Дэлхий дахинд
Комедианийг тайзан дээр байх үед хутгатай этгээд биед нь халджээ
Комедиан Дэйв Чаппейллийг тайзан дээр байх үед нэгэн этгээд үсрэн гарч ирж биед нь халдсан бөгөөд түүнийг өнөөдөр саатуулан баривчилжээ.
Лос Анжелес хотын иргэн 23 настай Исаиа Ли орон нутгийн цагаар мягмар гарагийн орой Холливуд Боулд болсон тоглолтын үеэр 47 настай инээдмийн жүжигчин Дэйв Чаппейллийн биед халдсан бөгөөд гар буу шиг хэлбэртэй хутгатай байсан тухай эх сурвалжууд мэдээллээ.
Гэмт этгээдийг хамгаалалтын албаныхан саатуулан цагдаа нарт хүлээлгэн өгсөн бөгөөд гар нь хугарч, нүүрэндээ гэмтэл авсан байна. Хамгаалалтын албаныхан гэмт этгээдийг зодсон тухай нэгэн үзэгч жиргэжээ.
Уг үйл явдлын дараа Дэйв Чаппейллийг Крис Рок тайвшруулсан гэх бөгөөд тэрээр “Саяных Уилл Смит байсан уу?” хэмээн хошигносон нь багагүй шуугиан тариад байна.
Зарим хүмүүс уг хэргийг үйлдсэн этгээдийг саатуулан, шийтгэл оногдуулсан нь шударга бус байна хэмээн мэдээлж эхэлжээ. Оскар дээр болсон үйл явдлын дараа Уилл Смитийг эхнэрийнх нь хажууд суулган, хэдхэн минутын дараа шагнал гардуулсан.
Харин өнөөдөр болсон хэрэгт холбогдогчийг хамгаалалтын албаныхан зодож гэмтээн, цагдаагийн газарт өгч улмаар шийтгэл оногдуулахаар болсон нь хүний эрхийг дээдлэгч орны хувьд байж боломгүй ялгавартай хандлага хэмээн тэд үзэж байгаа аж.