УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаандаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Засгийн газраас орж ирж буй Азийн хөгжлийн банкнаас /АХБ/авч хэрэгжүүлэх гэж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуй хөгжүүлэх төслийн төсөвт өртөг нь 34.5 сая ам.доллар. АХБ-наас зээлийн санхүүжилт 30 сая ам.доллар байхаар орж ирж байна. Сангийн яамнаас асуухад олон улсын байгууллагуудын санхүүжилттэй хэрэгжиж, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа юу. Магадгүй холбогдох байгууллагаас аудит хийж, өндөр өртөгтэй төсөв хөтөлбөрийн үр дүнд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт хийсэн зүйл байна уу?
Энэ 34.5 сая ам.доллараар нийт хийх ажлыг харахад нэгдүгээрт, уур амьсгалын төсөөлөх чадварын менежментийг сайжруулах ажлын хүрээнд малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэж ярьж байна. Малчдын 14 мянган хашаа хороог 34.5 сая ам.доллараар сайжруулах шаардлага байгаа юу. Малчид өөрсдийнхөө хэрэгцээндээ нийцүүлээд хийдэг ажлыг олон улсын санхүүжилтийн хөтөлбөрөөр хийх зөв юм уу. Гол ажлуудаа өндөр өртөгтэй санхүүжилттэй зээлээр, санхүүжилтээ хийдэг байгаасай. Магадгүй ирэх жилийн хувьд эрх ашгийн эрэмбээр мал эмнэлгийн чадавхыг сайжруулах асуудал байна. Малын гоц халдвар өвчин гараагүй аймаг байхгүй байна. Төсвийн тодотголоор хөрөнгө санхүүгийн асуудлаар шийдвэрлэх боломжтой.
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир:
-Энэ онд нийтдээ 120 зээлийн төсөл 31 тусламжийн төсөл хэрэгжиж байгаа. Үүнээс Азийн хөгжлийн банкны 45 төсөл хэрэгжиж байна. Зээл тусламжийн төслүүдэд нэгдүгээрт, Үндэсний аудитын газраас жил бүр аудит хийдэг. Хоёрдугаарт, санхүүжүүлэгч талаас улирал бүр хяналт тавиад хэрэгжүүлэгч байгууллага болон яамдуудад Засгийн газар хамтарч цаашид авах арга хэмжээгээ тохиролцдог.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан:
-Энэ төслийг хэрэгжүүлэхэд 2018 оноос судалгаа хийж дөрвөн аймаг, хил залгаа 20 сумыг сонгож авсан. Азийн хөгжлийн банкны оруулж ирсэн төслийн дотоод бүтцийг өөрчлөх боломжгүй. Нийт 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэдэг нь өвөлжилтийн эрсдэлийг бууруулах замаар дэмжлэг үзүүлэх байдлаар олгохоос биш учиргүй хашаа барьж өгөөд байх асуудал байхгүй. Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг энэ хүрээнд явуулах боломжгүй. Зөвхөн мал эмнэлгийн чадавхыг сайжруулах, тоног төхөөрөмжийн чанарыг дээшлүүлэх замаар явна. Малыг эрүүлжүүлэх асуудал тусдаа явна. Энэ төсөл малчдыг дэмжих, хоршооллыг дэмжих, нэмүү өртгийг бий болгох, байгаль цаг уурын эрсдэлээс сэргийлэх зорилготой төсөл юм.