Энтертайнмент
“Говийн байгаль, түүхийн музей” нээлтээ хийлээ
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан /Gobi Oyu Development Support Fund/-гийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” өчигдөр нээлтээ хийлээ. Өмнөговь аймгийн төв Даланзадгадад байгуулагдсан энэ музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгыг дэлгэжээ.
Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжээс музейд дэлгэсэн байна.
Мөн музейд улсдаа алдартай Ноён Сэврэйн дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга /аймгийн есөн гайхамшгийн нэг/ гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.