Энтертайнмент
Х.Мөнхцэцэг: “Морин хуур” наадамд өөрийгөө сорьж үзэх юмсан гэж хүсдэг

Нэрт яруу найрагч Д.Лувсандоржийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүхийн хөгжим “Амьд таван эрдэнэ” дууны уралдааныг “Ногоон нүүдэл” ТББ, “Малчин” ТВ-ээс хамтран зохион байгууллаа. Энэхүү уралдаанд 400 хүнээс шалгаран амжилттай оролцон, тэргүүн байр эзэлсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хэмнэл” соёлын төвд бүжгийн багш Х.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Та Орхон аймгаа төлөөлөн оролцож тэргүүн байр эзэллээ. Өөрийгөө танилцуулахгүй юу, хаана ямар ажил эрхэлдэг вэ?
-Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Орхон аймагтаа ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд СУИС-ийг Соёлын арга зүйч мэргэжлээр төгссөн. Одоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хэмнэл” соёлын төвд бүжгийн багшаар 14 дэх жилдээ ажиллаж байна.
-Энэхүү баяртай мөч, торгон агшинд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарч зорин ирж энэ уралдаанд оролцсон цээл сайхан хоолойтой уран бүтээлчид цэцэн мэргэн шүүгчдэдээ баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ уралдааныг гурван үе шаттайгаар өндөр төвшинд маш сайхан зохион байгуулсан “Малчин” телевиз “Ногоон нүүдэл” ТББ-ын хамт олондоо баярлалаа. Мөн МҮЭСТО хэмээх сайхан тайзан дээр энэ цагийн олон сайхан гавьяат, дуучидтай ая дуугаар хөглөгдөж омогшсон сайхан үдэш байлаа.
–“Таван эрдэнэ” дууны уралдаанд хэрхэн оролцохоор шийдэв?
-Хэдийгээр бүжгийн багш ч гэлээ соёлын салбарт ажиллаж байгаа хүний хувьд ажлын байрандаа хөрвөж зайлшгүй дуулах шаардлага гарна. Ээж маань СТА дуучин Д.Бадамханд шүү дээ. Тиймээс ээжийнхээ авьяасыг бага ч гэсэн өвлөж авсан юм болов уу, дуулах сонирхолтой. СТА Ч.Алтантүлхүүрийн дуунуудаас дуулах их дуртай бас ээж маань “Таван эрдэнэ” дууг их дуулдаг байсан юм. Энэ бүхнээс улбаатай уралдаанд оролцохоор шийдсэн.
–Хэдэн оролцогчоос шилдгээр шалгарав, тэргүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Уралдааны 1,2 дугаар шат цахимаар явагдсан. Нэгдүгээр шатанд 400 гаруй оролцогч “Таван эрдэнэ” дууны нэгдүгээр бадгийг ямар нэгэн хөгжимгүйгээр дуулж оролцсоноос хоёрдугаар шатанд 110 хүн шалгарч тус дууг хөгжимтэй дуулан дүрсжүүлж цахимаар явуулсан. Ингэхдээ сошиалд авсан хандалтаас гадна дуулах ур чадвар зэргийг мэргэжлийн шүүгчид олон талаас нь харж 10 оролцогчийг сүүлийн шатанд шалгаруулж МҮЭСТО-нд “Гала тоглолт” хэлбэрээр зохион байгууллаа. Ингэж сүүлийн шатанд шалгарснаасаа хойш өөртөө итгэлтэй болж түрүүлнэ гэсэн бодолтой байсан. \инээв\
-Ээж нь сайхан дуулдаг гэлээ. Дуучин ээжийнхээ авяасыг өвлөсөн байна шүү дээ. Тиймээс танай гэр бүлд танаас өөр дуулдаг хүн байгаа юу?
-Миний аавыг Ц.Хорлоо, ээжийг МУСТА Д.Бадамханд гэж хоёулаа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул хүмүүс байсан. Ээж маань нутагтаа соёлын төвийн эрхлэгч номын санчаар ажиллаж байсан. Ах нар, эмэгтэй дүү нар маань бүгдээрээ дуулах дуртай. Ээж маань амьд сэрүүн байхдаа таван хүүхэдтэйгээ хамтарч “Дуунд хөглөгдсөн амьдрал” тоглолтоо төрсөн нутагтаа болон Орхон аймагт зохион байгуулж байлаа. Тийм учраас ээжийнхээ бурхнаас заяасан авъяасаас бага ч гэсэн өвлөж үргэлжлүүлэн дуулж яваадаа баяртай байна.
-Энэ уралдаанд оролцоход хамгийн их тусалж дэмжиж зөвлөсөн хүн хэн бэ?
-Уралдааны шалгуур нөхцөл их өндөр байсан. Дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ажлын хамт олон, ах Х.Энхбаяр төрсөн дүү Х.Мөнхсайхан Х.Мөнхтуяа авга эгч нар маань Эрдэнэт хотоос дагаж ирж дэмжсэн. Бүх төрөл садан, найз нөхөд гээд намайг таньдаг олон хүмүүсийнхээ дэмжлэгээр энэхүү амжилтанд хүрлээ. Ялангуяа Хэмнэл соёлын төвийн Эрдэнэхүүгийн Батболд даргадаа маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Нэгдүгээр шатны уралдааны видео бичлэгээс эхлээд бүх шатны уралдаанд хамгийн их зөвлөж тусалж байсан. Мөн Эрдэнэт хотынхоо EBS HD телевизийн хамт олондоо баярлалаа.
-Дуулдаг хүний хувьд урын сангаа хэрхэн баяжуулаад байна вэ?
-Бүжгийн багшаар ажилладаг ч манай соёлын төвийн хамт олон бие даасан олон тоглолтуудыг орон нутагтаа болон хөрш зэргэлдээ сумууддаа толилуулж ирсэн. Урын сандаа өөрийн гэсэн 6-7 дууны шинэ уран бүтээлтэй. Нийтийн хүртээл болсон бас хуучны сайхан дуунуудаас дуулах дуртай .
-Ямар дуучдын дууг сонсч үлгэр дууриалал авч явах дуртай вэ?
-Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам гээд алдартай сайхан дуучдын дуунаас сонсох дуртай, мөн урлагийн хүн ямар байх ёстой юм, хэрхэн биеэ авч явах вэ гэх зэргээр үлгэр дууриалал авахыг хичээдэг. Залуу үеэс СТА дуучин Ч.Алтантүлхүүр, дуучин Хишигсүрэн, Хишигдэлгэр гэж эгч дүүс дуучдын дуу уран бүтээлүүдийг шимтэн сонсдог. Шаардлага гарвал зарим нэг арга хэмжээнд дуунаас нь дуулах гэж оролдоно оо. \уучлаарай гээд инээв\
–Монголчууд олзыг олуулаа гэж ярьдаг. Нэлээн ч өндөр шагнал гардлаа. /6560,000 төгрөг/ Шагналаа бусадтай хуваалцах бодол бий юу?
-Манай Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн шавь нар маань бий. Намайг уралдаанд явахад: “Багшаа ганц дуулж өгөөд яваач дээ гээд гуйгаад байсан.” Хөөрхөн шавь нар маань энэ сарын сүүлчээр болох “Эрдэнэсийн угалз” хангайн бүсийн аварга шалгаруулах бүжгийн уралдаанд оролцоно. Хоёр хамтлаг тус бүр хоёр төрөлд 30 гаруй хүүхэд бэлдэж байгаа. Удахгүй бас бүжгийн дугуйлангийн “Бидний инээмсэглэл 2022” тайлан тоглолт хийнэ. Тийм учраас шагналынхаа тодорхой хувийг шавь нарынхаа бүжгийн хувцсанд хөрөнгө оруулалт хийнэ гэж бодож байна.
-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Тиймээс залуу дуучны цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө их байгаа даа?
-Манай соёлын төвийн хамт олон маш хөдөлмөрч хүмүүс. Тиймээс бидний цаашдын төлөвлөгөө зорилго ч тодорхой байгаа. Тухайлбал, манай соёлын төвийн таван ажилтан хамтарч “Эхлэл” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Цаашдаа тавуулаа бие даасан шинэ уран бүтээлийн тоглолтоо “Үргэлжлэл” нэртэйгээр үргэлжлүүлнэ гэж үзэгч түмэндээ амласан. Харин миний нэг мөрөөдөл гэвэл Эрдэнэт хотынхоо яруу найрагчид хөгжмийн зохиолчдын надад итгэж өгсөн шинэ уран бүтээлүүдээр “Морин хуур” наадамд нэг удаа ч болов орж өөрийгөө сорьж үзэх юмсан гэж хүсдэг. Мөрөөдөл биелнэ гэдэгт итгэлтэй байгаа.\инээв\

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм21 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм22 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм22 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна