Бусад
Таван жил үүргэвчтэй аялахдаа халуун орны ширэнгэн ойд отоглож, алс бөглүү омогийнхонтой амьдарч явлаа

“ Хичээнгүй” нэрэндээ тохирсон хичээнгүй залуу МУБИС-НХУС түүх нийгмийн ухааны ангийн III дугаар дамжааны оюутан Б.Хичээнгүйтэй хөөрөлдсөнөө уншигч танаа хүргэе. Багш болох туйлын хүсэлтэй, өөрийн гэсэн өвөрмөц ертөнц, үлгэр дууриалал ихтэй түүний амьдрал ч адал явдлаар дүүрэн юм билээ. Тэрбээр их сургуулиа хэсэг хугацаанд орхиж монголоороо болон дэлхийн улс орнуудаар ганцаараа “үүргэвчтэй” аялж олон зүйлийг үзэж харж, ойлгож ухаарсан хэмээж байлаа. Гэвч энэхүү хүсэл зориг нь дандаа дардан байгаагүй хүний нутагт мөнгөгөүй болох,зовж зүдрэх үе олон байсан аж.
https://24barimt.mn/wp-admin/media-upload.php?post_id=81918&type=image&TB_iframe=1
-Оюутан залуутай уулзаж байгаа учраас ярилцлагаа сурагч насны хөгжилтэй дурсамжаар тань эхэлье?
-Чингэлтэй дүүргийн нийслэлийн тэргүүний 57-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Багадаа нийгмийн идэвхтэй, сургуулиас зохиогдсон олон төрлийн арга хэмжээнд оролцох дуртай их хөдөлгөөнтэй хүүхэд байсан (Инээв). Бусад сургуулийн болон орос, англи, хятад, герман, франц улсын хүүхдүүдтэй танилцаж ойр дотно найзалж, нөхөрлөж ирсэн минь одоо бодоход олон сайхан дурсамжийг үлдээжээ.
-Эндээсээ хэрхэн МУБИС-ийн оюутан болов. Сурагчийн ширээнээс оюутан болох ямар санагдав?
-МУБИС хэмээх энэ өндөр босготой сургуульд орохын тулд дөрвөн жил тасралтгүй бэлдсэн. Түүх, нийгмийн ухааны хичээлдээ бүр ч сонирхолтой, мөн Нийгмийн ажилтан болон ЕБС-ийнхаа түүх нийгмийн ЗАН-ийн багш нарын хайртай шавь нь байсан. Одоо ч тэрхүү багш нартайгаа холбоо харилцаатай байдаг. Сурагч байхдаа МУБИС-ийн хичээлийн байрууд болон орчин нөхцөлтэй нь танилцаад амжсан (инээв). ЕБС-д байхад багш нар гэрийн даалгавар шалгаж, зарим тохиолдолд хүүхдүүдийн эцэг эх рүү сурагчдын дүн оноог хэлдэг байсан болоод ч тэрүү их сургуульд орсон чинь тэр бүгд улам чөлөөтэй болсон юм шиг санагдаж эхэлсэн. Оюутан болсон эхний жилдээ хичээл сургуульдаа их идэвхтэй хандаж байснаа яагаад ч юм дараа жилээс нь жаахан хойрго болчихсон. Магадгүй түүнд миний хэтэрхий нийгмийн идэвх ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй(Инээв).
– Сургуулиа орхисон нь ийм учир шалтгаантай юм байна, Гэвч энэ хугацаанд юу амжуулав?
– Энэ тухайд өөрийгөө дахин шинээр нээж үзэх хүсэл төрсөн. Зарим хүүхэд залууст “сургууль, ажлаа орхиод үүргэвчээ үүрээд аялъя” гэсэн ойлголт байдаг даа. Яг л энэ бодол надад хүчтэй нөлөөлсөн юм билээ. Багагүй олон жил Монголоороо болон дэлхийн улс орнуудаар ганцаараа “үүргэвчтэй” аялаад “би зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө яваад байх биш аялах явцдаа ойлгож, ухаарч, олж харж мэдсэн зүйлээ Монголынхоо ирээдүйд зориулах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайтар ойлгосон. Үүний дараа эмээдээ багш болно гэж хэлж байсан амлалтаа заавал биелүүлэх ёстой гээд сургуульдаа буцаж ирээд суралцаж байна. Учир нь миний өвөө сайн багш, боловсролтой сэхээтэн хүн байлаа.Тийм учраас багаасаа багш болох сонирхолтой байсан. ЕБС-д байхдаа сурагчийн нэг өдрөөр “түүх нийгмийн ухааны багш” болчихоод багш нартаа хичээл заах дуртай байлаа (Инээв). Гэхдээ өвөөгөө мэдээ орсноосоо хойш ер харж байгаагүй. Миний өвөө Д.Гүржав Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. Тухайн үедээ Гэгээрлийн яаманд ажиллаж илгээлтээр орон нутаг, нийслэлд шинээр байгуулагдаж буй сургуульд хичээлийн эрхлэгч, захирал зэрэг албан тушаалуудыг хашиж байсан гэдэг. Тэрхүү алс холд ажиллаж амьдарч байхдаа намайг төрөхөд захидлаар энэ хүүхдэд ХИЧЭЭНГҮЙ гэдэг нэр хайрлаарай гэсэн юм билээ.
– Одоо хоёулаа ярианы сэдвээ өөрчилье. Та залуу наснаасаа гадаад дотоодын олон улс орноор аялжээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Хүүхэд байхаасаа л дэлхий ертөнцийн түүх соёл иргэншил, сонин жигтэй газар орныг үзэх дуртай, дэлхийн газрын зураг дэлгээд л хараад суудаг байлаа. Хамгийн анх гуравдугаар ангидаа 10 настайдаа “Хөх цэрэг” нэртэй үндэсний аялалд дурлаж явсан. Тэр аялал хүүхэд багачуудыг автобусанд суулган монголын үзэсгэлэнт газруудаар 10 хоног тойрон аялж, хээрийн хоол идүүлж, майханд хоноглодог одоо бодоход их л гоё аялал байсан санагддаг юм. Энэ бүхэн нь сонирхол татаад тэр аялалдаа жил бүр явдаг болсон. Дараа нь их сургуулиа завсарлаж ганцаарахнаа үүргэвчээ үүрээд дутуу үлдсэн аймгуудаар аяллаа үргэлжлүүлсэн. 21 насандаа 21 аймгаараа аялж дуусаад Зүүн өмнөд Азийн улс орнуудаар хэсэг хэрэн хэсүүчилсэн дээ (инээв).
– Эндээс юуг олж харав. Аялал бүхэн сонин содон дурсамж дурдатгал үлдээж байгаа шүү дээ?
– Гаднын улс орнуудын хүүхэд залуучуудын амьдралын хэв маягийг нүдээр харж, тэднийг ямар хүсэл мөрөөдлийг нь сонсч, мөнгөгүй болсон үедээ гадаа гудманд хоноглон, халуун орны ширэнгэн ойд отоглож, алс бөглүү омогийнхонтой амьдарч, соёл зан заншлаас нь танин мэдэж, өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн нууцыг цагаахан атаархлаар судалж, түүхэн дурсгалт газруудаар нь очиж, нэг газраас нөгөө тийш явахдаа замын ундаанд дайгдаж алхаж, багагүй зовж зүдэрч явснаа нуугаад яахав. Гэсэн ч энэ бүхэнд ажраагүй. Цаашаа Энэтхэг, Дундад Ази, Африк, Өмнөд Америк руу явах сонирхолтой байсан ч ковидын улмаас гацаанд орсон.Энэ мэтээр нийтдээ таван жил аялсны эцэст төрөлх сургуульдаа эргэн ирээд байна даа.
-Юм үзэж нүд тайлна гэдэг шиг ертөнцийг үзэх үзэл тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Аялал гэдэг ямар адармаатай хэцүү байсан ч хүнийг аливаад дасан зохицох чадвар өгдөг юм байна. Улам л алс холыг харж, жижиг асуудлуудыг тоохоо больж, амьдралд тохиолдох саад бэрхшээлд илүү хүчтэй бас тууштай ханддаг болсон. Энэ бүхний хүчинд өнөөдөр хичээл сургалтандаа идэвх санаачлагчтай, аливаад логик агуулгаар нь ямар нэг зүйлд баригдалгүй чөлөөтэй сэтгэж, анги болон сургуулийнхаа төлөө илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг сэтгэлдээ тээж явна даа.
-Залуу хүнд зорилго байдаг. Түүн шиг цаашид юуг мөрөөдөж юу хийхийг хүсч байна?
-Юуны түрүүнд сургуулиа амжилттай дүүргэхийг хүсч байна. Ингэснээр сургуульдаа олон шинэ зүйлийг санаачлан хийж хэрэгжүүлэх зорилготой байгаа. Дараа нь дутуу үлдсэн газруудаараа өөрөөр хэлбэл тив, дэлхийн улсуудаар аялах төлөвлөгөөтэй байна. Нэг хүн надаас аялж ирээд юу хийх вэ гэж асуухад би Монгол улсынхаа аль нэг суманд очиж багшилна гэж хариулсан. Гэтэл тэр хүн өөдөөс шоолонгуй инээхэд нь “тэр очсон сургуулиа хамгийн сайн сургууль болгоно оо” гэж гэж хэлж билээ. Энэ мэтээр үзэж харсан, ухаарч ойлгосон, уншиж судалснааа багш боловсролоороо дамжуулан Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад харамгүй түгээх нь туйлын зорилго юм.
-Дээрх аяллуудаасаа ямар сэтгэгдэлтэй үлдэв?
-Дахин аялах гүн гүнзгий зорилго тээж үлдсэн. Мөн хорвоо ертөнцтэй танилцах, түүнийг биеэр мэдрэх хүсэлдээ улам бүр автсан гэж хэлж болно. Энэ дундаас
Зүүн өмнөд Азийн орнуудаар аялсан минь хамгийн сонирхолтой хэрнээ бэрхшээлтэй байлаа. Гэсэн ч амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж аялсан минь олон хүмүүстэй найз нөхөд болж тэр хэмжээгээр олон зүйлийг ойлгож ухаарсан даа баяртай байна.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм12 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм13 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм13 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм13 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр