Бусад
Ухаарал /сургамжит өгүүллэг/

Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ухааруулсан юм.
Бямба гарагийн өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугтацгаав.
Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч, бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нүүр лүү ч харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав.
Нэг цаасан дээр “Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна.” гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив.
Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ. Сонингоо өгөөд эргэтэл тэр “Өө, бүр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм.” гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: “Хүү минь, би чамаар бахархаж байна.” гэж бичсэн байлаа.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.