Дэлхий дахинд
Илон Маск Берлин дэх шинэ үйлдвэрийнхээ нээлт дээр бүжиглэжээ.
Мягмар гарагт Тесла компанийн Европ тив дэх анхны үйлдвэр Берлин хотын ойролцоо нээлтээ хийж, тус компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск оролцжээ.
Зөвшөөрөл авахад саатал гарсны улмаас үйлдвэрийн нээлт найман сараар хойшилсон юм. Нийтдээ 5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай тус үйлдвэр одоогоор 3,000 орчим ажлын байр бий болгоод байгаа ба цаашдаа 12,000 болж нэмэгдэх гэнэ.
Үйлдвэрийн нээлтэд Герман улсын канцлер Олаф Шольц оролцжээ.
Өчигдөр Германд үйлдвэрлэсэн эхний 30 ширхэг Model Y загварын автомашин эздэдээ очсон байна.
Уг автомашин нь бүрэн цэнэгээр 514 км зам туулах чадвартай ба нэг бүр нь 63.900 еврогийн үнэтэй зах зээлд нийлүүлэгджээ.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 500,000 бүтээгдэхүүн гаргах юм.
Түүний өрсөлдөгч Германы Volkswagen групп 2021 онд цахилгаан хөдөлгүүртэй 450,000 автомашин дэлхийн зах зээлд нийлүүлж байжээ.
Одоогоор Европын цахилгаан автомашины зах зээлийн хамгийн том хэсгийг буюу 25 хувийг Volkswagen эзэлж байгаа бол Тесла 13 хувьтай байгаа.
Тесла компани тав дахь үйлдвэрээ ийнхүү Европ тивд нээж байна. Бусад гурван үйлдвэр нь АНУ-д, нэг нь Хятадад ажиллаж байгаа юм.
Шанхай хотод байгуулсан үйлдвэрийнхээ нээлт дээр Илон Маск этгээд хачин бүжгээрээ дуулиан тарьж байсан бол Берлиний үйлдвэрийнхээ нээлт дээр дахин бүжиглэжээ.