Энтертайнмент
Брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталжээ
“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь брейкинг юм.
Тэгвэл Олон Улсын Олимпын Хорооноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталлаа.
Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпт оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодорно.
Парисын олимпт эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөнө. Эднээс 20 нь 2024 оны 3-6-р сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авах учиртай.
Тухайлбал, Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн тамирчин олимпын эрхээ шууд авна. Үүн дээр 2023 оны ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг бүжигчин нэмэгдсэнээр 32 тамирчин бүрдэх юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.