Спорт
Морины уралдаан ба хамгийн өндөр амжилт үзүүлсэн таван азарга

Морины уралдаан бол Монголчуудын эртний уламжлалт тэмцээн наадмын нэг юм. Монгол адуу нь хамгийн эрс тэс цаг уурт олон мянган жилээр хувьсан амьдарсаар ирсэн тул маш тэсвэр хатуужилтай, бусад төрлийн морьдоос өвс тэжээл голдоггүй, өл даадаг гээд олон давуу чанаруудтай байдаг. Монголчууд 5000-6000 жилийн тэртээ морийг анх гаршуулан унаж хэрэглэсэн байдаг. Энэ үеэс мориороо уралдаж эхэлсэн бөгөөд цаашлаад найр наадамд морь уралдуулдаг уламжлал тогтсон байдаг. Яваандаа хурдан морины удам угшил гаргаж эхэлсэн бөгөөд түрүүлсэн морины эзэн алдар нэртэй болж хөгжсөөр энэ нь нэг ёсны урлага, шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна. Хурдан морины тухай дуу, аман зохиол ихээр гарах болжээ. Нүүдэлчдийн салашгүй нэг хэсэг болсон адуу мал, түүний дотор хурдан адуу эзнээ баярлуулж цаашлаад төрсөн нутаг усаа алдаршуулдаг байжээ. Өнгөрөгч 100 жилд дараах домог хүлгүүд тодорчээ.
Батсүхийн Наранхүүгийн Амгалан төрийн ажнай шарга. Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны унаган адуу. Тогоруу удамтай. Төрийн их баяр наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдан, их хурдад түрүүлж айрагдсан энэ зууны гайхамшигт түмэн эх. Түүний энэ агуу амжилтыг ирэх зуунд ч эвдэнэ гэхэд бэрх.
Засаг төрийн зандан ширээ Жамцын Шийтэрийн зээрд. Төрийн наадамдаа дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдсэн. Бага насандаа биш бүгд нийлсэн насандаа энэ гайхамшигт амжилтыг гаргажээ. Алдарт их Падын хүрний удамтай. 1956, 1958, 1960, 1962 онуудад найман жилийн зайтай дөрөв түрүүлжээ.
Мөнх төрийн мөнгөн магнай Залуугийн Даваанэрэнгийн халзан. Төрийн наадамдаа дөрөв түрүүлж, гурав айрагдсан. Бага насандаа нэг нийлээд гурав түрүүлсэн. 1955, 1959, 1961 онуудад төр түмнийхээ их цэнгэл наадмыг магнайлав.
Мөнхийн Данзаннямын Ажнай хүрэн. Улсын алдарт уяач Мөржавын Тожилын унаган адуу. Улсын баяр наадамд анх дархан аварга Ж.Мөнхбатын нэр дээр түрүүлж, М.Данзаннямд очоод гурав түрүүлсэн. 1980 онд соёолон, 1986, 1988, 1989 онуудад түрүүлсэн.
Дархан манлай түмний эх Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан. Сүхбаатар аймгийн Түмэнцогт унаган хүлэг. Анхлан ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойд түрүүлж алдаршсан. 2011, 2012, 2013 онуудад дараалан түрүүлсэн. 2013 оны морины олимп Их хурд уралдаанд түрүүлсэн.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.