Дэлхий дахинд
Шри-Ланк улс жуулчдад урт хугацааны виз олгоно
Шри-Ланкийн Аялал жуулчлалын яам улсдаа ирэх жуулчдад аль болох урт хугацааны виз олгож байхаар шийвэрлэсэн байна. Энэ нь цар тахлын улмаас хүнд байдалд ороод байгаа эдийн засгаа сэргээхэд тус болно гэж тэд үзэж байгаа юм байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр бол урт хугацааны ийм визийг өнөөдөр мөрдөгдөж байгаа 30 хоног дээр нь 180 хүртэл хоногоор нэмэх гэнэ. Мөн нэг удаагийн виз авсан жуулчин тус улсад 270 хүртэл хоног үлдэж болох бол олон удаагийн виз авагч нь бүтэн жилээр арлын улсад байж болох юм байна.
Шри-Ланк улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш эдийн засгийн хамгийн хүнд хямралд ороод байгаа юм. Коронавирусын цар тахал тус улсын аялал жуулчлалын салбар хүнд цохилтод орсон бол өнөөдөр тус улс хүнсний бүтээгдхүүн, хүн амын нэн шаардлагатай эд зүйл, эм, байгалийн хий, бензин шатахууны гачигдалд ороод байна.