Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
Тэрбээр уулзалтын эхэнд “Засгийн газар эхний нэг жил цар тахалтай тэмцсэн цаг хугацаа байлаа. Жилийн өмнө ихэнх аж ахуйн нэгж хязгаарлалтад, улсын төсөв 23 хувиар тасарч, эдийн засаг хасах 5.3 хувьтай байсан үе. Вакцинжуулалтыг амжилттай явуулсны дүнд энгийн амьдралын хэмнэлдээ шилжээд байна. Гэсэн ч өмнөд хөрш БНХАУ-д цар тахлын халдвар эрчимжиж, хойд хөрш ОХУ-Украин улсын хооронд хямралт нөхцөл байдал давхцсанаас үүдэн хүнс, түүхий эд, бүтээгдэхүүний татан авалт удааширч, валютын хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан олон хүндрэл тулгарч байна. Бараа бүтээгдэхүүний үнийг төр зохицуулах ёсгүй, зах зээлийн зарчмаараа явах ёстой гэсэн бодолтой байдаг. Харамсалтай нь, олон улсын нөхцөл байдал үнэ тогтворжуулахад төр оролцохоос өөр аргагүйд хүрч, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, энэ оны төсвийг тодотгохоор хэлэлцүүлж байна. Инфляци 15-16 хувьтай байгаа, үүнд нөлөөлдөг мах, гурил, шатахууны үнийг тогтвортой байлгахад аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, шатахуун импортлогчдод татаас олгохоор шийдвэрлэсэн. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн албан татварыг чөлөөлөхөөр төсвийн тодотголын төсөлд тусгасан. Энэ оны III, IV улиралд эдийн засаг хүнд сорилттой нүүр тулж, ирэх оны нэгдүгээр хагасаас өсөлттэй гарах прогнозыг олон улсын байгууллагууд хийжээ. Амаргүй энэ нөхцөлд хүнсний худалдааны салбарын төлөөлөл та бүхнийхээ санаа бодлыг сонсохоор уулзалт зохион байгуулж байна” гэлээ.
Энэ үеэр “Апу дэйри” компанийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Манай улс жилд 30 орчим сая тн хуурай сүү импортоор авдаг. Олон улсад нэг хүнд ногдох сүүний жилийн хэрэгцээ 160-180 литр байдаг бол манайд 30-50 литр байна. Үүнийг яаж гурав дахин өсгөх вэ. Бид 1000 орчим малчин өрхөөс сүү цуглуулдаг. Цаашид 21 аймаг, бүс нутгуудад сүүний цэг байгуулах шаардлага бий. Үүнийг хийж чадвал 5000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Мөн хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ өгөөд өвөлдөө үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Эдгээрийг хийж чадвал импортод гарч буй валют дотооддоо үлдэнэ” гэсэн бол “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл “Биднээс хамаарахгүй нөхцөл байдал бий болчихлоо. Үүнээс шалтгаалж, бүх түүхий эдийн үнэ өссөн. Үнэ буулгах гэхээсээ илүүтэй яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн хийхэд гурил 10, тос 13, элсэн чихэр 6, сав баглаа 5 хувийг эзэлдэг. Ганц гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүйг эндээс харж болно. Яагаад гэвэл, гурилнаас бусад түүхий эдийнхээ 98 хувийг гаднаас авч байна. Тиймээс хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд хүнс үйлдвэрлэгч компаниудтай своп хэлцэл хийвэл яасан юм бэ. Засгийн газар татварын уян хатан бодлого явуулах хэрэгтэй. Өмнө нь ААН, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулсан шийдвэр маш том дэмжлэг болсон. Дахин хөнгөлөлт үзүүлж болох уу. Үйлдвэрлэгчид бид боломжоороо зүтгэж байна. Ажлын байраа хадгалаад явбал нийгэмдээ тустай. Боломжоороо зүтгэе” гэв.
Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн гаалийн болон НӨАТ-ыг өнгөрсөн жилийн долдугаар сар хүртэл чөлөөлсөн нь том дэмжлэг байсныг импортлогч компанийн төлөөлөл мөн хэлж байлаа. Одоо ийм хөнгөлөлт байхгүй учраас дээрх бүтээгдэхүүний үнэ 35-40 хувиар өссөнийг хэлж, татварыг тэглэж өгөх саналыг Ерөнхий сайдад уламжилж байв.
“Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болд “Жилд манайх 390 сая ширхэг өндөгний хэрэглээтэй. Үүний 50 хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг. Шувууны аж ахуй эрхлэхэд тоног төхөөрөмж хэрэгтэй, үүний гааль болон НӨАТ-ыг чөлөөлбөл хэрэгтэй байна. Импортын хямд үнэтэй өндөг зуны улиралд их орж ирдэг. Үйлдвэрлэгчид үүнтэй өрсөлдөх хэцүү. Жилд импортоор орж ирэх өндөгний тоог зохицуулбал шувууны аж ахуй манайд хөгжих боломжтой” гээд өндөгний үнийг энэ цаг үед 30 төгрөгөөр бууруулах боломжтой гэдгээ хэллээ.
Тэгвэл “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Очирбат “Махны үйлдвэрүүдийн бэлтгэсэн махыг төсвийн байгууллагад нийлүүлэхийг хуульчилбал үйлдвэрлэл эрхлэгчдэд том дэмжлэг болно. Махны экспорт зогссоноос зарим үйлдвэр хаалгаа барихад хүрч байна. Өнгөрсөн жил экспортод гаргахад бэлтгэсэн 6000 тн ямаа, 4000 тн адууны махаа богино хугацаанд экспортлоход төрөөс дэмжвэл манайд валют орж ирнэ” гэлээ.
“Сансар сүлжээ” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Оюундарь “Манайх 30 мянган нэр төрлийн бараа дотоодоос болон импортоор авч худалддаг. Нийлүүлэгчдээс авсан бараан дээрээ дунджаар 15 хувийг нэмж байна. Том талбайд олон хүн ажиллуулж, түрээс төлөхийн хэрээр үйл ажиллагааны зардал нэмэгддэг. Энэ жил түрээсийн зардал 35, тээвэр логистик, шатахууны зардал 16 хувиар өссөн. Ийм үед ашиглалтын зардал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хөнгөлөлт үзүүлбэл дэмжлэг” болно хэмээсэн. Хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл гол төлөв төр татварын бодлогоор дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.
Тэдний санаа бодлыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аливаа шийдвэрийг ярилцаж гаргахгүй бол бодит байдалд эерэг, сөрөг олон талаас нөлөөлдөг. Бүхнийг хөнгөлөөд, чөлөөлөөд явбал улс даахгүй. Та бүхэн шийдлээ гаргаад саналаа өгөөрэй. Асуудлыг богино хугацаанд шийдээд явна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдааны эхэнд хүнсний асуудлыг хэлэлцэж байгаа. Үүгээр та бүхний гаргасан саналыг хэлэлцэнэ. Дахин уулзъя” гэлээ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм45 мин өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр19 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм1 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ