Дэлхий дахинд
Путин Ким Чен Унд баярын цахилгаан утас илгээжээ
Солонгосыг чөлөөлсний 77 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Унд баярын цахилгаан утас илгээлээ гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээллээ.
Баярын илгээлтдээ Владимир Путин хүнд хэцүү цаг үед ч хоёр орон найрамдал хамтын ажиллагааны сайхан уламжлалтай байж ирснийг сануулаад энэ нь ОХУ болон БНАСАУ-ын сайн хөршийн харилцааны хөгжилд найдвартай тулгуур болж ирсэн юм гэсэн байна. Цахилгаан утсаар Путин БНАСАУ-ын нийт ард иргэд, удирдагч Ким Чен Унд эрүүл энх, хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөжээ.
Оросын ерөнхийлөгч бас хоёр орны харилцааг бүх талаар бүтээлчээр хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд энэ нь хоёр орны ард түмнүүдийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй Солонгосын хойг, Азийн бүс нутгийн аюулгүй байдал тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-тай цэргийн мөргөлдөөн хийхэд тус улс бэлэн байгаагаа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өнгөрөгч долдугаар сарын 28-нд мэдэгдсэн. Солонгосын дайн дууссаны 69 жилийн ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ Ким Чен Ун мөн БНАСАУ-д халдан довтолсон тохиолдолд Өмнөд Солонгосын армийг “бут цохино” гэж анхааруулсан юм.