Улс төр
МАШИНЫ ДУГААР ӨӨРЧЛӨХ “ТОМ” БИЗНЕС СУРАГ АЛДРАВ
Төрийн байгууллагын эзэмшилд УБУ, УБҮ, УНҮ, УНО, УБӨ, УБЗ, УБЧ гэх мэт улсын дугаарууд багтдаг. Тиймдээ ч дээрх серийн дугаартай автомашиныг зөвхөн дарга нар унадаг байсан үе саяхан. Энэ нь ч иргэдэд “Засгийн газрын автомашин байна, УИХ-ын дарга, гишүүн, сайд, дарна нар явж байна” гэх ойлголтыг өгдөг байв. Удалгүй жирийн иргэд ч УБЗ-ээр гангарч, эрх мэдэлтнүүд бусдаас ялгарахааргүй дугаартай автомашин унадаг болсон. Ерөнхийдөө энэ нь иргэдийг “Хэн гэдэг дарга нь ийм автомашин аваад уначихав аа” гэж хардах эрхгүй болгосон гэхэд хилсдэхгүй. Үүний үр дүнд хэн дуртай нь төрийн мөнгөөр өндөр үнэтэй машин унадаг болов.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа төрийн албанд том оврын жийп хэрэглэхийг хязгаарлахыг үүрэгдсэн. Гэвч Монголын хууль гурав хоног гэгчээр тэр шийдвэр мартагдсан.
Одоогийн байдлаар яам, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагуудад 793 суудлын автомашин байна. Үүнээс 157 жийп буюу том оврын машин, 25 нь дунд гарын жийп, 556 нь суудлын автомашин байна. Эдгээрийн граж шатахуун, сэлбэг хэрэгсэл жолоочийн цалин гэх мэт зардалд 11 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн албан бус тоо байна.
Эргэн сануулахад, 2018 онд Засгийн газраас төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд унаж болохгүйг анхааруулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг 2019 оны гэнэтийн шалгалт илчилж орхисон. Учир нь Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн албатай хамтран 2019 оны арваннэгдүгээр сард “Орчлон”, Нэгдүгээр сургууль, Орос 3, Бритиш, Американ зэрэг нэр бүхий таван сургуульд гэнэтийн шалгалт хийхэд төрийн 28 байгууллага шалгалтад бүдэрсэн юм. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,Улсын Ерөнхий прокурорын газар, Гаалийн ерөнхий газар, “Улаанбаатар дулааны станц” ТӨХК-ийн нэр дээр бүртгэлтэй автомашинуудаар хүүхдээ сургуульд нь хүргэсэн нь баригдсан.
Цагдаа, түргэний машин, таксины дугаарыг бусдаас ялгахын тулдд дугаарын нь өөр өнгөөр тодорхойлох, маяактай зорчих зэрэг боломжууд бий. Тэрхүү содон машин унаад хүүхдээ сургуульд хүргэх юм бол захын хүн гар утсаараа зургийг нь дараад постолж орхино. Төрийн албаны хурган дарга нар болоод төрийн өндөр дээд албан тушаалтнуудын албандаа унадаг автомашиныг амин хувийнх нь машинаас ялгах шаардлагатай болжээ.
Тиймээс төрийн албаны машинуудын улсын дугаарын дэвсгэрийг өөр өнгөтэй болгох эсвэл тусгай дугаартай болгох хэрэгтэй. Ингэснээр дэлгүүр, шөнө орой баарны гадаа зогсох, улсын унаагаар хүүхдээ сургуульд хүргэх гэх мэт зөрчлүүд алга болох боломжтой.
Төрийн албанд үйлчилнэ гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилж байна гэсэн үг. Тиймээс хувь хувьсгал хоёрын заагаа ялгаж сурах ёстой. Ийм бүдүүлэг соёлоос гарах цаг нь болжээ. Зарим орны хувьд төрийн алба хаагч ёс зүйгүй байна гэдэг нь улс орны гадаад имижид хүртэл нөлөөлөхөөр том асуудал. 2016 онд Токио хотын Засаг дарга хувийн зуслан руугаа төрийн албаны машинаар явсан учраас албан тушаалаасаа бууж байсан юм.
МАШИНЫ ДУГААР ӨӨРЧЛӨХ “ТОМ” БИЗНЕС СУРАГ АЛДРАВ
2019 онд Зам тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төв хамтран тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудал яригдаж байв. Өөрөөр хэлбэл, автомашины улсын дугаар дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол гурван үсэг, гурван тоо байхаар өөрчлөх талаар хэлэлцэгдэж байгаад таг болсон.
Тухайн үед энэ талаар АТҮТ мэдээлэхдээ “Монгол Улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл, “Ж” үсгийг ганцхан оросууд л мэддэг. ЗТХЯ-аас үүрэг чиглэл өгвөл хуучин хэрэглэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчилнө. Дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас өөр нэмэлт төлбөр авахгүй. Шинээр дугаар номер авахад болон шилжилт хөдөлгөөн хийхэд автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлтийг хийнэ” гэж байлаа.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм3 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр21 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм3 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Нийгэм56 мин өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ