна.
-АМНАТ-ийн жишиг үнийг бууруулж тооцсон тохиолдолд төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх байх. Энэ талын тооцоо судалгааг Сангийн яамнаас хийсэн үү?
-Энэ судалгааг тогтмол хийж, ажилладаг. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ болон тоо хэмжээний өөрчлөлт төсвийн орлогод хэрхэн нөлөөлөх талаар мэдрэмжийн шинжилгээг ч байнга хийдэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурах нь Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн бүхий л шатны төсөвт сөргөөр нөлөөлдөг онцлог татвар юм.
-Нүүрс экспортлогчдын олборлолт болон үйл ажиллагааны зардал, борлуулалтын үнийн зөрүү ямар байгаа вэ?
-Аж ахуйн нэгжүүд 2021 оны жилийн эцсийн татварын болон санхүүгийн тайлангаа ирүүлж байна. Тайланг бүрэн хүлээн авч, холбогдох боловсруулалт хийсний дараа дүр зураг илүү тодорхой харагдах болов уу. Урьдчилсан байдлаар тандан судлахад нүүрсний олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшин, үйл ажиллагааны зардал харилцан адилгүй ялгаатай байна. Өнгөрсөн 2021 онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байсан.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент24 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм1 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм1 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо