Спорт
Дундговь аймгийн “Зэв” клубын тамирчин Ц.Гэрэлт-Од “Шилдэг эрэгтэй тамрчин”-аар шалгарав

2022 оны Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-5-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо болж, аваргуудаа шалгарууллаа.
Тус тэмцээнийг Монголын таеквондогийн холбоо, Дундговь аймгийн таеквондогийн холбоо, аймгийн ЗДТГ, БТСГ хамтран зохион байгуулж, 30 клубын 350 гаруй хүүхэд залуучууд өсвөр үеийн ангилалын 20, залуучуудын ангиллын 20 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Багийн дүнгээр өсвөр үеийн ангилалд Сэлэнгэ аймгийн “Хараагийн хөх чоно” клуб, залуучуудын ангилалд Улаанбаатар хотын Спортын дунд сургууль тус тус тэргүүлсэн байна.
2022 оны Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь УИХ-ын С.Батболдын ивээл дор болсон бөгөөд энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй Дэлхийн таеквондогийн холбооны шинэчилсэн дүрмийн дагуу зохион байгуулагдсанаараа онцлогтой юм.
Тус тэмцээнд Дундговь аймгийн таеквондогийн “Зэв” клубээс 22 тамирчин оролцож, 1 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль авч, залуучуудын ангилалд тус клубын тамирчин Ц.Гэрэлт-Од “Шилдэг эрэгтэй тамрчин”-аар шалгарчээ. Зэв клуб нь 2013 онд байгуулагдсан бөгөөд одоо 100 гаруй тамирчин хичээллэдэг ажээ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.