Бусад
Буйдхан энэ заставаас эх орон минь эхэлдэг

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум дахь хилийн дугаар заставын хамт олонтой танилцах боломж олдов. Хаашаа л харна элс, аараг толгодын дунд торойх застав руу хүрэх замд “Ээ гэгээн минь, ийм газарт яаж аж төрдөг байна аа, уйдаж үхэх байх” гэх уйварган бодол тархинд зурсхийснээ нуугаад яах билээ. Гэвч амьдрал дунд нь ороход бодол минь 180 хэм өөрчлөгдөж, өөрийгөө шүүмжлэхэд хүрсэн. Эх орны баруун хязгаарт орших буйдхан хилийн дугаар застав, торгон хилээ манаж байгаа дайчин эрс, тэднийг командалж буй залуухан цэргийн дарга нар, заставын ажилтнууд, гэр бүлийнхэн, үр хүүхдүүд нэг л дотно. Ингээд заставын захирагч Э.Лхагвасүрэн, гэргий Л.Насанжаргал нартай цөөн хором ярилцлаа.
-Ажиллаж амьдарч буй заставынхаа тухай танилцуулахаас яриагаа эхлэх үү?
– Э.Лхагвасүрэн: Манай дугаар салбар Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт сумын нутаг дэвсгэрийг хариуцан хамгаалдаг. Түүнчлэн 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнуулсан алдарт застав. Манайх 2018,2019 оны отрядын тэргүүний застав болж байлаа. Отрядын төвөөс хамгийн хол буюу 400 км зайд алслагдсан ч ажиллаж, амьдрах нөхцөл бололцоо бүрэн шийдэгдсэн.
– Та хоёр минь хэзээ энэ сайхан нутагт ирэв, ажил амьдралын тухайд?
– Э.Лхагвасүрэн: Бид 2008 онд оюутан байхдаа анх танилцсан. ХЦДС-ийг Цэргийн сэтгэлзүйч мэргэжлээр 2010 онд төгсөөд Баян-Өлгий аймагт томилогдоход эхнэр маань эцэг, эх элгэн саднаасаа холдон намайг дагасан. Бид хоёрын амьдрал алс баруун хязгаараас эхэлсэн нь хэн хүнд тохиох тавилан биш. Бид өөрсдийгөө азтай улс хэмээн ярилцдаг. Өмнөговийн Овоотын отряд руу 2015 онд томилогдон ажиллаж байгаад 2018 онд энэ заставтаа захирагчаар нь томилогдож ирсэн. Цэргийн хүн тушаалаар л ажилладаг, хаашаа явах тушаал гарна, түүнийг биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ, хүүхдүүд чинь хаана төрөв, сургуульд орсон уу?
– Л.Насанжаргал: Манайх хоёр хүүхэдтэй, том охин Амин-Эрдэнэ Баян-Өлгийд, бага хүү Ням-Эрдэнэ энд төрсөн. Том охин маань Өмнөговь аймгийн Гурвантэс суманд сургуульд сурч байна. Хэдийгээр алс хязгаарт байгаа ч харилцаа холбоо сайн хөгжсөн болохоор охинтойгоо байнга дүрстэй дуудлага хийдэг. Тийм болохоор харьцангуй аав ээж, гэр орноо санах нь бага шүү. Мөн сургуулийн амралт эхэлсэн үед гэрээсээ хичээл номоо давтах, сурах бүрэн боломжтой.
-Бид хилийн амьдралыг нэлээд хүндээр төсөөлж байж. Гэтэл нөхцөл байдлыг харахад төсөөлснөөс өөр байна. Гэрэл цахилгаан, харилцаа холбоо, ахуй хангамж гээд ярих зүйл зөндөө байгаа байх?
– Э.Лхагвасүрэн: Хил хамгаалах байгууллага нийт бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудлыг үе шаттайгаар маш сайн шийдсээр ирсэн. Одоо аль ч хилийн застав, отряд интернэт орчин сайтай, 24 цагийн гэрэл цахилгаантай, хөргөгч хөлдөөгч ахуйн хэрэглээний бүх л цахилгаан хэрэгсэл асуудалгүй ажиллаж байна. Хамгийн гол хэрэглээ болсон интернэт орчны хувьд салбарын бие бүрэлдэхүүн утсаараа шууд дүрстэй дуудлага, чат, мессенжер бүхий л боломжит хэлбэрээр харилцаа үүсгэн холбогддог. Энэ мэтчилэн асуудлуудыг үе шаттайгаар шийдсээр ирсэн нь хилчин бидний хувьд цаг үеийн мэдээ, мэдээллээс хоцрохгүй зэрэгцэн алхаж чадаж байгаа. Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалаад, хилийн багана, хилээ тойрон ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалахын төлөө явж байхад үнэхээр омогшмоор, бахархмаар санагддаг юм. Хэн бүхэнд ийм бодол төрөх нь мэдээж. Хилчин дайчдыг үүргээ гүйцэтгэж байх хугацаанд ар талын бүх асуудлыг эмэгтэйчүүд маань хариуцан ажилладаг. Тэд суурин газрын шарах шүүгээнд хийдэг бүх төрлийн амттаныг гал дээр хийнэ шүү дээ. Буйдхан энэ газраа нэг эд эс, нэг гэр бүл болж, нэг нэгийгээ ойлгон гар нийлэн ажилладаг.
– Л.Насанжаргал: Миний хувьд ажил амьдралынхаа гарааг тогоочоор эхэлж улмаар холбоочин болсон. Одоо ахлах холбоочин. Анх Баян-Өлгийд гал голомтоо асааж байхдаа “Энд яаж амьдарна аа” гэж бодож байлаа. Харин одоо эсрэгээрээ хөл хөдөлгөөн, дуу шуугиантай газар очихоор хурдхан л застав руугаа буцъя гэнэ. Ажилдаа ч их хайртай болж.
-Хилчний амьдрал ямар байна. Эцэг эхээ санах үе гарна биз?
– Л.Насанжаргал: Хилчний амьдрал нэг үеэ бодвол сайхан болсон. Анх 2010 онд ирж байхад юун цахилгаан, юун интернэт. Хэцүү байсан. Хөдөөгийн амьдрал мэдэхгүй жаахан охин энэ хүнийг/нөхрөө заав/ дагаад л хилчин болсон доо. Гэхдээ сайхан хамт олон, элгэмсэг,халуун дулаан уур амьсгалтай заставынхандаа их амархан дасч нөхөрлөсөн. Офицер, ахлагч нарын хүнсний хангамжийг төр хариуцдаг. Алс хязгаарт алба хааж байна гэдэг утгаараа хүнсний хангамжийн хувьд сонголт ихтэй. Дэлгүүрт байгаа мэт. Жишээ нь цагаан будаа гэхэд 5-6 төрөл, гоймон ч мөн ялгаагүй. Ер нь хилийн салбаруудын хүнсний агуулах багахан хэмжээний “Супермаркет”-тай адил. Өөрсдийн дуртай бүтээгдэхүүнээр хүнсний хангалтаа хийдэг. Мөн манай хил хамгаалах газраас гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэр бүлийн хүмүүсийг ажлын байраар хангах асуудлыг ихэд анхаарч бодлогоор шийдвэрлэдэг.
-Захирагчийн хувьд энэ салбарт тулгамдаж буй асуудал байна уу?
– Э.Лхагвасүрэн: Байхгүй, амьдрах орчин, боломж бололцоо, хангалт, эдэлж хэрэглэх хувцас, холбоо харилцаа гээд дутуу зүйл алга, бүх зүйл энд байна.
-Сүүлийн үед хугацаат цэргийн албан хаагч болон анги нэгтгэлийн талаар янз бүрийн яриа дуулддаг болсон. Үүн дээр та юу хэлэх вэ?
– Э.Лхагвасүрэн: Заавал хэрэг гарах ёстой газар биш шүү дээ. Ганц, нэг хүний ухамсаргүй үйлдлээс болж бүхэл бүтэн байгууллагын нэр хүнд унаж байна. Түүнээс торгон хил дээр алба хаах хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөн олон арван аавын хүү эх орныхоо дуудлагаар энд албаа хаадаг. Тэдний эх орноо гэсэн үзлийг улам бататгах нь бидний үүрэг. Хугацаат цэргийн албан хаагчдад зориулсан сургалт шат шатандаа явагддаг. Үүний үр дүнд тэд төлөвшдөг. Монгол Улсын хил тайван байна, эр цэргүүд минь эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна.
-Өөрийнхөө мэргэжлийн онцлогийг яривал?
– Л.Насанжаргал: Монгол Улсын хил, хилийн манааг холбоо харилцаагүйгээр төсөөлж үл болно. Магадгүй хамгийн онцгой чухал ач холбогдолтой нэгж нь байж мэднэ. Бүх л мэдээ, мэдээлэл холбоогоор дамждаг
-Цэргийн гэргий байх, цэргийн албан хаагч болох хоёрт ялгаа бий биз?
– Л.Насанжаргал: Сонсогч хүүтэй танилцаж, үерхэж эхэлсэн тэр л үеэс цэргийн хүн болохыг мөрөөдсөн дөө. Харин мөрөөдлөө биелүүлж, цэргийн дүрэмт хувцсаар гангардаг болоод жил болж байна. Байн байн хувцас руугаа хармаар санагдаад байдаг юм билээ, эхэндээ. Огшиж омогшино, түүнтэй зэрэгцээд үүрэг хариуцлага их нэмэгддэг гэдгийг сайн ойлгосон доо.
-Залуу гэр бүлийн маргаашийн зорилго тань сонин байна?
– Э.Лхагвасүрэн: Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үйлсэд нэлээдгүй хугацааг зориулсан. Цаашид мэргэжлийн ур чадвараа улам ахиулж, сурч боловсрох хэрэгтэй байна. Энэ л бидний зорилго.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм9 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм10 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм10 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо