Дэлхий дахинд
Украиныг сэргээн босгоход 750 тэрбум доллар шаардлагатай
Оросын түрэмгийлд өртөөд байгаа Украиныг дайны дараа сэргээн босгоход асар их хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. Үүний дараа Украины ерөнхий сайд Денис Шмыгель энэ тоог 750 тэрбум ам.доллар гэжээ. Тэр санхүүжилтийн гол эх үүсвэр нь Оросын хувьцааг хураах явдал гэсэн байна. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен харин Европын холбоо тусламж болгож Украинд 6.2 тэрбум евро илгээсэн гэжээ.
“Украиныг сэргээн босгоно гэдэг бол барилгажуулах, асар их барилга барина гэсэн үг. Энэ бол мэдээж асар их санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн үг” хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украиныг сэргээн босгох асуудлаар Луганод болсон олон улсын бага хурал дээр онлайнаар үг хэлэхдээ мэдэгдсэнийг ТАСС агентлаг иш татсан байна.
Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль тус улсыг сэргээн босгох төлөвлөгөө 750 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа гэжээ. “Энд оросын болон оросын олигархиудаас хураасан хөрөнгө гол эх үүсвэр болно гэж бид үзэж байгаа. Өрнөдийн царцаасан оросын хөрөнгө янз бүрийн үнэлгээгээр 300-500 тэрбум ам.доллар болж байгаа” гэж Шмыгалийн хэлснийг РИА Новости агентлаг иш татжээ. Үүнээс гадна санхүүгийн эх үүсвэрт улсын төсөв, хөрөнгө оруулалт, түнш орнуудын хөнгөлөлттэй зээл, баталгаа энд орно гэсэн байна.
Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын холбооноос илгээсэн 6.2 тэрбум еврогийн тухай сануулаад Европын холбоо цаашид ч нэмэлт санхүүжилт гаргана гэжээ. Хатагтай фон дер Ляйен улс орноо сэргээн босгохын тулд тусгай талбар бий болгохыг санал болгосон байна.
“Ийм талбарт улс орнууд, олон улсын байгууллага, иргэний нийгэмлэг, нэгж, тухайлбал Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Европын хөгжил шинэтгэлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болоод бизнесүүдийг урьж оролцуулна” гэжээ.
“Сэргээх ажилд, сорилт, бэрхшээлүүд асар их боловч даван туулах болно. Украин илүү ногоон, илүү цахим, илүү тогтвортой эдийн засагтай улс болж балгас сүйрлээс босох ёстой. Энэ бол олон украин хүний мөрөөддөг улс байх болно” гэж Европын холбооны тэргүүн дүгнэсэн байна.
Украины эдийн засаг, дэд бүтцийг сэргээхэд ойролцоогоор нэг их наяд доллар шаардлагатай гэж Владимир Зеленскийн эдийн засгийн зөвлөх Олег Устенко өмнө нь мэдэгдэж байсан юм. Энэ нь тус улсын Дотоодын нийт бүтээгдхүүнийг тав дахин авсантай тэнцэж байгаа юм.