XX зууны Монгол орны түүх бол хятадын савраас мултрах гэж улайран хичээсэн ил, далд хатуу ширүүн тэмцлийн ТҮҮХ л байжээ. Тиймээс түүхээ танин мэд, тэгээд бүү март, үргэлж сэрэмжтэй бай… хэмээн түүх бидэнд сануулан өгүүлж буйг дээрх Номоор дамжуулан ухаан сөгөөтэй, хүчирхэг Монголчуудад сэрхийтэл сануулан уламжилжхуй.
…Баруун хязгаарын ард түмний 100-аадхан жилийн өмнө туулсан, бодол эргэцүүлэл хөвүүлсэн хатуу ширүүн амьдралын тухай хууч яриаг баринтаглан номын гэрэлт хуудсаар дамжуулан энэ цагийн Монголын нийгмийг эрхгүй дуудан сэрээлээ.
Манж нар эзэнт их гүрнийхээ дээвэр доорх таван өнгийн улсаас Монголчуудад илүү эрх олгосон байдаг. Монгол хүнийг өөр үндэс угсгаатай хүмүүн боолчилбоос түүнийг есөн бодоор торгож, 50 ташуур занчиж, төлбөр нэмэх тухай манжийн төрийн Засах хуулийн зүйл ёсыг нэг бүрчлэн дурдаж “Монгол хөвүүнийг боолчилсон чамайг Шиэнян Яны хэрэг мэдүүлэх тамганаа хүргэж шийтгүүлбээс зохино” хэмээн учиглаад, Ананд хүү Торгуудын өвгөн Сэцэн вангийн ивээлд багтсан түүх ийм ажгуу.
Алс баруунтай Гашуун-Усны говийн хээлээс боолын гинжтэй Ананд хүүг Торгуудын өвгөн Сэцэн вантан асран авч байсан 1891 оны Цагаагчин туулай жил “Тэсэж чадвал, амьд л байвал арга нь нэг олдоно доо…” гэсэн ээжийнхээ сургамжийг биелүүлсэн, Дандий Мээрэн хэмээх зартай мэргэн хурц уран хэлт хүний ганц хүү болон мэндэлсэн, гялалзсан хурц харц нь зовлонгоо сөрөн тэсээд, тэвчээд буйг хэлэх мэт Ананд хүү хувь зохиолоор Гүмбүм хийдэд эргэл мөргөл хийгээд нутаг буцаж явсан Торгуудын Сэцэн вантантай учирсан нь хувь заяаны гялбам тохиол байлаа.
“Ер бусын дотоод хүчтэй идэр залуу энэ өнчин хүү бол үл элэгдэх, үл зэврэх ер бусын шидтэй гянт болд мөн…” гэдгийг Сэцэн алдрыг дэмий хүртээгүй өвгөн Торгууд вантан гарцаагүй учиглан мэдэж байлаа. Цоохор Анандын чухам нэвт шувт сүлбэх мэт, өрөмдөх мэт тулган ширтдэг ийм л харцны цаана хурц эрмэг чанар, хурдан гүйлгээ ухаан, няцаагдахын эцэсгүй эр зориг, ариун сэтгэл нуугдан байдаг бөлгөө.
Дунгаан хэмээх нь ислам шашинд орсон хятад иргэдийг хэлэх агаад хуйхуу нар 1880-аад оны төгсгөлөөр Алтай зүгт довтолгосон удаа дараагийн уулга дээрэм нэн хэцүү бөгөөд тийнхүү Ананд бусдын хамт олзлогдсон байдаг.
Торгууд вантны ивээлд ирсэн Анандын идэр залуу бие хаа, шөрмөс булчин нь нэн бахадмаар чийрэгжин чангарч, цог золбоо нь ч бадран асаж байлаа. Суралцах нь хичээнгүй, сурах нь арвин, бас зориг зүрх хэтэрхий тул өвгөн ноён миегнэн баясаж, эртний мэргэн судар шаштир, үлгэр түүх, уянга цадиг, төр засах ухаан, цэрэг дайны эрдмээс хичээн заалгажухуй.
“Амьдралд тийм гэрэл гэгээ байдгийг зүрх сэтгэлээрээ, бүр голоосоо, цус чөмгөндөө хүртэл мэдэрч, харанхуйн дунд гэрэл болон сүүмэлзэх учир тийш зөнгөөрөө зорин зүтгэх, тэсэн тэвчих, итгэн хүлээх юм яаж ийгээд л үлдэн хоцордог, тиймээс л тийм амархан сөхөрдөггүй Монголчууд алдах юмтай тулдаа, тэр нь их байх хэрээр илүү зовж, бас илүү тэсэх учиртай ажээ.”
“Олон түмэн гэдэг оёоргүй далай буюу. Хар цагаан, үнэн худлыг тольдон мэдэж, мэдэрч хатуужин хатаагдсан хүмүүний гарт төрийн Тамга хүч ордог. Гэрэл сүүдрийн зохист тэнцвэрийг сахиж, сахиулж явах нь хүмүүний Эрхэт тэнгэрээс тавилан заяагаар хүлээлгэсэн хишиг төгөлдөр үүрэг юм шүү. Тэгж байж л Төрийн хар хүн болж түмний төлөө зүтгэдэг юм” гэж сургана.
Учир нь төрд зүтгэнэ гэдэг нь Тэнгэрийн тогтсон ёсонд үнэнч байж түмний тусын тулд зүтгэхийн нэр юм. Тиймээс л “Төрийн сүлд өршөө!” хэмээн түмэн олон залбирмой. Хүн бүрд өөрийнх үнэнтэй, өрөөлийнх худалтай байхын зовлон бий. Гагцхүү тэднийг Тэнгэрийн жам ёсоор тэгшитгэн нэгэн жолоонд оруулж л засаглах ёстой юм. Хүмүүний оршихуйд тогтсон хэв гольдрил хэмээгч нь хэв ёс болно. Тийм байж л Улс гүрэн удтал сайнаар сахин оршдог.
Ухаатан чадалтнаа олж танин төрдөө хэрэглэж чадахгүйн хэрээр уруудан доройтож, улс төрөө ч алддаг гашуун явдал буурал түүхнээ нэн арвин бий дээ. Төрийн хүний мөч тутамдаа санаж, соргогоор сахиж явах учиртай мөрдлөг бол ард түмний өнө мөнхөд үнэний гэгээнд тэмүүлэх хүсэл зорго, түүнийг л зөв танин, зөв чиглүүлж зөвд нэгтгэж чадваас Тэнгэрийн яруу зохирол буюу. Тэнгэрийн төр болмуй…” хэмээсэн Вантны үг нэгийг сануулж хоёрыг бодруулна.
Ил тулж буй дайснаас сэм гэтэн ирж буй дайсан юунаас ч илүү аюултай гэдэг.
Тэртээх нэгэн цагт өөрсдийн эрх ямба, цол хэргэмийг нь журам ёсоор олгосонгүй… хэмээн нэгэн улсын хааныг нөгөө улсад нь ховлон мэдэгдэж, гомдоллон, гоншигнон буй нь ойлгохуйяа бэрх тэнэглэл бөгөөд “Хожмоо заяа ч гутах биз” хэмээн Магсаржавтан хаяж гарсан явдал ч бий юм.
…Тэгсээр хөх бар жил (1914) гарахад Тусгаар улс болов хэмээн хөөрсөн Монголчуудын сэтгэлийн гал бүүдийгээд эхэлжээ. Өмнөд Монголоо нэгтгэж авах гэсэн Таван замын байлдаанд ялж явсан цэргээ татав. Баатар Цагаан хаан, Хятадын дундад улс хоёрын сэм тохиролцоог ойлгохын аргагүй байжээ. Хиагтад хятад, орос хоёр нийлэн хавчин шахсаар Богд хаант Монгол улсын тусгаар байх эрхийг нь хязгаарлаж автономит болгон, буулган авч гарын үсэг зуран баталгаажуулж байсан 1915 оны Хөхөгчин туулай жилийн зуны адгаар Халзан Дамба Хадаасанд зусаж байсан Цоохор Анандыг зорьж ирснээр тэд долуул болон удалгүй луухааны пүүс, доншуур наймаачид, хятад цагаачдын эрлэг болсон Засагт ханы долоон хөх чоно гэдэг нэр олноо дуулдан цуурайтаад эхэлжээ. Хятадууд 1916 онд өөрийн төлөөний захирах сайдаа Нийслэл хүрээ, Улиастай, Ховд зэрэг гол гурван газар суулгаад Улиастайд өргөн дэлгэр ёслон тэмдэглэхийг хүссэн тэр нэгэн өглөө Засагт ханы хөх эрс аргагүй л “санаснаа” хийчихсэн бүлгээ. Автономыг талархан сайшаасан ноёд түшмэдүүдэд бэлдсэн бэлгийг зунгагтай ноос, өнгийн чулуу, шавар, хомоолоор сольчихсон нь, хятад Сайдын “бэлэг” шид орсон мэт хувирсан нь, Улиастайн гудамд хөндөлдөн байсан ганган чамин хувцас хэрэглэлтэй үлгэрийнх мэт аргамаг хүлгээр галигуулчихаад буцчихсан долоон сайн эрсийн тухай олны дунд удтал бахдан яригдах болноо.
…Үйлийн үр үсний тоогоор хариу нэхнэ гэдэг. Үс хэдий олон ч ганц тонгоргоор л хусдаг. Цаг үе өөрийнхөө ачааг даах хүнийг төрүүлдэг л юм билээ. Сайн эр, сайн морь хоёр нэгэн сүнстэй байдгийн адил хөтөл шилийг сэтэлж хөндий говийг хагалан зүссэн тодоос тод ул мөр нь их эртнээс хөл хөс арвин байсныг өгүүлнэ.
Дэлгэрийн их талын хаяа захад эрхэмсгээр орших Хонгор толгой дээрээс эсэн мэнд эргэн уулзахын бэлэг болгон ташуураа солилцоод Гоорин Даш цастай цагаан Отгонтэнгэр зүгт, Хялуу Сүх сүүмийн цэнхэртэх Төмөр хавын үзүүр лүү хөдөлцгөөв. Халзан Дамба тэр хоёрыгоо их талын хээлэнд уусан шингэтэл суугаад, баруунтаа харагдах үргэлж мөнхөд орших Хантайшир лугаа галигуулжээ. Андалж нөхөрлөсөн он жилүүдээ эргэн санаж тоост хорвоогийн жамыг тодлон эргэцүүлж суух Дамба нутагтаа очин 1940-өөд он шүргээд тэнгэрт оджээ.
Зөвхөн хүмүүний зүрх сэтгэлийн гүнд л шивэрдэг “Цагаан бороо” мэт хүний сэтгэлийг цэлмээсэн хэн бүхний уучлах хайрлах сэтгэлийн шимийг дүүргэсэн ийм гайхалтай түүхийг, өвгөдийн ярьдаг хуучыг учиглан баринтагласан шинэ цагийн соён гэгээрүүлэгчдийн нэг, Эрхэм бичгийн хүмүүн Б. Наминчимэд Танд мянга мянган уншигчийн өмнөөс бас дахин баярланам. Өнгөрсөн хатуу ширүүн түүхийн хүнд шалгуур сорилыг даван туулахын хэрээр өр нимгэн хүнлэг болж хатуужин хатаагдсан өвөг дээдэстээ зориулсан энэхүү Ном энэхэн цагийн Монголын сортоолог ард иргэдийг ч дуудан сэрээнэм, сэнхрүүлнэм…
“Жалга довноосоо хэтэрч чаддаггүй явцуурал, мунхрал, урвалт, шунал, мухар сүсэгт дотроосоо идэгдсээр, их гүрнүүдийн томоохон тоглоомд гаднаасаа хэрчигдсээр, түүнийгээ мэддэггүй, мэдүүлэхийг ч хүсдэггүй сонирхол хүчтэй байсаар… Чухам энэ мэтийг эмзэглэн санаж явсаар хэлмээр, яримаар болж түүнээ буулгасан нь “Цагаан бороо” роман минь билээ” хэмээсэн зохиолчийн үгээр өндөрлөе. Олноороо уншигтун, онож сэхээрэгтун.