Спорт
Өдрийн хүн: Анхны бүхэн түүнийх Цогтбазарын Энхжаргал

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлийн домог болсон тамирчин Ц.Энхжаргал өдөгөө 41 нас хүрлээ. Аливаа зүйлийн анхдагч байх, бусдад амжилтын жимийг нь гаргаж өгөх сайхан. Ялангуяа спортын салбарт бүр ч илүү. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны тодотгол бүхий хамгийн олон амжилтын эзэн бол яахын аргагүй Монгол Улсын Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал. Тэрбээр чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анх удаа 2005 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Азийн хошой аварга болсон, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан гээд олон бахдам амжилт түүнийх. Үүний сацуу олон улсын тэмцээнээс медаль хүртсэн, Азийн дэвжээнд үзүүрлэсэн нь мөн л анхных.
Тэрбээр 18 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Анх Ховдод байхдаа барилдах сонирхолгүй, чөлөөт бөхийн тухай төдийлөн мэддэггүй байсан гэдэг. Аравдугаар ангид сурч байхад нь ховд аймагт “Бага олимп” болж, Тэр тэмцээнд жүдо бөхийн төрлөөр оролцон, хүрэл медаль авсан нь түүнийг тамирчин болох гарааны эхлэл байжээ. УАШТ-ээс медаль хүртсэн охинд дийлдэж, бөхийн төрлөөр гаргасан анхны амжилт нь энэ билээ. Мөн тамирчин болохоор шийдсэн нь тэндээс эхлэлтэй. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд “Шонхор” дээд сургуулийн чөлөөт бөхийн ангид орсон байна. Нутагтаа жүдогоор амжилт гаргасан болохоор бөхийн аль төрлөөр нь хичээллэх вэ гэж нэлээд эргэлзсэн тэрбээр найзынхаа зөвлөснөөр чөлөөт бөхөөр хичээллэхээр сонгож эл спорттой амьдралаа холбосон гэдэг.
Монгол эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс медаль хүртэж чадахыг анх баталсан түүхэн амжилтын эзэн. Ц.Энхжаргал Гавьяатыг булган сүүлтэй гэж спортынхон үнэлж, хүндэлдэг. Яах аргагүй түүнд тохирсон тодотгол мөнөөс мөн. Ц.Энхжаргал Гавьяатын гаргасан жимээр алхаж, түүнээс үлгэрлэсэн эмэгтэй бөхчүүд өнөө цагт ямар амжилт гарган, Олимп, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг олонтаа дуурсгаад буйг энд онцлох илүүц биз ээ. Тэрбээр үрийн зулай үнэрлэн дэвжээндээ эргэж ирээд, 2016 онд “Mongolia open”-д түрүүлж, дараа жил нь УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь ясны тамирчных нь илрэл. ДАШТ-ийн хүрэл, Азийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, Монгол Улсын 10 удаагийн аварга тэрбээр өнөөдөр Монгол Улсыг тив, дэлхий, олон улсын тавцанд цуурайтуулсан олон шилдэг тамирчин бэлтгэн төрүүлэхийн төлөө чөлөөт бөхийн дасгалжуулагчаар шамдан ажиллаж байна.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.