Улс төр
Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө
Та бүхэндээ эртний түүхт Монгол нутгийн Хаврын улирлын сүүлийн сарын сайхан өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Та бид “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалтыг өнгөрсөн оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Нэг жилийн дараа өнөөдөр Та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй Бан Ги-Муны “Илүү сайн ирээдүйн төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төв, чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, эрхэмсэг ноён Бан Ги-Мун, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвийн захирал, профессор Жи Вук Шин, Бүгд Найрамдах Кыргыз Улсын Үндэсний дээд зөвлөлийн дарга Нурланбек Шакиев, БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Бүгд Найрамдах Унгар Улсын Парламентын дэд дарга Лежак Сандор, Парламентын гишүүн Арпад Потапи, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, хатагтай Асем Калашбаева Рахметова нарт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Юки Коногаяа, Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Илхан Шахин, “Ниппон Монгол” нийгэмлэгийн ерөнхийлөгч, монголчуудын дотнын анд нөхөр Шиничи Кубота болон Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар, “Оюу Толгой” ХХК энэхүү чуулга уулзалтыг дэмжин оролцож байгаад гүнээ талархаж байна. Мөн АНУ, Казахстан, БНСУ, Турк, ХБНГУ, Кыргыз, Узбекистан улсын дэлхийд нэр хүндтэй томоохон их сургуулиудын эрдэмтэн, судлаачид, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, их, дээд сургуулиудын төлөөлөлд талархал дэвшүүлж буйг минь хүлээн авна уу.
Эрхэм нөхөд өө,
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын хурал 2 дахь жилдээ Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хүрээнд “Энх тайван, шударга ёс, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоох” асуудлаар хуран чуулж байна. Энэ сэдвийг сонгосон маань учир шалтгаантай. Тогтвортой хөгжил бол хүн төрөлхтний сайн сайхны төлөөх нийтлэг зорилго юм. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь 2030 он гэхэд илүү тогтвортой, эрх тэгш хөгжилтэй дэлхий ертөнцийг бий болгохын тулд НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний манлайлал дор дэлхий бүх улс орнуудын дэвшүүлсэн дэлхийн хүн төрөлхтний нийтлэг зорилтууд юм. Гэвч дэлхий нийт тогтвортой хөгжлийн зорилтоо 2030 онд хэрэгжүүлж чадахгүй нь бараг тодорхой боллоо. Учир нь хүн төрөлхтөн халдварт цар тахал, дайн зөрчил, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна. Энэ бүхнээс гадна 2015 онд тогтвортой хөгжлийн зорилтыг баталснаас хойш ахиц дэвшил гарсан ч бүх зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон сорилтууд байгалийн хүчин зүйл болон бусад сорилтууд байсаар байна. Үүнд:
- Улс төрийн хүсэл зориг: Тогтвортой хөгжлийн зорилтод ахиц дэвшил гаргахад улс орнуудад богино хугацааны улстөрийн ашиг олохоос дэлхийн лидерүүд, улс орны удирдагчид илүү тогтвортой хөгжлийг чухалчлах улс төрийн манлайлал, тууштай байдал чухал байна.
- Нөөцийн хязгаарлалт: Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний санхүүгийн нөөц шаардлагатай. Хөгжиж буй олон оронд тогтвортой хөгжлийн санаачлагыг хэрэгжүүлэхэд хангалттай санхүүжилтийг дайчлахад бэрхшээлтэй тулгардаг.
- Тэгш бус байдал: Улс орнуудын дотоод болон дэлхийн улс орнуудын хоорондын тэгш бус байдлыг арилгах. Ядуурлыг бууруулах, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.
- Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчны доройтол: Уур амьсгалын өөрчлөлт нь хэд хэдэн Тогтвортой хөгжлийн зорилтод шууд нөлөөлж байна. Ялангуяа байгаль орчны тогтвортой байдал, бэлчээрийн доройтол, энэ өвлийн зуд, ган гамшиг малчдын амьдралд болон тогтвортой хөгжилд маш их хохирол учрууллаа.
- Дэлхий нийтийн, болон бүс нутгийн түншлэл: Тогтвортой хөгжлийн зорилтод харилцан уялдаатай шинж чанар нь Засгийн газар, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын бүс нутгийн хамтын ажиллагаа, зохицуулалтыг шаарддаг. Бүх түвшний түншлэлийг бэхжүүлэх нь бодитой ахиц дэвшил гаргахад зайлшгүй шаардлагатай.
Ийм ч учраас Алтай дамнасан улс орнуудын эдийн засаг, соёлын хэлхээ холбоонд тулгуурлан энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан НҮБ болон дэлхийн улс орнууд даян дэлхийн энэ нийтлэг зорилгыг хянан үзэж, эрэмбэлэх, дахин тодорхойлох шаардлагатай тулгарч байна гэж бид үзэж байна. 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн бүх зорилтод хүрэхэд бэрхшээлтэй байж болох ч гол чиглэлүүдийг эрэмбэлэх, боломжтой бол хүчин чармайлтаа түргэтгэх, оролцогч талуудын хамтын ажиллагаа, дэлхийн нийтийн түншлэл төдийгүй бүс нутгийн түншлэлийг дэмжих замаар томоохон ахиц дэвшил гаргах боломжтой. Улс орон, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс бүгдэд илүү сайн ирээдүйг бий болгохын тулд тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, амлалтаа хоёр дахин нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Ер нь дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ахиулахад чухал үүрэгтэй бөгөөд иргэний нийгэм, төр засгийн байгууллагууд, иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Ээдрээтэй ийм цаг үед Тогтвортой хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байлаа ч бүх нийтийн энх тайван, шударга ёс, энэ бүхний үндэс хүчтэй, тогтвортой бат бөх институтийг бэхжүүлэх нь бүх асуудлын үндэс, хөгжлийн нэн чухал тулгуур юм. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн Оршил хэсэгт “Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй” гэж (Sustainable development and peace are inseparable; one cannot exist without the other) гэж тунхагласан байдаг. Ийм ч учраас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт энх тайван, шударга ёсыг цогцлоох, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоохыг бэхжүүлэх талаарх Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хэрэгжилтийг хэлэлцэхээр тусгайлан сонгож авсан. Энх тайвнаар, анд нөхдийн ёсоор зэрэгцэн оршиж, тогтвортой өсөлттэй эдийн засгийг цогцлоож, хүний сайн сайхан аж амьдралын үндэсийг бүрдүүлэх нь баталгаатай хангах, тэгш байдал, шударга ёс, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхийн төлөө бие биеэ дэмжиж, хамтран ажиллах нь дэлхийн улс орон бүрийн чин эрмэлзэл байх ёстой. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм. Бид иргэдтэй уулзаж, ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, ярилцаж явлаа. Саяхан Архангай, Өвөрхангай аймгуудын иргэдтэй уулзаж явахад хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж байгаагаа ярьж байна. Энэ бол монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайханд санаа зовж байна гэсэн үг. Дэлхийн хүн төрөлхтөн ч гэсэн ирээдүйнхээ төлөө санаа зовж байна. Дэлхийн дайны нөхцөл байдал, тулгамдаж буй цаг уурын бэрхшээл, өөрчлөлт, шударга ёсны тэмүүлэл нь ирээдүйд итгэх эргэлзээг буй болгожээ. Иймээс дэлхий энэ хэвээрээ байх юм уу, яаж өөрчлөх вэ, шударга, энхтайван, амар амгалан нийгмийг цогцлоох нь монголчууд төдийгүй дэлхий нийтийн асуудал болжээ. Улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ямар нэг хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, түүнд аливаа хэлбэрээр заналхийлэх, хүн төрөлхтний түүх соёл, хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх аливаа оролдлогоос бид зайлсхийх учиртай. Үүний тулд бид нөхөрлөх, түншлэх ёстой, үүнд бидний хамтын хүчин чармайлт, түүний дотор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо энэ бүхнийг тодорхойлсон. Монгол Улсын Их хурлаас засаглалын тогтолцоондоо суурь реформ хийж, хуулийн шинэчлэл хийлээ. Олон улсын парламентын холбоотой хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг хийсэн анхны парламент боллоо. Хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байхаа тунхаглаж, ОУПХ-той хамтран Хүний эрхийн өөрийн үнэлгээг анх удаа хийсэн парламент нь Монгол Улсын Их Хурал боллоо. Мөн жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийсэн. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивд анх удаа баталж, хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог бий болгосон анхны парламент болсон. Гурван D” буюу “Digital, Democracy, Deliberative” парламент болох зорилт дэвшүүлж, “D-parliament” цахим системийг нэвтрүүлснээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо идэвхжиж, ил тод, нээлттэй байдлын зарчим хэвшиж байна. Үүний үр дүнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо идэвхжиж, ил тод нээлттэй байдал буй болж байна.
Монгол Улсын авлигатай тэмцэх талаар баримталж буй гол зарчим нь авлигын хэрэгт төрийн алба, бизнесийн салбар, хувь хүний гэлтгүй, бүх түвшинд ижил тэгш, хатуу чанга хандахад оршиж байгаа юм. Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгаж, авлигаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь энэ үйл ажиллагааны гол стратеги болж байна. Авлига нь шударга ёс, хүний эрх, засаглалын нэр хүнд, ардчиллын үнэ зүйлс, иргэдийн боломжид асар их хор уршиг учруулдаг. Авлигын хохирлыг нөхөн төлүүлэх нь энэ хор хохирлыг бүрэн арилгаж чадахгүй нь ойлгомжтой ч нийгэмд шударга ёсыг тогтоох чухал хөшүүрэг мөн. Энэ чиглэлээр бид нааштай үр дүнд хүрч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.3 их наяд төгрөгийг авилгын хөрөнгө хураах чиглэлээр нөхөн төлүүлж, энэ хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимтайгаа уялдуулан тодорхой асуудлаар санал санаачилга дэвшүүлсээр байгаа. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг багасгах талаарх тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах үүднээс 2026 онд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, “Цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ыг өөрийн оронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Эрхэм зочид, хүндэт нөхөд өө, Энэ удаагийн чуулга уулзалтаар та бид Алтай язгуурын хэл, Алтайн соёл, археологийн судалгаа, хэлний энэ бүлэгт хамаарах улс орнуудын хамтын ажиллагааны сэдвийг хөндөж ярина. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд даян дэлхийн түншлэл чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн. Алтайн өндөр уулс шигээ Алтайн ард түмнүүдийн түүх, соёл ч агуу гайхамшигтай. Алтайн соёл нь хүн төрөлхтний аж төрөх ёс, эрдэм ухаан, үйлдвэрлэл, урлаг, шашин шүтлэг гээд олон салбарын гүн гүнзгий хэрнээ нэн сонирхолтой ул мөрийг хадгалсаар байна. Тиймээс Алтайн уулсын эргэн тойронд аж төрөн сууж, өөрсдийн хэл, соёл, түүхийн нийтлэгийг бий болгосон өвөг дээдсийнхээ энэ гайхамшигт түүхийг судлах, хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг тодруулах нь Та бидний хувьд нэр төрийн хэрэг мөн. Алтай язгуурын хэл, Алтайн соёл гэх ойлголт Евразийн өргөн уудам газар нутаг, Хятадын Цагаан хэрмээс Унгарын тал, зүүн тийшээ Солонгосын хойг, Японы арлууд хүртэл түгэн тархаж, бүрэлдэн бий болсон. Цаашилбал Хойд Америкаар дамжиж Төв Азиас нүүн очсон уугуул иргэдийн соёл ч хамаарна. Тиймээс “Алтайн соёл” хэмээх түүхэн нийтлэг соёл, бодлогын хүрээнд хамтын ажиллагааны яриа хэлэлцээгээ улам баталгаажуулж, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь нэн чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газар “Алтайн өндөр уулс” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр 2020 оны 09 дүгээр сард холбогдох баримт бичгүүдийг хүргүүлсэн. Энэ бол Та бид цаашид байгалийн болон соёлын аялал жуулчлалын хамтарсан брэнд бий болгох, эдийн засгийн яриа хэлэлцээр болон улс дамнасан аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг дэлхий нийтэд санал болгох, Алтайн соёлыг сурталчлан түгээх, Алтай судлалыг идэвхжүүлэн хөгжүүлэх олон сайхан боломжийг нээх чухал хөшүүрэг мөн. Та бид Алтайн хэл, соёлоос гадна Хүннү, Түрэг, Уйгур, Их Монгол Улс, Алтан ордны улс, Цагаадайн улс, Ил хаад, Юань улсын түүхээр ч бас гүнзгий холбогддог. Эрт цагт алдарт “ТОРГОНЫ ЗАМ” биднийг холбож байсан бол хэл, соёл, түүхийн “АЛТАЙН ШҮХЭР” гэж нэрлэж болох түүхэн нийтлэг үнэт зүйл өнөөдөр биднийг холбож байна. Энэ асар том шүхрийн дор бид ижилсэн нөхөрлөж, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хамтын хүчин чармайлтаа нэгтгэх нь ЭВ НӨХӨРЛӨЛ-САЙН ҮЙЛС-ийн шилдэг жишиг болно гэдэгт итгэлтэй байна.Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Хүндэт зочид, төлөөлөгчид, эрдэмтэн, судлаач та бүхэндээ сайн үйлсийн эрхэм зорилго бүхэн тань биелж бүтэхийн ерөөл өргөе. Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Улс төр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба монгол уран дархны урлаг”, “Монгол уран дархны соёлын үнэ цэнэ, ач холбогдол”, “Монгол уран дархчуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Монгол дархны тогтвортой хөгжил ба эрх зүйн асуудал”, “Монгол уран дархан ба санхүүгийн зах зээл”, “Монгол уран дархны түүхий эдийн хангамжийн зохицуулалт” сэдвийг хэлэлцэх юм.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэр бээр, уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчдийн үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэв.
Цаашид монгол дархан, урлаачдын бүтээлийг түүх, угсаатны зүй, соёл, иргэншилтэй уялдуулан судалж, олон мянган жилийн дахин давтагдашгүй өнгө төрхийг нь сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт уран дархчууд аа,
Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчид ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” Үндэсний анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Та бид өнөөдөр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол өв соёл, монгол дархны урлагийн хөгжил дэвшил, салбарын өмнө тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэн ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохоор Төрийн ордондоо хуран цуглаад байна.
Аливаа улсын төрт ёсны түүхэн уламжлал, ард түмний ахуй амьдрал, өв соёл, хөгжил дэвшлийн замнал уран дархны урлагтай салшгүй холбоотой байдаг.
Монгол айл гэрийн тулганаас эхлээд аргамаг хурдан хүлгийн эмээл, хазаар, өндөр төрийн тамга хүртэл бүгд уран дархан, урлаачдын ур ухаанаар бүтээгдэж, мянга мянган жил уламжлагдан ирсэн түүхтэй билээ.
Ийнхүү монгол дархан, урлаачдын оюун ухаан, торгон мэдрэмж, гарын ур шингэсэн бүтээл бүхэн Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн үйл явдлыг тодотгон харуулах эх сурвалж, бусдаас ялгарах үнэт зүйл болдог.
Тиймээс хүндэт уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Та бүхний үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Манай ард түмэн “Дархан хүн бурхан ухаантай” хэмээн хэлдэг билээ.
Өөрөөр хэлбэл, манай дархчууд, үндэсний урлаачид Та бүхэн монгол дархны ур ухаан, торгон мэдрэмж шаардсан гайхамшигт бүтээл бүтээхийн зэрэгцээ аливаа юмны учир зүй, эе эв, арга билгийг уялдуулж чаддаг хосгүй авьяастан, бурхнаас заяагдсан билиг ухаантан билээ.
Монгол дархан, урлаачдын дахин давтагдашгүй, хосгүй гайхамшигт бүтээлүүд нь он цагийн туршид төгөлдөршин хөгжиж, төрт ёсны сүр хүч, түүх, соёлын өв уламжлалаар улам баяжин өргөжиж ирснийг археологийн олдвор, түүхийн эх сурвалжууд тод харуулдаг юм.
Манай эртний бүтээлүүдийн ур хийц, агуулга, зохиомж, шийдэл нь өнөө цагт ч гэсэн хүн төрөлхтний өв соёлын гайхамшигт бүтээл болон үнэлэгдэж байна.
Эрт дээр үеэс монгол төр хүчирхэгжин мандаж, дэлхий ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, монгол урлаачид онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газар болон Төв аймгийн Ноён уул дахь хүннүгийн булшнаас олдсон эмээлийн хударга, хөмөлдрөг дээр хүннүгийн үеийн шүтээн “Бэлгэт гөрөөс” буюу үлгэр домгийн амьтан “Ганц эвэрт”-ийг мөнгөөр хөөмөлдөн, алтаар шарж, уран гоёмсгоор дүрслэн бүтээсэн нь тухайн үеийн монгол дархны урлалын хөгжлийг тод илэрхийлдэг юм.
Мөн дэлхийн томоохон музей Эрмитажид хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас олдсон “Бүсний мөнгөн чимэг” нь эртний монгол дархны ур чадварыг өнөө үед ч дэлхий дахинд сурталчлан таниулсаар байна.
Түүнчлэн монголчууд VII зууны үед өндөр газрын онь хөтөл дээр зуух байрлуулж, салхины хүчийг ашиглан бух дарах аргаар төмрийн хүдэр хайлуулж, төмөр гарган авч зэр, зэвсэг хийж байсан нь тухайн үеийн төмрийн үйлдвэрлэлийн эхлэл болж байсан түүхтэй.
Үүний зэрэгцээ монгол дархан, урлаачид өөрийн гэсэн өвөрмөц хэв загвар, хэлбэр хэмжээ, өнгө төрхийг хөгжүүлж ирсэн нь Ноён сэврээ, Дарьганга, Хүрээ зэрэг дахин давтагдашгүй хэлбэр хийц, загвараас тод харагддаг.
Энэ жил Монголын хосгүй суут хүмүүн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний түүхт 390 жилийн ой тохиож байна.
Өндөр Гэгээний дахин давтагдашгүй, уран тансаг бүтээлүүдийг Санкт-Петербургийн “Эрмитаж”, Парисын “Лувар” зэрэг музейд 2006 онд дэлгэн толилуулсан байдаг.
Дээрх үзэсгэлэнгүүдийн тухай Парисын “Ле Монде” сонин тэргүүн нүүрэндээ ”Аугаа Занабазар” гэсэн гарчигтай нийтлэл оруулсан нь Өндөр гэгээнийг барууны сонгодгууд болох Леонердо да Винчигээс эхлээд дэлхийн бусад алдартантай эн зэрэгцэх аугаа суут гоц авьяастан байсныг тодотгон харуулсан хэрэг байлаа.
Эрхэм хүндэт уран дархчууд, урлаачид аа,
Уран дархан, урлаачдын бүтээл бол аливаа ард түмний ахуй амьдрал, бэлгэдэл, соёл иргэншил, зан заншил, шашин шүтлэг зэрэг нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан цогцлоодог, дахин давтагдашгүй урлаг соёлын хосгүй өв юм.
Тийм учраас монгол дархан, урлаачдын бүтээлийг монголын түүх, угсаатны зүй, соёл иргэншилтэй уялдуулан судалж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх учиртай.
Ялангуяа, монгол дархан, урлаачдын олон мянган жилийн хөгжлийн замнал, ололт амжилт, дахин давтагдашгүй өнгө төрхийг дэлхий дахинд сурталчлан таниулахын зэрэгцээ үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ аугаа их түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол түмний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдлэх болон Монгол үндэстний их түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан.
Мөн 2024 онд Төрийн тахилгат Хан Хэнтий уулын их шүтээн оргил Бурхан халдун хайрхан, Их Эзэн Чингис хааны онгон шүтээнийг сүслэн дээдлэх зорилгоор Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханд “Хүндэтгэлийн цогцолбор” бүтээх тухай зарлиг гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Түүнчлэн “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн цагаан сараар хүн төрөлхтний суут хүмүүн, монголчууд бидний эрхэм дээд Их Эзэн Чингис хааны алтан шүтээнийг бүтээж, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт “Чингис хаан” үндэсний музейн Их хааны өргөөнд ёслол төгөлдөр хүндэтгэн залсан билээ.
Энэхүү бүтээл нь монгол дархны билиг ухаанд тунгаагдан, урын сайнаар бүтээгдсэн хосгүй гайхамшигт өв, монголчууд бидний өнө мөнхийн эрхэм дээд шүтээн юм.
Их Монгол Улс, Их Эзэн Чингис хааны үнэт өв, хосгүй соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой төрийн тэргүүний дээрх санал санаачилга, бүтээн байгуулалтыг монгол дархан, урлаачид Та бүхэн бүх талаар дэмжиж, чинхүү сэтгэлээр хамтран ажиллаж байгаад гүн талархал илэрхийлье.
Энэ ташрамд энэ жилийн үндэсний баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уран дархан – Өв соёл” нэртэй үзэсгэлэн зохион байгуулж, Та бүхний шилдэг бүтээлүүдийг ард иргэддээ болон гадаадын зочид гийчдэд сурталчлан таниулах болно.
Эрхэм хүндэт уран дархчууд, урлаачид аа,
Та бүхний авьяас чадвар, ур ухаан шингэсэн бүтээлүүд монголчууд бидний гоо зүйн мэдрэмжийг сэргээж, түүх соёл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах омогшлыг төрүүлж, оюун санааны нэгдмэл байдлыг бататган бэхжүүлдэг билээ.
Тиймээс монгол уран дархны урлалыг соёлын бүтээлч үйлдвэрлэл болгон хөгжүүлснээр аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
Уран дархан, урлаачдын уламжлалт мэдлэг, арга ухааныг хадгалан хамгаалж, өвлүүлэн хөгжүүлэхэд төр, засгийн бодлого чиглэгдэх учиртай.
Тиймээс Та бүхэн өнөөдрийн энэхүү чуулганаар салбарын өмнө тулгамдсан асуудлаа шүүн хэлэлцэж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлон, салбарынхаа хөгжил дэвшлийн талаар ажил хэрэгч санал, санаачилга гарган бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.
Ялангуяа, энэ салбарын эрх зүй, бизнесийн орчныг олон улсын стандарт, дүрэм журамд нийцүүлэн сайжруулах, санхүүжилт, худалдан авалтын тогтолцоог боловсронгуй болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлд энэ салбарын гүйцэтгэх үүрэг, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, экспорт, аялал жуулчлалын зах зээлийг тэлэх зэрэг гарц шийдлийг хамтдаа тодорхойлж, ахиц дэвшил гаргах учиртай.
Түүнчлэн монгол дархан, урлаачдын ирээдүй болсон залуу үе, мэргэжлийн боловсон хүчнийг үе шаттай бэлтгэх, давтан сургах тогтолцоог улам боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Үүнд холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна.
Мөн энэхүү уран дархан, урлаачдын үндэсний чуулганыг дөрвөн жил тутам уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байна.
Ухаант өвөг дээдсийнхээ уран дархны ур ухааныг өвлөж, үр хойчдоо уламжлуулж, улс орныхоо түүх, өв соёлыг дархлан бүтээж буй монгол дархан, урлаачид Та бүхний алдар хүнд мандан бадарч, үйл нь уран, хараа хурц, дөш нь дуутай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
“Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулганыг Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран зохион байгуулж байна.
Улс төр
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн зохион байгуулалттай холбоотой дараах асуудлыг хэлэлцлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи”, “Үндэсний дата төв” УТҮГ-ын төлөөлөл ажиллах юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг 59 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр тогтоов.
Улс төр
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын бохирдол болон түгжрэл бууруулах бүтээн байгуулалтын ажлуудыг дулааны улиралд цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгож байсан юм.
Энэ хүрээнд тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн III хороо, Баганаранд 60м2 талбай бүхий байшин болон монгол гэрийн дулаалгатай танилцлаа. 2025 онд Ногоон бүсэд 30.0 мянган байшин, 20.0 мянга орчим монгол гэр дулаалахаар төлөвлөж, хямд зардал, богино хугацаанд гал тэсвэртэй дулаалгаар дулаалах жишиг загвар гаргахаар судалж байна. Тус хорооны иргэн Д.Батбаатарын байшинг 20 мм-ийн полиуретан дүүргэгчтэй хөнгөн цагаан сайдинг болон 10 мм аэрогель эсгийгээр дулаалсан нь дулаан алдагдлыг хоёр дахин бууруулжээ. Үүнээс гадна хөөсөнцөр болон агаар сэлгэлттэй эрдэст хөвөнгөөр дулаалах хувилбарыг ч судалж байгаа юм байна. Эдгээр хувилбарын 3,5-5,3 сая төгрөгт багтаж байна. Мөн Д.Батбаатарынд гаднаас хүйтэн агаар сорж 60 хэм хүртэл халуун агаараар үлээх насос суурилуулжээ.
Харин иргэн Д.Баянбаатарынх таван ханатай гэрт амьдардаг. Гэрийн хана, дээвэрт эрдэс хөвөн, хуванцар сайдинг ашигласнаар дулаан алдагдлыг гурав дахин бууруулжээ. Гэрийн хана, дээвэр, шалны дулаалгад 810 мянган төгрөг зарцуулжээ. Харин халаалтыг хийн зуухаар шийджээ. Хоёр минутад зуух халах тул шаардлагатай үед халаалтаа салгаад хэмнэх боломжтой. Хийн зуухны зааварчилгааг дагаад ажиллуулахад хялбар байгаагаас гадна аюулгүйн мэдрэгч маш сайн ажиллаж байгаа тул санаа зовох зүйлгүй байна гэж гэр бүлийн хүмүүс ярилаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг “Ногоон болон Шар” бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103,090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Айл өрхөд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, халаалтын улиралд сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ногоон болон Шар бүс дэх айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажил хангалттай явж байгааг тэмдэглээд энэ тав, зургаа, долдугаар сард ажлаа тасралтгүй үргэлжлүүлж дулаалга, халаалтын нэгдсэн стандартын шийдэл гаргах, зорилтот бүсийн айл өрхүүдийг шинэ системд хамруулахад шаардагдах эрчим хүчний хангамж, хийн түлшний нийлүүлэлт болон сайжруулсан шахмал түлшний чанар, хөх нүүрс үйлдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
-
Улс төр16 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм18 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм21 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Эдийн засаг18 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа