Улс төр
2021 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын нийт өр 26 их наяд 900 тэрбум төгрөгтэй тэнцэж байна
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа. Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварт цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ болон Украин улсын хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж буй учир 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна.
Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгалаа.
Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлнө.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлнэ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс гурван хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ” гэдгийг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төсөл санаачлагчаас УИХ-ын гишүүн Ж.Батсуур, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авав. Ж.Батсуурь гишүүн төсвийн тодотголоос орон нутагт бодит үр дүн харагдахгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг орон нутагт хуваарилсан. Энэ мөнгөнөөс бараг ороогүй. Оны сүүлээр орох магадлал ч харагдахгүй байна. Нийт төсвийн тал шахам хувь орон нутагт орохгүй болохоор төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх боломжийг шийдэх үү гэдгийг тодруулав. Тэрбээр мөн цаасан дээр хэмнэсэн юм шиг харагдаж буй ч бодит нөхцөл байдалд хүндрэл нь анхан, дунд шатанд гарч ирж, дахин тодотгол хийгдэх асуудал үүсэхгүй биз гэдгийг анхаарууллаа.
Орлогыг батлагдсан хэмжээнд оруулахын төлөө Засгийн газар хичээж ажиллаж байгаа
Асуултад Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн энэ оноос эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь тухайн үйл ажиллагаа явуулсан аймагтаа хуваарилагдахаар тухайн аймгийн суурь орлогод хянагдаад явж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлт эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор харилцан адилгүй байгаа. Татварын онцлог нь жилийн турш жигд төлөгддөггүй. Улсын хэмжээнд ийм эрсдэл бий. Үүнийг нэгдсэн төсвийн төлөвлөлттэй уялдуулж оруулсан хэмээн хариулсан бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болж өгвөл орлогыг батлагдсан хэмжээнд оруулахын төлөө Засгийн газар хичээж ажиллаж буй талаар хариуллаа.
Гишүүн Б.Пүрэвдорж төсвийн тодотгол өргөн барьсантай холбоотойгоор Засгийн газрын гадаад, дотоод болон бусад өр нийлээд хэд болсныг тодруулав. Гишүүний энэ асуултад Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Одонтуяа 2021 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын нийт өр 26 их наяд 900 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс дотоод өр 657 тэрбум төгрөг байгаа. ойролцоогоор 95 орчим хувийг гадаад өр эзэлж байгаа талаар хариуллаа. Гишүүн Б.Пүрэвдорж нэмэлтээр төсөв өргөн барьсантай холбоотойгоор Засгийн газрын өр 33 их наяд 967 болох уу гэдгийг тодруулж, хариулт авав.
Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм47 мин өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр19 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм1 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ