Дэлхий дахинд
“Пушкиныг ад үзэх нь”
Закарпатын Мукачево хотод байсан Александр Пушкины хөшөөг гуравдугаар сарын сүүлчээр хэн нэгэн украины далбааны өнгөөр будсан бол долоо хоногийн дараа энэ хөшөөг буулгасан. “Мукачево оросын эзэнт гүрний өнгөрсөн үеэс ангижирч байна. Энэ бол Украины эсрэг оросын цэргийн түрэмгийллтэй холбоотой арга хэмжээ” гэж хотын эрх баригчид мэдэгджээ. Энэ бол украины эсрэг оросын түрэмгийлэл эхэлсний дараа буулгасан анхны хөшөө.
Үүний араас баруун украины хотуудад Пушкины гурван ч хөшөөг буулгажээ. “Пушкин оросын бусад зохиолч, хөгжмийн зохиолчдын нэгэн адил манай Тернопольтой ямар ч холбоо харилцаагүй”, Оросын зэрлэг түрэмгийллийн энэ үеэр Тернопольд оросын болон зөвлөлтийн хөшөө дурсгал байх газар байхгүй” гэж Тернополь хотын тэргүүн Сергей Надал хэлсэн байна.
Үүний дараанаас украинд 2014 оны Майданы үеэр Лениний хөшөөг олноор буулгаж байсныг “лениний уналт” гэдэг байсан шиг өдгөө “пушкины уналт” хэмээн нэрийддэг болжээ.
Ер нь Украинд зөвлөлтийн дайчид, цэргийн дарга нар, коммунист намын зүтгэлтнүүдэд зориулсан хөшөө дурсгалыг буулгах ажил үргэлжилсээр байна. Хөшөө буулгахын зэрэгцээ украины хотуудад байсан дурсгалын цогцолбор, танк их буу, нисэх онгоцны хөшөө, байшин барилга дээр байсан дурсгалын бичээс, алх хадуур, улаан армийн таван хошуу зэрэг зөвлөлтийн бэлгэ тэмдгийг буулгаж байгаа юм.
Би-би-сигийн тооцоолсноор Оросууд украин руу довтолсноос хойш украинчууд Пушкины 10, Максим Горькийн зургаан хөшөөнөөс гадна Суворов, Александр Невский нарын хөшөөг буулгаж хаяжээ. Буулгаж хаясан бусад хөшөөнүүд нь зөвлөлийн коммунист дарангуйллын үеийн бэлгэ тэмдэг байна.
Ленин, эмээ хоёр
Украины Херсон мужийг бүрэн эзэллээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам гуравдугаар сарын 15-нд мэдээлсэн. Үүнээсээ нэг сарын дараа Херсон мужийн Геническэд тогтсон түрэмгийлэгчдийн засаг захиргаа Владимир Лениний хөшөө босгосон байна. Өмнө нь хөшөө дурсгал буулгах үеэр Геническед байсныг нь авч хаясан тэр суурин дээр Лениний хөшөө босгосон гэж “Эрх чөлөө радио” мэдээлжээ. Харин тэр шинэ “ленин”-ийг хаанаас авчирсныг мэдэхгүй гэсэн байна. Үүнээс хоёр хоногийн дараа Херсон мужийн Новой Каховкад дахиад нэг Лениний хөшөө боссон бол Луганск мужийн Новопсковск хотод зургадугаар сарын эхээр мөн л Лениний хөшөөг хүндэтгэлтэй дахин залсан байна.
Оросууд украины Мариуполь хотыг цэргийн хүчээр эзэлсний дараа тавдугаар сарын эхээр оросын өндөр албаныхан хүрэлцэн очжээ. Тэд Украин руу оросын түрэмгийлэн довтолсны бэлгэ тэмдэг болгож “зөвлөлтийн далбаа барьсан эмээ”-гийн хөшөөг баяр ёслолын байдалтайгаар тууз хайчлан нээсэн байна. Хариуд нь Мариуполийн ойролцоох Мангуш сууринд байсан украины улс төрийн зүтгэлтэн, XVII зууны цэргийн жанжин Петр Сагайдачнын хөшөөг буулгажээ.