Энтертайнмент
Манай бяцхан бүжигчид Буриад улсыг зорилоо
Монголын ардын болон сонгодог бүжиг сонирхогч 8-12 насны 17 бяцхан бүжигчин багшийн хамтаар ОХУ-ын Буриад улсыг зорьжээ.
Тэд Буриадын Ардын жүжигчин, Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриад улсын бүжгийн коллежид найман хоногийн турш үргэлжлэх балетын нэрт зүтгэлтнүүдийн мастер класст хамрагдах аж.
“Виват талант-2022” буюу Байгаль нуур дээрх “Тэнгэрлэг авьяас-2022” зуны эрчимжүүлсэн сургалтыг саяхан 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн Буриад улсын бүжгийн коллежийн захирал Д.В.Дугаржапов санаачилсан байна.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар дахь Русский дом, түүний дэргэдэх “Suvd dance” монгол ардын болон сонгодог бүжгийн студийг үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, бүжгийн багш Н.Сувдтай болон Монгол Улсын Консерватор, “Монголын Үндэсний балетын сургууль”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэсэн юм.
Зуны сургалтыг Байгал нуур дээрх эко аялалтай хослуулан хүүхдүүдэд бүжгийн боловсрол олгох сайхан боломж нээгдэж байгаа бөгөөд А.Я.Вагановагийн нэрэмжит Оросын балетын академийн сургалтын хөтөлбөрөөр бүжгийн урлагийн салбарт хамтын ажиллагааны томоохон төслийн салхийг хагалж буй.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.