Нийгэм
Нийтийн тээврийн салбараа бүхэлд нь шинэчилье
Нийтийн тээвэрт явж буй автобусны парк шинэчлэлт хийж буй нь сайн хэрэг. Гэвч хэдэн шинэ автобус хүлээж аваад дарга нар очоод тууз хайчлаад, үг хэлснээр нийтийн тээврийн тулгамдсан асуудал, иргэдийн тав тухай зорчих эрхийг хангаж чадахгүй нь мэдээж. Нөгөө талдаа нийтийн тээвэрт явж буй 900 гаруй автобусыг бүгдийг нь шинэчилнэ гэвэл асар их мөнгө, цаг хугацаа орох нь дамжиггүй. Нийтийн тээврийн асуудлыг “ОК” болгоход асуудлыг том жижиг гэлтгүй авч үзэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Иргэд ч нийтийн тээврийн талаарх санал гомдлоо илэрхийлсээр. Нийтийн тээврийн газрын цахим хуудаст өдөр бүр шахуу л гомдол мэдүүлдэг аж.
Шинэчлэл энгийн зүйлээс эхэлдэг гэдэг. Одоо нийтийн тээвэрт явж автобуснууд сэрүүцүүлэгч алга. Оргил ачааллын үе буюу ажил цуглах, тарах цагаар бараг бүх чиглэлийн автобус “пиг дүүрэн” хүнтэй явдаг. Тэгвэл зуны улиралд сэрүүцүүлэгч байхгүй тул амьсгал давчидсан, хөлс нь урссан хүмүүс л байна. Зундаа яг л “буузны жигнүүр” шиг бүгчим халуун гэж зүйрлэхэд хилсдэхгүй байх. Тэр олон хүний хөлс, шиврийн үнэр хамар сэтлэм сэнхийж явдаг нь тодорхой. Бие муутай, жирэмсэн хүн ухаан алдаж унах бол энүүхэнд.
Харин өвлийн цагт мөсөн хонгио. Хөргөгч хөлдөөгчтэй адилтгаж болох юм. Хамрын үзүүр улайж, хөлийн хуруу чимчигнээд л явна шүү дээ. Саяхан нэгэн иргэн “Хүүхэд сууя гэж сонирхоод байхаар өнөө хоёр давхар шинэ автобусанд суулаа. Сайхан л байна. Гэхдээ хоёр давхарт нь сэрүүцүүлэгч, онгойх цонх, салхивч алга. Бүгчим гэж жигтэйхэн юм” гэж нийтийн тээврийн талаар санал, гомдол хүлээж авдаг цахим хуудаст бичсэн байна лээ. Тийм бол нөгөө л хуучин автобуснууд шиг зундаа хөлстэй, өвөлдөө цантай л байх нь. Эсвэл жолооч нь сэрүүцүүлэгчээ ажиллуулахгүй байна уу. Бүр халуун, хүйтэн үлээх системгүй ч юм уу гэсэн асуудал үүсэх нь. Уг нь цаг улиралдаа зохицуулаад тэр системийг ажиллуулаад явж яагаад болохгүй гэж.
Сүүлийн үед жолооч нар нь бэлэн мөнгө аваад автобусны үйлчилгээ эрхлэгч компаниуд ашиггүй ажиллах боллоо. Смарт картыг солихоос өөр арга байхгүй гэсэн асуудал ч гарч ирдэг боллоо. Тэгвэл автобусны карт цэнэглэх газар хуруу дарам цөөн байна. Карт цэнэглэж буй ТҮЦ-нээс банкны карт уншуулаад цэнэглэх гэхэд боломжгүй гэсэн хариу сонсдог. Банкны карт уншуулж автобусны картаа цэнэглэлээ гэхэд 200 төгрөгийн шимтгэл нэмж авах нь энүүхэнд. Ийм байхад иргэд бэлэн мөнгө өгөөд явахаас өөр арга алга. Тэгэхээр автобусанд сууж буй 10 хүний 3-4 нь бэлэн өгдөг нь яах аргаггүй үнэн юм. Уг нь энэ тогтсон системээ сайжруулаад, автобусны карт цэнэглэх цэг, боломжуудыг боловсронгуй болгоод явбал зорчигч болон автобусны үйлчилгээ үзүүлэгч гээд аль аль талдаа хэрэгтэй, ашигтай баймаар.
Байсхийгээд л автобус шатлаа гэсэн мэдээлэл гардаг. Азаар хүний амь үрэгдэж, бэртэж гэмтсэн харамсалтай зүйл тохиохгүй байгаа нь баясалтай. Гэхдээ л автобусанд сууж яваад шатаж, дэлбэрч мэднэ гэсэн айдас хүйдэс иргэдэд төрж байна. Ийм эрсдэлтэй нийтийн тээвэр манайхаас өөр улсад лав байхгүй биз. За тэгээд жолооч нь тамхи татсан, автобусаа цэвэрлээгүй байна, суудлын бүрээс нь халтартсан гээд асуудал, гомдол ар араасаа хөвөрч л байдаг. Түүнийг тоож арга хэмжээ авсан нь алга. Алга гэдэг нь эдгээр асуудал шийдэгдээгүй учраас тэгж хэлж байгаа юм.
Энэ бүгдээс үзэхэд зорчигчоо анхаардаггүй нийтийн тээвэрт хэн суух билээ дээ. Бор гэртээ богд Хар гэртээ хаан гэдэг шиг түгжрээд ч гэсэн өөрийн унаандаа тавтай явахыг хүн бүр хүснэ. Автобусаа бүгдийг шинэчилж амжаагүй ч гэсэн явж хэдийгээ арчилж тордоод зорчигчдын ая тухыг хангаад байж болдоггүй юм уу. Нийтийн тээвэрт явж буй автобус ая тухтай байвал зорчигч нэмэгдэнэ. Үйлчилгээ үзүүлэгчдийн ашиг орлого нэмэгдэнэ, хотын түгжрэл бага ч атугай буурна гээд маш олон эерэг хандлага гарна шүү дээ.
Иргэдийн гаргадаг бас нэг түгээмэл санал нь нийтийн тээврийн автобусны үйлчлэх цагийг сунгах. Шөнийн цагаар хувийн хэвшлийн бага оврын автобус явуулж асуудлыг шийдэж болно гэсэн гаргалгаа хүртэл хэлдэг. Энэ мэтээр нийтийн тээвэрт парк шинэчлэлтэй зэрэгцээд хийх, шийдвэрлэх асуудал маш олон байна. Эрхэм дарга нар анхааралдаа авна буй заа.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм10 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ