Спорт
Монголын бөхчүүдийн NFT карт гарна

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, MongolNFT болон Хүчтэн төсөл хамтран Монголын шилдэг бөхчүүдийн NFT карт гаргаж Монгол үндэсний өв соёл, үндэсний бөхийг дэлхийд таниулах эхний алхамаа хийлээ.
Монгол үндэсний өв соёл, үндэсний бөхийг дэлхийд таниулан сурталчлахаар МҮБХ Нийгэмд үйлчилдэг ТББ болон Хүчтэн төсөлтэй MongolNFT хамтран Монголын шилдэг бөхчүүдийн NFT картыг гаргаснаар орчин үеийн хөгжил дэвшилтэй холбож олон талт сонирхогчдыг бий болгох юм байна.
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх энэхүү эхний ажил нь 2022 оны улсын баяр наадам, 100 жилийн бөхийн барилдаанд барилдах өндөр цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн гарын үсэг бүхий цор ганц спорт картын NFT-г худалдаанд гаргах юм. Улмаар 7 дугаар сарын 1-5-нд худалдаалах төлөвлөгөөтэй байгаа аж. Тухайн NFT-г авснаар Хүчтэн спорт картын биет хувилбар танд очих бөгөөд бөхчүүд өөрийнх нь гарын үсэгтэй картыг авсан хүмүүстэй биечлэн уулзан танилцах боломж ч нээлттэй юм. Үүгээр зогсохгүй, үндэсний бөхийн гаргаж буй анхны спорт карт тул уг картын анхны хувилбар нь ирээдүйд монгол бөх сонирхдог олон үзэгчдийнх нь дунд үнэ цэнэ нь өсөх магадлалтай.
Ташрамд сонирхуулахад, NFT гэж яг юу гэсэн үг вэ? Энэ нь англиар Non-Fungible-Token гэсэн үг. Fungible гэдэг нь монгол хэлнээ буулгавал орлуулшгүй гэсэн үг бол token гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр Non-fungible-token гэдэг нь энгийнээр орлуулшгүй, цор ганц зүйл гэсэн утга болж байна. Тиймээс цор ганц бараа бүтээгдэхүүн, урлагийн бүтээл үнэ цэнтэй, маш өндөр үнэтэй бол олон тоогоор үйлдвэрлэгдсэн, эсвэл дуураймал зүйлс хямдхан байдаг.
NFT мэдээж анхнаасаа олны анхаарлын дунд байгаагүй. Анх 2017 онд эхэлсэн ч сүүлийн 1-2 жилд л ийнхүү анхаарал татах болсон нь цар тахалтай холбоотой. Коронавирусийн халдварын үед хүмүүс гэрээсээ худалдан авалт хийх болсон нь ийнхүү нөлөөлжээ.
Өнгөрөгч 2021 он гарсаар дэлхий даяар уран бүтээлчид өөрсдийн дижитал арт бүтээлийг зах зээл дээр интернет ашиглан худалдаалж эхлээд байна. Онцолбол, Лос Анжелес Лейкерс багийн од тоглогч Леброн Жеймсийн цагариган дээрээс довтолж байгаа бичлэг 280,000 ам.доллароор зарагдсан юм.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.