Улс төр
ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.07) хуралдаан 15 цаг 00 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Байнгын хороо 06 дугаар сард Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл зэрэг хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлыг хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ талаарх төсөл санаачлагчин илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн болон орон нутгийн өмчит компанийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, тэдгээрийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээ, эрх үүрэг, компанийн удирдлагыг томилохтой холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулж ирснийг онцлоод гэвч энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах үндэслэл, шаардлага тодорхой бус, төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчим алдагдсанаар зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйд үүсэж болох эерэг, сөрөг үр дагаврын талаар үндэслэл бүхий иж бүрэн судалгаанд суурилалгүйгээр эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд харьяандаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд үүсгэн байгуулж, зах зээлийн өрсөлдөөнд оролцож, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой бизнесийн үйл ажиллагааг өндөр зардлаар эрхэлж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд үр ашиггүй, алдагдалтай ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө үнэгүйдэх, төр, орон нутагт үүсэх зардлыг нэмэгдүүлэх, төр, орон нутгийн зохицуулах болон өмчлөгчийн чиг үүрэг холилдох үндсэн шалтгаан болж байна. Тухайлбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2019 оны нийт орлого 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 орчим их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байсан бол 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс нийт зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан байна. Гэвч нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлсэн байна. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал нь өндөр, орлогынхоо 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байна гэж байлаа.
Хуулийн этгээдийн зардал өндөр байх тусам ашиг багасч, төсөвт төлөх татвар, ногдол ашгийн хэмжээ буурахаас гадна үйл ажиллагааны цар хүрээ, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага байна. 2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа 5.9 хувьтай байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-иас бусад нь 4 хувийн алдагдалтай ажилласан байна. Хөрөнгийн өгөөжийн хувьд 2021 онд 1.3 хувьтай гарсан бол Дэлхийн банкны судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг 0 хувьтай үнэлсэн байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж, төрөл бүрийн төлбөр хэлбэрээр 2019 онд 2.0 их наяд төгрөг, 2020 онд 1.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь улсын нийт татварын орлогын 16.3 хувьтай тэнцэх бөгөөд үүний 8.8 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 5.4 хувийг “Эрдэнэс тавантолгой” ХХК тус тус бүрдүүлсэн байна. Түүнчлэн төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх, удирдлагыг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах, сунгах, ажлын үр дүнг үнэлэх үйл ажиллагаа нь нээлттэй бус, улс төрөөс хамааралтай байгаа нь компанийн сайн засаглалын тогтолцоо бүрдэх, санхүүгийн сахилга баттай ажиллах нөхцөлийг хааж байна. Иймд төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл шаардлагыг тодорхойлж, төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулахын зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий салбар, хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй, зах зээлийн төвлөрөл өндөртэй нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний салбарт компани үүсгэн байгуулахаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.
Ингэснээр эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болно. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой салбарын жагсаалтыг 4 жил тутамд Улсын Их Хурал, харин нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарын жагсаалтыг Засгийн газар баталж, төр ямар салбарт аж ахуй эрхлэх талаар тодорхой чиглэл гарч, бизнес эрхлэгчид урьдчилан тооцоолох боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг зогсоож Засгийн газрын томилсон төрийн захиргааны аль нэг төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгалаа. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага олон улсад тогтсон шаардлагаас доогуур, төрийн захиргааны албан хаагчийг, түүнчлэн улс төрийн албан тушаал хашиж байсан этгээдийг төлөөлөн удирдах зөвлөлд томилох, томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь тухайн компанийн удирдлага мэргэжлийн бус болох, улс төрийн нөлөөлөл бий болох боломжийг бүрдүүлж байна. Иймд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, гишүүдийн тоо, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн чадварлаг, хараат бус, жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг бүрдүүлэх чиглэлд зохицуулалтыг тусгасан гэдгийг Х.Нямбаатар сайд онцолсон.
Түүнчлэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн нөөцийн сан үүсгэн бүртгэж, бүртгэгдсэн нэр дэвшигчээс төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шаардлага хангаж байгаа нэр дэвшигчийг захиалагч төрийн болон орон нутгийн өмчит компанид санал болгож болохоор заасан. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, тэдгээрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, чөлөөлөгдөхөд нөхөн төлбөр, олговор зэрэг аливаа хэлбэрийн тэтгэмж олгохыг хориглохоор тусгасныг салбарын сайд танилцуулгадаа онцлохын зэрэгцээ ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхойллоо. Төрийн өмчийн компаниас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн нийт дүнгийн доод хэмжээг Улсын Их Хурлаас жил бүрийн төсөвт тусган батална. Тухайн төсвийн жилд баримтлах ногдол ашгийн хувийг болон ногдол ашиг төлөх үүргээс тухайн жилд чөлөөлөгдөх компанийн жагсаалтыг төрийн өмчит компанийн хувьд Улсын Их Хурал, орон нутгийн өмчийн компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвтэй хамт батлахаар тусгасан гэв.
Уг хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын ажлын үр дүнд суурилсан үнэлгээний механизмыг бүрдүүлж, үнэлгээний шалгуурт бизнесийн төлөвлөгөөний хэрэгжилтийн түвшин, компанийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц болон санхүүгийн менежмент, төсвийн хэмнэлт, хэтрэлт, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоо, борлуулалтын орлого, ашгийн хэмжээ, төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгийн ашиглалт, өөрийн хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагаа, мөнгөн урсгалын зорилтод түвшин зэрэг асуудлыг хамааруулахаар тусгалаа. Үүнээс гадна компани нь дотоод хяналтын тогтолцоотой байх, үүнийг дотоод хяналтын нэгж хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх аудитын хороотой байх шаардлагыг тусгаж, түүний нарийвчилсан зохицуулалтыг оруулсан гэж төслийн танилцуулгад дурджээ.
Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, нийтэд тайлагнах асуудлыг төсөлд дэлгэрэнгүй тусгалаа. Тухайлбал, компанийн хувьцааны төрөл, тоо, нэрлэсэн үнэ болон өөрийн хөрөнгийн хэмжээ, биет болон биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл, сүүлийн 5 жилийн хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан, компанийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл, компанийн үйл ажиллагаа, удирдлагын менежментийн гүйцэтгэлийн үнэлгээ, тухайн жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын болон бусад үйл ажиллагааны мэдээлэл, тэдгээрийн хэрэгжилтийн байдал, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын талаарх мэдээлэл, нийлүүлэгч этгээд, гэрээний хугацаа, үнийн дүн, сонгон шалгаруулалтын аргачлал, явц, байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт, төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан болон бусдад өгсөн дэмжлэг, хандив, тусламж гэх зэрэг мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл шаардлага тодорхой болж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялаг бий болгох, баялгийг оновчтой дахин хуваарилах тогтолцоог бий болгохоос гадна төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлага ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгогдох болсноор компанийн засаглал мэргэжлийн чадварлаг болох, улс төрөөс хараат бус байх, хариуцлагажуулах, санхүүгийн сахилга баттай болох эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Д.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн зүгээс дэлхийн нийтийн жишигт төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байхдаа тус компанийг алдагдалтай ажиллуулсан хүнийг дараагийн төрийн өмчит компанид урьж ажиллуулдаггүй зохицуулалттай байдгийг дурдаад хуулийн төсөлд энэ асуудлыг хэрхэн тусгасныг илүүтэй лавлав. Мөн төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулсан удирдлагуудад урамшуулал олгох, улс төрөөс ангид байх асуудлуудыг хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан талаар тодруулж байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариултдаа, төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн буруутай шийдвэр, үйл ажиллагаанаас болж тухайн компани алдагдалд орсон нөхцөлд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр хохирлыг нь нөхөн төлүүлэхээр зохицуулалт тусгасан. Түүнчлэн төрийн өмчит компанийг ашиггүй ажиллуулсан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагуудыг дараагийн удаа төрийн өмчит компанид томилох, үргэлжлүүлэн ажиллуулахыг хязгаарлах зэрэг зохицуулалтыг тусгасан төдийгүй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт энэ талаарх мэдээллийн сан хөтлөх үүргийг нарийвчлан зохицуулсан гэж байлаа. Мөн тэрбээр, төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулсан нөхцөлд удирдах албан тушаалтанд урамшуулал олгодог дэлхий нийтийн жижиг байдаг. Гэхдээ тухайн компанийн дүрмээр олон харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагатай тул бид ерөнхий харилцааг төсөлд тусгасан хэмээв.
Харин Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийн 33 дугаар зүйлийн 2-т тодорхой нөхцөлүүдэд заасан үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байхаар гүйцэтгэх удирдлагыг хариуцлагажуулсан. Энэ нь цаашдаа төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагууд улс төрийн чиглэл, удирдамжийн дагуу шийдвэр гаргах боломжгүй болгохын зэрэгцээ, ингэсэн тохиолдолд компанид эрсдэлд учруулсан хохирлыг өөрийн хувийн хөрөнгөөр нөхөн төлж, хариуцах юм. Мөн төрийн болон орон нутгийн улс төрийн албан тушаалтнууд төрийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлд орох боломжгүй. Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын болон өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, сүүлийн найман жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүн төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвших, орох боломжгүй гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Ингээд, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нарын 25 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, экспортын 93 хувь, гадаад шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, улсын төсвийн нийт орлогын 30 орчим хувь буюу 4 их наяд төгрөгийн татварыг эрдэс баялгийн салбараас төвлөрүүлжээ. Манай улс газрын хэвлийн баялагтаа тулгуурлаж ашигтай, ил тод хариуцлагатай, хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент бүхий олборлох болон нэмүү өртөг шингэсэн эрдэс бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэр ложистикийн зөв бодлого баримтлах нэн шаардлагатай байгааг төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Өнгөрсөн жилээс эхлэн өнөөг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа хэдий ч манай төрийн өмчит компаниудын борлуулалтын үнэ дэлхийн зах зээлийн үнээс гурав дахин бага байна. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгаан нөхцөлийг тогтоох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд уул уурхайн компаниудын нүүрсний олборлолт, экспортоос олсон ашгийг Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ашиглах төрийн урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, уул уурхайн салбарт хэрэгжиж буй хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тус салбараас Монгол Улсын хүртэж буй орлогын урсгалыг хянах, хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийн шалтгаан нөхцөлийг олж тогтоох, хянан шалгах, улмаар уг хүндрэлийг даван туулах арга замыг тодорхойлох практик болоод хууль зүйн шаардлагын хүрээнд хянан шалгах, түр хороо байгуулах талаар тогтоолын төслийг боловсруулсан гэж төслийн танилцуулгад дурджээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Хянан шалгах түр хороо байгуулах гэж байгаа асуудал нь чухал хэдий ч төслийн танилцуулгаас харахад Байнгын хорооны чиг үүрэгт тусгагдсан ажлуудыг хийхээр тусгасан байгааг анхааруулав. Иймд Хянан шалгах түр хороо байгуулах асуудлаа илүү тодорхой болгох шаардлагатай гэсэн санал хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Хянан шалгах түр хороо байгуулах шалтгаан нь монголынхоо авлигачдыг илрүүлж барихад чиглэжээ хэмээн ойлгож, энэ утгаар нь дэмжиж байгаагаа илэрхийлээд Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах гишүүдэд тухайн асуудалтай холбоотой байгууллага, салбарт өмнө нь ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх хязгаарлалт тавьсан эсэхийг лавлаж, энэ асуудалд анхаарахыг сануулж байлаа.
Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм12 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм14 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм13 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм13 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр