Нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн Эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй. Гол 10 ажлыг хэлэлцэн хэрэгжүүлж, ирэх жил үр дүнг нь үзье

Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Цар тахлын нэн амаргүй цаг үе, халдварын дараалсан дөрвөн давалгааг монголчууд хамтдаа даван тууллаа. Иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулсан алба хаагчдад, болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний амь насыг авран хамгаалсан эрүүл мэндийн салбарынханд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улс шар түвшинд шилжиж, цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсныг тэмдэглэлээ. Дархлаажуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2021 оны гүйцэтгэлээр 1,4 хувь болж өссөн. Үүнд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн гэлээ.
Мөн манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсэж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ. Энэхүү нөхцөл байдал, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, олон улсад, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарлаа. Ачаа тээврийн эргэлт болон бусад хүндрэл байгаа ч даван туулах боломж бий гэж харж ажиллаж байна гэлээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө гэж Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2,5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр бий болно гэж тооцжээ.
Экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг, дулааны цахилгаан станцуудын ачаалал 118 хувь болж, эрчим хүчний 20 хувийг импортолж, жил бүр 140 сая доллар зарцуулдаг. Нийт нутгийн 0,3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг, байгалийн баялгийн 90 хувийг боловсруулалгүй гаргаж, дотоодын хэрэглээний 90 хувийг импортолдог, нийт бэлчээрийн 76 хувь нь цөлжсөн, авлигын индексээр манай улс 110 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс юм. Шинэ сэргэлтийн бодлого эдгээр хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Гол төсөл, хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд танилцуулсан юм.
Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбоно. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.
Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина. Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.
Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарина. “Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлж, усны нөөцийг хуримтлуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулна. Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.
Төрийн бүтээмийн сэргэлтийн хүрээнд Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн форумаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Төрийн албаны бүтцийг шинэчилнэ. Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50 хувиас доошгүй бууруулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцан ажиллаж эхэллээ. Тус төв иргэдийн дуудлагыг алдахгүй хүлээж авдаг болсон гэдгийг тэмдэглээд иргэд, олон нийт санал хүсэлтээ өгөөрэй. Тус төвд хамгийн олон ирсэн санал, хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж ажиллана гэв.
“И Монголиа” системд 57 байгууллагын 570 гаруй үйлчилгээг цахимжуулж нэгтгэсэн. Үүний 130 гаруй нь лавлагаа тодорхойлолт байна. Цаашид цахим үйлчилгээг улам боловсронгуй болгоно. Төрийн албаны хүнд суртлыг арилгахад чухал нөлөөтэй юм. Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Авлигын индекс багасвал манай улсад ирэх хөрөнгө оруулалт сайжирна. Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш дэмждэг, тусалдаг байх болно.Шинэ сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжиснээр, ДНБ 2021 онд 43 их наяд байсан бол 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4520 доллар байсан бол 10 жилийн дараа 12 мянган долларт хүргэхээр зорьж байна. Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно гэлээ.
Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр дүн болно гэж Ерөнхий сайд уриалаад чуулганд амжилт хүслээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм22 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм21 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна