Дэлхий дахинд
Захарова харилцаагаа тасална гэж АНУ-д заналхийлэв
АНУ-ын конгресс хэрвээ ОХУ-ыг “терроризмыг ивээн тэтгэгч орон” гэж зарлах юм бол энэ нь Москва Вашингтоны хоорондох харилцаа тасрах нөхцөл болно гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова заналхийлсэн байна. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлжээ.
Ийм шийдвэр гаргасныхаа төлөө бүхий л үр дагаврыг нь АНУ хүлээх төдийгүй Оростой харилцах талаар мартах хэрэгтэй болно гэж оросын Гадаад хэргийн яам үзэж байгаа юм байна.
Тэд үнэхээр байр сууриа өөрчлөхгүй юм бол үр дагаврыг нь хүртэх болно. Бид энэ асуудлаар зөвхөн амаар ярьж байгаа ч юм биш, албан бичгээр, тэгэхдээ англи хэлээр хүргүүлнэ гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Умард Америкийн газрын захирал Александр Дарчиев бас АНУ-ын конгресс Оросыг “терроризмыг ивээн тэтгэгч орон” гэж зарлах энэ бодлогогүй алхмаас болоод дипломат харилцаа тасрахад хүрч мэдэх аюул тулгарч байна хэмээн Вашингтонд анхааруулж байсан юм.
АНУ-ын байр суурь
АНУ-ын Конгрессын сенатч Ричард Блюменталь, Линдси Грэм нар Оросыг терроризмыг ивээн тэтгэгч орон гэж зарлахыг энэ наймдугаар сарын 8-нд шаардсан юм. Москвагийн эсрэг “илүү их хориг тавих”-ын тулд сенатын гишүүд ажиллаж байгаа хэмээн Грэм хэлжээ. Түүнийхээр бол америкийн тал Оросыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтад оруулах ёстой гэнэ. Энэ нь АНУ нь Украины асуудлаар гол түнш, баталгаа гэдгийг харуулна гэжээ.
Харин The New York Times сонинд бичсэнээр бол Оросыг терроризмыг ивээн тэтгэгч орон гэж зарлах гэсэн оролдлогыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен эсэргүүцэж байгаа гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа болохоор Украины эрх баригчид, Конгрессын уриалгыг тун нааштай хүлээн авдаг ч гэсэн энэ асуудалд тун болгоомжтой хандаж байгаа бололтой.
Блинкенийхээр бол тэртэй тэргүй Оросын эсрэг АНУ болоод холбоотнуудын хориг үйлчилж байхад ийм алхам хийх нь утгагүй “оросыг терроризмыг санхүүжүүлэгч орон хэмээн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үр дагавар нь хүнд тус болзошгүй” гэнэ. Оросыг “терроризмыг ивээн тэтгэгч улс”, “цөмийн хувилбарт” орон хэмээн зарлах нь Байдены засаг захиргаанаас Москватай дипломат харилцаагаа таслахад хүргэж болзошгүй гэж Төрийн департамент үзсээр ирсэнийг Блинкен хадгалах нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой.
Латвийн байр суурь
Латвийн парламент Оросыг “терроризмын ивээн тэтгэгч улс” гээд түүний Украинд явуулж байгаа үйлдэл нь “терроризм” хэмээн наймдугаар сарын 11-нд албан ёсоор зарласан юм. Эндээ Москва нь олон жилийн туршид “террорист дэглэм”-ийг шууд дэмжиж ирсэн, үүний тод жишээ нь Сирид Башар Асадыг засгийн газрыг дэмжиж байгаа явдал гэж онцлон мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова үүний хариуд ийм шийдвэр санаачлагчдыг неонацизмыг дэмжиж “адгуусны төрхөөр” хандаж байна гэж буруутгасан байна. Мөн Латвийн парламентын энэ шийдвэр нь олон улсын эрхзүйг зөрчиж байна гээд өдөөн хатгалгаа зогсоох ёстой гэсэн байна. Эндээ аль ч улс орон юун түрүүнээ өөрийн улс орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах ёстой, танай парламент өдөөн хатгалгаа зогсоох ёстой гэжээ.
ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Сергей Цеков харин Латвийн энэ үйлдлийн хариуд эдийн засгийн шинжтэй хариу барих нь зүйтэй гэсэн байна. Энэ нь Оросын нутгаар дамжин өнгөрөх ачааг нь хориглох тухай асуудал байж болох юм гэжээ.
Олон улсын асуудлаарх хорооны гишүүн Мария Бутина болохоор Латви нь Европын холбоонд нэг их нөлөө бүхий улс биш, гэхдээ Оросыг терроризмыг санхүүжүүлэгч улс орон гэснийх нь төлөө хариу барих ёстой гэсэн байна.