Бусад
Хүүхэд ухаалаг утас хэрэглэх нь гол биш. Өөрөө ухаалаг болох ёстой

Яргуй цэцэглэж дэлхий дэлэгнээд дэлгэр сайхан цаг айсуй. Гадаа нарлаад сууж буй өвөө, эмээ, эцэг, эх хоорондоо “Энэ хүүхдийг одоо яана. Утаснаас ер салахгүй юм. Утсыг нь авахаар зурагт, компьютер асаагаад суучих юм. Нүд нь хөхрөөд бүр ядаргаанд орчихлоо. Ямар сайндаа гадаа дагуулж гарч ирэх вэ дээ” хэмээн ярилцах нь энүүхэнд. Мөн айл бүрд л “Манайд амьд харилцаа алга. Наад утсаа ухахаа боль” гэсэн өрнөдөг. Зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч бас ухаалаг гар утасны донтон болчихсон цаг үе шүү дээ. Бүр автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа хүртэл гар утсаа ухдаг, зураг дардаг өвчтэй болсон нөхдүүд олон.
Анагаах ухаанд өнөөдөр сэтгэцийн өвчин шинээр нэмэгдсэн. Түүнийг “Дэлгэцийн дон” хэмээн нэрлээд байгаа юм. Энэ бүгд нь шинжлэх ухаан технологийн ололт дэвшил бидний амьдралын салшгүй хэсэг болсны нэг илрэл. Иймд бидэнд болон ирээдүй хойч үед маань зөв хэрэглээ, дадал зуршил зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Гэвч гар утас эрүүл мэндэд хортойг хүн бүр мэддэг хирнээ өдөр тутам сонссоор дасал болсон уу, энэ тал дээр ач холбогдол өгөхөө больсон уу. Ямартай ч бид дадал зуршлыг олж авсан шигээ, эргээд засах, үгүй болгох боломжтойг санах хэрэгтэй.
Бидний амьдралын салшгүй хэсэг болсон гар утас цахилгаан соронзон орны долгион дамжуулж байдаг. Гар утсыг удаан ашигласны дараа биед шингэсэн цахилгаан соронзон долгион нь толгой өвдөх, чих шуугих, үргэлжилсэн жингэнээ сонсогдох, цусны даралт хэлбэлзэх, зүрх дэлсэх, хэм алдагдах гэх мэт шинж тэмдэг илэрч байгааг мэргэжлийн эмч, судлаачид хэлж байна. Цахилгаан орны цацрагийн бүсэд удаан амьдарсан хүний тархи болон цусанд төмөр агуулагдаж байдаг бөгөөд энэ төмөрт цахилгаан соронзон долгион нөлөөлж цусан хангамж, тархины үйл ажиллагааг удаашруулж, эсийн бөөгнөрлийг үүсгэдэг. Энэ нь мэдрэлийн судлын тусгаарлагч мембран хана болон судас, арьс, бусад эрхтнүүд, цаашлаад удамшилд хүртэл сөргөөр нөлөөлөх, цус харвах өвчин залуужиж буйн шалтгаан болж байна.
Ялангуяа гар утасны хөнөөл хүүхдэд 10 дахин нэмэгдэж очиж буйг эрдэмтэд тогтоожээ. Учир нь хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээн авдаг аж. Тухайлбал, 20 хүртэлх наснаасаа өмнө гар утас хэрэглэсэн хүүхдүүдийн тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зүрхний хэм алдагдах, оюун санааны хямрал, стресст орох шалтгаан болж байгаа юм. Нөгөө талаар хүүхэд эрүүл мэндээрээ хохирохоос гадна цахим орчинд хүчирхийлэлд өртөх, өөрийнхөө нас онцлогт тохироогүй зүйл үзэх зэргээр маш олон сөрөг нөлөө үзүүлж байна.
Ийм хүүхэд ухаалаг утас хэрэглэх нь гол биш. Өөрөө ухаалаг болох ёстой. Гэтэл өнөөдөр “Ном уншаад сууж байсан дүүгээ ах нь харснаа…
-Чи чинь утсаа ломбардцымуу” гэсэн үг гарчээ. Бид өнөөдөр өөрсдөө болон үр хүүхдүүдээ ийм сэтгэхүйтэй болтол нь дэлгэцийн хамааралд орчхож. Бас дэлгэцийн боол хүмүүжүүлж байна. Уг нь “Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг байж билээ. Иймд томчууд бид өөрсдөө дэлгэцийн хэрэглээндээ хяналт тавьж үр хүүхэддээ үлгэр жишээ болъё. Дэлгэцэд бус номд дурладаг ухаалаг хойч үетэй болохын төлөө яг өнөөдрөөс эхлэн ажиллая. Тэгэхгүй бол ухаалаг технологиос илүү гарахгүй оюун сэтгэхүйтэй, дэлгэцийн боол болсон хойч үеийг бэлтгэн хүмүүжүүлж байна шүү дээ. Дэлгэцэд бус ном, номын санд дурладаг ухаалаг ирээдүйг бүтээхийн төлөө бүгдээрээ хичээцгээе.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.